Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам Монгол)-ын 2020 оны аравдугаар сарын “Засгийн газрын тэргүүлэх чиглэл ба гадаадын хөрөнгө оруулалтын үүрэг” сэдэвт уулзалтад Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцов.
Уулзалтад АмЧамын гишүүн байгууллагууд, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид, гадаадын Элчин сайдын яамд болон худалдааны танхимын төлөөлөл өргөнөөр оролцож Л.Оюун-Эрдэнэ сайдын дэлгэрэнгүй мэдээллийг сонсч, Монголд гадаадын хөрөнгө оруулалт татах, бизнесийн таатай орчин бүрдүүлэх асуудлаар илэн далангүй санал солилцлоо.
Уулзалтыг нээж “АмЧам Монгол”-ын ТУЗ-ийн дэд дарга Н.Мөнхнасан хэлсэн үгэндээ "Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гишүүд нь гадаад, дотоодын томоохон хөрөнгө оруулагчид байдаг бөгөөд ажлын байр бий болгож, татвар төлж, технологи нэвтрүүлж, менежментийн шинэ арга барил нэвтрүүлэх замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулдаг билээ. Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг шинээр татах, үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах талаар “АмЧам Монгол” нь Засгийн газар, холбогдох төрийн байгууллагуудтай нягт хамтран ажилладаг юм" гэж онцлон тэмдэглэв.
Мөн “АмЧам Монгол” нь Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дараах саналуудыг хүргүүлснийг товч дурдав. Үүнд:
1) Саарал жагсаалтаас гарсанд тайвшрахгүй цаашид ийм нөхцөл байдал дахин давтагдахгүйн төлөө банкны, банк бус салбарын шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэх, шинээр бий болох сорилтууд, тухайлбал цахим орчин дахь (virtual assets) хөрөнгийн урсгал, төлбөр тооцоог хянах зэрэг ажлыг шуурхай эхлүүлэх,
2) Төрийн өмчит компаниудын шинэчлэлийг хийж, компанийн сайн засаглалыг нэвтрүүлэх,
3) Төр, хувийн хэвшлийн хамтран ажиллах тогтолцоог жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж тогтмолжуулах,
4) Гурав дахь хөршийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, худалдааны гэрээ хэлэлцээр байгуулах ажлыг эхлүүлэх,
5) Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Татварын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн уялдаагүй, зөрүүтэй байдлыг цэгцлэх.
Сайд Л.Оюун-Эрдэнэ илтгэл тавьж, “Алсын Хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, цар тахлын үеийн эдийн засгийн бодлого болон гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах, татах бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Л.Оюун-Эрдэнэ сайд хэлсэн үгэндээ “Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчдын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтарсан ажлын хэсэг байгуулж тодорхой асуудлаар ажиллахад бэлэн байна“ гэж онцлов.
“АмЧам Монгол”-ын тухай www.amcham.mn
“АмЧам Монгол” нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. “АмЧам Монгол” нь гурван сая гаруй гишүүнтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны танхимын албан ёсны салбар юм. Мөн “АмЧам Монгол” нь Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
Б.БОЛД
Холбоотой мэдээ