Андре Пирло, Петр Чехийн хамтаар УЕФА Аваргуудын лиг эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

Андре Пирло, Петр Чехийн хамтаар УЕФА Аваргуудын лиг эргэн ирлээ

Андре Пирло, Петр Чехийн хамтаар УЕФА Аваргуудын лиг эргэн ирлээ

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн 2020-2021 оны улирал эхэллээ.


  • Зенит 1 – 2 Брюгге

Оросын аваргууд талбайдаа Бельгийн Брюгге клубыг хүлээн авсан ч барсангүй. Тоглолтын эхний гоолыг зочдоос Эммануэль Бонавентуре 63 дахь минутад оруулсан бол хариу гоол нь удалгүй орсон. Брюгге клубын өдгөө 25 настай америк хаалгач Этан Хорват туршлагатай Симон Миньолег сэлгээнд суулган гараанд гарсан ч өөрийн хаалгандаа гоол оруулж, Зенитэд боломж олгов. Ийнхүү тоглолт 1-1 гэсэн харьцаатай байхад 90+3 дахь минутад Чарлес Де Кетелаере гоолдож, Брюгге эхний тоглолтдоо ялалт байгуулав.

  • Динамо Киев 0 – 2 Ювентус

Роналдо коронавирусийн халдварын улмаас энэ улирлын УЕФА Аваргуудын лигийн нээлтийн тоглолтыг өнжсөн. Гэвч түүний хэрэг багт нь байсангүй, Ювентус өрсөлдөгчөө талбайд дээр нь 2-0 гэсэн харьцаатай ялж, гурван оноогоо авлаа. Сүүлийн хэдэн жил нэг л тогтвортой тоглолт үзүүлж чадахгүй Англи, Испаниар тэнүүчилсэн Алварл Мората Ювентус багтаа эргэн ирж, энэхүү тоглолтод хоёр гоол оруулав.

Тамирчны замналаа өндөрлүүлсэн Андре Пирло дасгалжуулагчийн хувиар УЕФА Аваргуудын лигтээ эргэн ирсэн.

  • РБ Лейпциг 2 – 0 Истанбул Башакшехир

Гол довтлогчоо Челси рүү зарсан Германы РБ Лейпциг талбайдаа сүүлийн үед хүчтэй түрэн гарч ирж буй Туркийн Истанбул Башакшехир багийг хүлээн авч Ангелиногийн хоёр гоолын ачаар буулган авлаа. Английн Манчестер Сити багаас РБ Лейпциг багт зээлээр тоглож буй Испани зүүн жигүүрийн хамгаалагч Ангелино гялалзсаар байна.

  • Ренн 1 – 1 Краснодар

Энэ улиралд УЕФА Аваргуудын лигт тэсрэлт хийнэ гэгдээд буй Францын Ренн баг талбайдаа Оросын Краснодарыг хүлээн авч тэнцлээ. Эхний гоолыг талбайн эздээс Серху Гуйрасси торгуулийн цохилтоос оруулж, багтаа тэргүүллийг авчирсан бол хариу гоолыг нь төд удалгүй талбайн зочдоос Кристиан Рамирез оруулж тэнцүүлэв.

  • Челси 0 – 0 Севилья

Зуны солилцоо наймааны цонхоор их мөнгө зарцуулж, сайн тоглогчдын авчирсан Челси талбайдаа Испанийн Севилья багтай хуурай тэнцэв. Челси баг энэ улирлын УЕФА Аваргуудын лигийн бүрэлдэхүүндээ домогт хаалгач Петр Чехийг багтаасан нь сонирхол татам байлаа. Өдгөө багийнхаа техникийн албаны зөвлөхөөр ажиллаж буй 38 настай Петр Чех зодог тайлсан хэдий ч онцгой тохиолдлын нөөц бүрэлдэхүүнд багтжээ.

  • ПСЖ 1 – 2 Манчестер Юнайтед

УЕФА Аваргуудын лигийн нэгдүгээр тойргийн хамгийн сонирхолтой тоглолт Парист явагдлаа. Хэзээний торгуулийн цохилтоос гоол оруулаад сурчихсан Бруно Фернандес тоглолтын эхний гоолыг оруулж, баг нь тэргүүлж эхлэв. Гэвч удалгүй Антони Марсиал өөрийн хаалгандаа гоол оруулж, ПСЖ тооны харьцааг тэнцүүлсэн. Тоглолт 1-1 гэсэн харьцаатай удаан үргэлжилж, тоглолтын эцсийн шүгэл дуугарахаас гурван минутын өмнө буюу  87 дахь минутад англи хүү Маркус Рашфорд багтаа хожил авчирсан чухал гоол оруулав.

  • Барселона 5 – 1 Ференцварош

Мессигийн Барселона талбай дээрээ Унгарын даруухан Ференцварош багийг том багийн зангараг харуулж, 5-1 гэсэн харьцаатай хожлоо. Тоглолтын эхний гоолыг Месси торгуулийн цохилтоос оруулж, 16 улирал дараалан УЕФА Аваргуудын лигт гоол оруулсан гэх онцгой амжилтын эзэн болов. Түүнээс гадна шинэ залуу од Ансу Фати, эргэн багтаа ирээд буй Бразил шидтэн Филиппе Коутиньо, Педри, Усман Дембеле нар тус бүр нэг гоол оруулжээ. Харин талбайн зочдын нэр төрийн нэг гоолыг Игор Харатин 70 дахь минутад торгуулийн цохилтоос оруулжээ. Түүнд торгуулийн цохилт гүйцэтгэх боломжийг Жерард Пике олгож, улаан хуудас хүртэн талбайг чөлөөлсөн юм.

Мессигийн Барселона УЕФА Аваргуудын лигийн хоёрдугаар тойрогт Роналдогийн Ювентустэй тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж