"Манайд гадаадын үзэсгэлэн гаргах зориулалтын байр байхгүй"

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

"Манайд гадаадын үзэсгэлэн гаргах зориулалтын байр байхгүй"

"Манайд гадаадын үзэсгэлэн гаргах зориулалтын байр байхгүй"

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Тус хуулийн төсөлд соёлын үнэт зүйлийн загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбоотойгоор мерчандайзын гэрээний зохицуулалтыг тусгаж өгсөн байна. Соёлын агентын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, соёлын үйл ажиллагаан дахь хязгаарлалт, соёлын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт, хариуцлагын асуудлыг тус тус тусгажээ.

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар иргэдийн соёл, урлагийн боловсрол дээшлэх, үндэсний соёл уламжлалаа дээдлэх, хөгжүүлэх дархлаа бий болж, соёлын үйл ажиллагаан дахь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо нэмэгдэнэ.

Соёлын үйлчилгээ, хүртээмж сайжирч, уран бүтээл хийх сэдэл бий болгох, соёл, урлагийн үйл ажиллагааны санхүүжилт нэмэгдэх, үндэсний соёлыг хадгалах, хамгаалах, судлах, соёлын олон улсын хамтын ажиллагааг дэмжих, соёл урлагийн салбар дахь мэргэжлийн болон шинжлэх ухааны судалгааг нэвтрүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх нөхцөл бүрдэх юм байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ:

-Ач холбогдол чухал хууль гэж харж байгаа. Уг хуулийг дагаад мөн Соёлын өвийн тухай хууль өөрчлөгдөх ёстой. Соёлын өвийн тухай хуулинд ямар өөрчлөлт оруулах вэ. Соёл урлагийн байгууллагуудын хүний нөөцийг дэмжих чиглэлд төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Энэ талын асуудал хуулийн төсөлд орж ирсэнгүй. Гадаад гаргачихсан соёлын өвүүдээ буцааж авах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ, энэ чиглэлд заалт тусгагдсан уу?

СОЁЛЫН САЙД С.ЧУЛУУН:

-Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулсны дараа Соёлын өвийн тухай хуульд өөрчлөлт оруулна. Соёлын тухай хуульд соёлын өвийн асуудлыг нарийвчлан тусгаагүй ч Соёлын өвийн тухай хуульдаа сайтар тусгагдсан. Гадаадад гаргасан соёлын өвийг буцааж авах асуудал нэлээд адармаатай. Олон жишээ бий. Хууль хүчний байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Нарийвчилсан тоо баримт өгч болно.

АЖЛЫН ХЭСЭГ:

-Гадаадад гаргасан соёлын өвийг эргүүлэн авчрах, сан бүрдүүлэх чиглэлд хуулийн зохицуулалтууд 2014 онд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчлэлтээр бүрэн тусгагдсан. Соёлын эд зүйлийг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн, өмчлөх эрхийг шилжүүлсэн зэрэг асуудлыг олон улсын эрхзүйн хүрээнд зохицуулах конвенцид удахгүй нэгдэн орно. Холбогдох судалгааны ажлыг хийж байна. Ингэснээр хувь хүний болон төрийн, улсын соёлын өвийг буцааж авах олон улсын эрхзүйн орчин бүрдэнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАН:

-Хуулийн төсөлд редакцийн алдаа их байна. Зохицуулалтын шинжтэй харагдаж байна. Хуульд цахим орчны талаар тусгаагүй байна. Өнөөдөр цахим орчинд сайн, муу соёл хамгийн их түгж байгаа. Энэ талаар зайлшгүй тусгах шаардлагатай. Мөн иргэн, аж ахуйн нэгжийн эрх үүргийг тусгаагүй байна. Соёлын талаарх үйл ажиллагааг дан төрийн байгууллага хариуцах нь учир дутагдалтай учир төрийн бус, мэргэжлийн байгууллагуудад зарим үүргийг хуваарилж өгөх нь зөв гэж харж байна. Нийгмээрээ ёс зүйн доройтолд орсон, салбар бүрт ёс зүй тулгамдсан асуудал болоод байгаа учраас энэ тал дээр анхаарч хуульдаа тусгах хэрэгтэй. Монгол дотортой, монгол иргэнийг төлөвшүүлж чадахгүй байгаа. Хүний хөгжлийн цогц бодлоготой болно гээд "Алсын хараа-2050" хөтөлбөрт тусгасан. Энэ асуудалд Соёлын яам анхааараарай гэж хүсч байна.

СОЁЛЫН САЙД С.ЧУЛУУН:

-Соёлын хуулийн шинэчилсэн найруулга 24 жилийн дараа цогцоороо хийгдэж байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, уран бүтээлд хийх зохицуулалтын талаар төслийн 23-р зүйлд орсон.

Үүгээр байнгын хорооны хуралдааны гишүүдийн олонх тус  хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Үргэлжлүүлэн Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөл батлагдсанаар өмчийн олон хэлбэрийн музей байгуулагдаж, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс болон соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сурталчлах үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, музейн нийгэм, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдэх юм байна. Мөн соёлын өвийг хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхтэй холбоотой Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.

Манай улсад 1924 онд орчин цагийн музей байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн бүртгэлтэй, төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей ажилладаг байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН: 

-Тусгай зөвшөөрлийг яагаад найман жилээр олгож байгаа юм бол? Энэ нь хүнд суртал, авлигатай холбоотой асуудал гаргахгүй юу? Гадаадын алдартай музейнүүд гишүүнчлэлээр маш их хэмжээний санхүүжилт босгодог. Хуулийн төсөлд зөвхөн үйлчилгээний хураамж гэж тусгасан байна. Арай өөр байдлаар санхүүжилт босгох арга зам тусгаж өгөх нь зөв. Тусгай үзмэрүүдийг гадаадад түр гаргаж, үзэсгэлэнд оролцуулах талаар төсөлд тусгаагүй байна. Ингэснээр музейн үзмэрүүдээ сурталчлах боломж бүрдэнэ.

СОЁЛЫН САЙД С.ЧУЛУУН:

-Хяналт шалгалт хийх шаардлагатай тул найман жилийн хугацаа зааж өгсөн. Соёлын өвийн тухай хуульд үзмэрүүдийг үзэсгэлэнд гаргах талаар тодорхой заасан байдаг. Гэхдээ гадаадын үзэсгэлэнд орно гэхээр манай хууль тогтоомжид асуудал бий. БНСУ-д манайх үзмэрээ гаргаад, тэр жилээ жуулчдын тоо өссөн байдаг. Харин манайд гаднын үзмэрийн үзэсгэлэн гаргана гэхээр зориулалтын байр байхгүй нь асуудал болдог. Чингис хааны музей ашиглалтад орсноор энэ асуудал шийдэгдэнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ:

-Одоогийн нөхцөлд хэрхэн үнийг тогтоож байгаа вэ? Музейг төрөлжүүлэх тал дээр салбар яам ямар бодлого, бодолтой байна вэ?

СОЁЛЫН САЙД С.ЧУЛУУН:

-Төлбөрийг музейн чадамж, хүрэлцээнээс хамаарч тогтоодог. Музейн чиглэлийн, тэр дундаа музейн барилгын засал чимэглэлийн мэргэжилтэн байхгүй, манайд бэлтгэх боломжгүй байна. Музейг төрөлжүүлэх асуудал манайд хараахан болоогүй байна гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж