АНУ-ын сөнөөгч онгоцууд энэ долоо хоногт Аляскын олон улсын эзэмшлийн агаарт ОХУ-ын бөмбөгдөгч тэргүүтэй цэргийн дөрвөн онгоцыг саатуулсан талаар Умард Америкийн нисэх хүчний командлалаас мэдээлжээ. Оросын онгоцууд Аляскын эргээс дотогш 56 км нэвтэрсэн хэдий ч АНУ болон Канадын эзэмшилд ойртоогүй аж.
Америкийн талаас F-22 сөнөөгч онгоцууд хөөрч, Оросын хоёр СУ-35 сөнөөгчөөр хамгаалуулсан хоёр бөмбөгдөгч болон сэрэмжлүүлэх зорилготой нэг онгоцыг саатуулсан аж. Харин АНУ-ын сөнөөгчдийг түлшний онгоц дагалдан явжээ.
Генерал Глен ВанХерк “Умард Америкийн нисэх хүчин Канад болон АНУ-д тулгарч болзошгүй аюул заналхийлэлд хариу үйлдэл үзүүлэхийн тулд амралтгүй ажилласаар байх болно. Ийнхүү шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд бид болзошгүй аюулыг эрт тогтоож, яаралтай таслан зогсоож чадаж байгаа нь энэ юм” хэмээн ярьжээ.
ОХУ-ын армийн онгоцууд сүүлийн саруудад Аляскын ойролцоо хэд хэдэн удаа үзэгдсэн билээ. Жишээлбэл, есдүгээр сард мөн хоёр сөнөөгч, хоёр бөмбөгдөгч онгоц Аляскын эргээс дотогш 93 км нэвтэрсэн. Мөн наймдугаар сард АНУ-ын F-22 сөнөөгч онгоцууд ОХУ-ын тэнгисийн эргүүлийн хоёр онгоц бүхий гурван салааг саатуулсан юм. Түүнээс гадна зургадугаар сард мөн хоёр ч удаа АНУ-ын сөнөөгч онгоцууд дээрхтэй ижил бөмбөгдөгч онгоцуудыг буцааж байсан аж.
Эх сурвалж: CBS NEWS
Холбоотой мэдээ