АНУ-ын Хууль зүйн яам болон тус улсын 11 мужийн захиргаа хамтран “Google” компанийн эсрэг шүүхэд зарга үүсгэжээ. Тус компанийг интернет хайлт болон онлайн зар сурталчилгааны зах зээлд монопол тогтоож, шударга бусаар өрсөлдсөн хэмээн буруутгаж байгаа аж. Тус улсын Засгийн газар жил гаруй хугацаанд “Google” компанийг шалгасны эцэст ийнхүү шүүхэд хандсан байна. Энэ нь сүүлийн 20 орчим жилийн хугацаанд Вашингтоны эрх баригчид технологийн томоохон компанийн эсрэг үүсгэсэн хамгийн том зарга болж байгаа юм.
Харин “Google” компанийн хувьд Засгийн газар алдаатай алхам хийлээ хэмээгээд “Бид хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй. Хүмүүст сонголт байхгүй эсвэл тэдэнд “Google”-ийг ашиглахыг хүчээр тулгаагүй” гэж мэдэгдсэн байна.
“Google” компани нь интернет хөтөч, гар утас зэрэг дээр үндсэн хайлтын систем болохын тулд бусад жижиг компаниудад жил бүр өндөр төлбөр төлдөг юм. Ингэснээр тус компани нь ийм аргаар АНУ-ын интернетийн хайлтын зах зээлийн 80 орчим хувийг дангаараа хангах болжээ.
Дээрх шийдвэрээс үүдэн “Amazon”, “Facebook”, “Apple” зэрэг бусад технологийн аварга компаниудыг ч шалгаж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. "Apple"-ийн хувьд "App Store" аппликэйшн дэлгүүртээ бусад хөгжүүлэгчдийн бүтээгдэхүүнд ялгавартай ханддаг гэж сэжиглэгддэг бол “Facebook” компани сүүлийн жилүүдэд "WhatsApp", "Instagram", "Giphy" зэрэг компаниудыг худалдан авч, хүчээ нэмсэн нь анхаарал татаж байна.
Харин “Amazon”-ны хувьд өөрийн брэндүүдийг түлхүү борлуулж, гуравдагч үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй шударга бус аргаар өрсөлддөг гэсэн таамаг бий. АНУ нь газрын тос, төмөр зам, банк санхүү зэрэг салбаруудад хэн нэгэн дангаар ноёрхохоос сэргийлж ирсэн 100 гаруй жилийн түүхтэй ч өдгөө технологийн аварга компаниудыг хязгаарлахад хүндрэлтэй байгаа юм.
Яг дээрхтэй ижил заргыг Европын холбоо 2016 онд “Google”-ийн эсрэг гаргаж байсан. Европын холбооны зүгээс тус компанийг:
- “Google”-ийн Андроид системийг гар утсандаа суулгах үйлдвэрлэгчдэд “Google Search”, “Chrome browser” зэргийг үйлдвэрээс нь суулгаж “Google”-ийг үндсэн хайлтын систем болгохыг тулгадаг
- “Google Search”-ийг онцгой эрхтэй хайлтын систем болгон сонгосны төлөө гар утас үйлдвэрлэгчдэд болон оператор компаниудад санхүүгийн урамшуулал үзүүлдэг хэмээн буруутгаж байсан юм.
Тухайн үед тус компани нь мэдэгдэл гаргаж “Андроидыг өрсөлдөөнийг дэмждэг, хэрэглэгчдэд өгөөжтэй систем болохыг батлан харуулж Европын Комисстой хамтран ажиллахаа мэдэгдэж байв.
Ер нь бол “Google” компани нь Андроид системтэйгээ өөрийн олон тооны аппликейшнийг багцалж гар утаснуудад суулгадаг бөгөөд энэ нь тус компанийн гол орлогыг бүрдүүлдэг. Хэрвээ шүүх “Google”-ыг буруутайд тооцвол үйлчилгээгээ хэрхэн түгээх вэ гэдэг асуудалтай тулгарах ба орлогоо алдах эрсдэлд орно.
Эх сурвалж: VERGE, FT
Холбоотой мэдээ