Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажилтай өчигдөр (2020.10.20) танилцсан. Уулзалтын эхэнд тэрбээр “Монгол Улс уул уурхайн олборлолтоос боловсруулалтын үе рүү, нийгмийн халамжаас хөдөлмөрийн үе рүү шилжих зарчим баримтална. Арьс шир, ган, зэс, газрын тос, нүүрс боловсруулах үйлдвэр байгуулж, ажлын байр бий болгон, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн боловсруулж, олон тулгуурт эдийн засгийн өсөлт бий болгоно” гэж онцолсон юм.
Энэ үеэр УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал геологи, уул уурхай, газрын тосны салбарын өнөөгийн байдал, Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт тусгасан ажил болон урт хугацааны төлөвлөгөөг танилцуулав.
Монгол Улс өнөөдрийн байдлаар 21,2 сая тонн нүүрс экспортод гаргаж, 1,6 тэрбум ам.долларын орлого олжээ. Үүний дөнгөж 13,7 хувь нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн. Иймд салбарын яам нүүрсээ түүхийгээр нь экспортлохоос илүү боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хийхийн тулд үйлдвэр барьж, 2024 онд нийт 50 сая тонн нүүрс экспортолж, баяжуулсан бүтээгдэхүүнийг 30 хувьд хүргэхийг зорьж буй юм байна. Ингэснээр 4,5 тэрбум ам.доллар олох боломжтой аж.
Холбоотой мэдээ