УИХ-ЫН ГИШҮҮН АСАН З.НАРАНТУЯАТАЙ ЯРИЛЦЛАА.
-УИХ-ын сонгуулиас хойш та нэг хэсэг нам гүм байлаа. УИХ болон орон нутгийн сонгуулийн үр дүн, Ардчилсан намын шинэчлэлийн талаар ярилцахаар урьсан юм. Ингэхэд та одоо хаана, юу хийж байна?
-УИХ-ын сонгуулийн дараа хэсэг хугацаанд амарлаа. Одоо хувийнхаа фирм дээр ажиллаж байна. Хууль, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө өгч, судалгаа хийн, зарим нэг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Улстөрчийн хувьд өнгөрсөн дөрвөн жил дотор нь ажилласан парламентаас маань баталсан хууль тогтоомж, бодлого шийдвэрүүд ер нь ямар үр дагавар авчирч байна вэ гэдгийг эргэн харж, өмнөх Засгийн газруудын бодлого, үйл ажиллагаатай харьцуулах маягаар дүгнэлт өгөхийг хичээлээ. Эдийн засгийн бодлогын үр дүн нэлээд хоцрогдолтойгоор илэрдэг. Тухайн үед зөв гэж бодож хийсэн зүйлс төсөөлснөөс өөр үр дагавар авчрах, эсвэл хүссэн цагт биш ч ихээхэн хожуу илэрдэг. Сонирхолтой санагдсан тул судалгаагаа нэлээд өргөжүүлж, Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн гол гол өөрчлөлтийг Засгийн газруудын бүрэн эрхийн хугацаа дөрөв дөрвөн жилийн интервалтайгаар харьцуулах замаар өнгөрсөн 30 жилийн хугацааны алдаа оноог үнэлэх чиглэлээр судлаачидтай хамтран ажиллаж байна.
-Өнгөрсөн парламентад үнэмлэхүй олонхын эдийн засагт хэрэгжүүлж ирсэн бодлогын талаар та юу гэж хэлэхээр байна. Ялангуяа Засгийн газрын 2012-2016 оны хямарсан эдийн засагт тавьсан онош, эмчилгээ “бай”-гаа онож чадаж уу?
-Хоёр сонгуулийн үр дүнгээр Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийг авч явах үүргийг ард иргэд МАН-д өгсөн. Эхний хугацаа буюу өнгөрсөн дөрвөн жилд эрх барьж буй МАН Монгол Улсын хөгжилд томоохон ахиц гаргах улс төр, эдийн засгийн гадаад, дотоод хамгийн таатай орчинд үйл ажиллагаагаа явуулж, бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. 2016 оны сүүлийн хагас, 2020 оны хоёрдугаар сараас хойших хугацааг эс тооцвол. Гэвч товчхондоо гадаад худалдаанаас олсон орлогоо (экспортын) нийгэм хамгаалалд л үрээд дуусгалаа даа. Үнэхээр зүүний чиглэлийн үзэл баримтлалтай нам гэдгээ харууллаа. 73 төрлийн халамжид 1.8 их наяд төгрөг, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, даатгал гээд дөрвөн жил дараалан төсвөө алдагдалтай баталж, алдагдлаа өр зээлээр санхүүжүүлж, амь тээж явна.
Ялангуяа 2019, 2020 оны төсвийг УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үр дүнг өөрийн намын ялалтад ашигтайгаар эргүүлэх улс төрийн “авлига” болгоход чиглүүлсэнд мэргэжлийн хүний хувьд үнэхээр харамсч байна.
Монголчуудаа сэтгэдэг, бүтээдэг биш халамжлуулдаг, эрхлүүлдэг бодлого нэвт хэрэгжсэн байна. Энэ бол буруу бодлогын сөрөг үр дагавар учраас үүнийгээ одоо ирэх дөрвөн жилдээ засаасай, энэ улс орны чинь ирээдүй бүрхэг болж байна шүү л гэж хэлмээр байна.
Хэдэн тоо нэмэхэд, 2020 оны төсөв угаасаа хоёр их наяд 74 тэрбум төгрөгийн алдагдалтай батлагдсан байсан. Цар тахлын нөлөөллөөс сэргийлэх, үүнээс улбаатай төсвийн орлогын тасалдал бий болсон үндэслэлээр зарлагын хэмжээг 2.8 их наядаар нэмэгдүүлж, нийт алдагдлын хэмжээг -4.8 их наяд хүргэж тодотгосон нь УИХ-ын сонгуулийн авлигаа шингээсэн л явдал байсан. Үүний 70 хувийг гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа. Энгийн үгээр хэлэхэд, өөрт ямар ч мөнгөгүй атлаа хүнээс зээлээд сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчтэй агаар нэг юм.
Ковид-19-ийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ санхүүжилтээ зөвхөн нийгмийн хамгааллыг бодлогоор дамжуулж байгаагаа одоо өөрчлөх шаардлагатай. Санхүүгийн салбартаа зохицуулалтын дэмжлэгээс гадна хямд эх үүсвэрийн дэмжлэг үзүүлэх цаг болсон. Нийт эх үүсвэрийнх нь 60 гаруй хувийг эх үүсвэрийн өртөг эзэлж байхад, тэр тусмаа аж ахуйн нэгжүүдийн төлбөрийн чадвар бизнесийн орчин эрсдэлтэй ийм цагт банкууд зээл олголтоо хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болж байна. Цаашдаа улам бүр хумигдах дүр зураг ажиглагдаад эхэлсэн. Тиймээс банк, санхүүгийн байгууллагуудаа дэмжиж, энэ зах зээлээрээ дамжуулж, аж ахуйн нэгжүүд, хувийнхныгаа авч үлдэх нь ухаалаг бодлого болно.
Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг харсан мэргэжлийн ямар ч хүний нүдэнд энэ бол ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв гэдэг нь тод харагдаж байна.
2.1 их наяд төгрөгийн алдагдалтай батлах гэж байна. Орлогоосоо давсан энэ хэмжээний өрийг дотоод, гадаадаас авна гэсэн үг. Өмнө авсан хүлээгдэж байгаа өр төлбөрөө багасгахын оронд нэмж тавьсаар, дэлхийд өрөөрөө нэгд орж байна даа. Хүмүүсийг хөдөлмөрлөх, орлого олохын төлөө мэрийж, зүтгэдэг болгоход сэдэлжүүлдэг жижиг дунд үйлдвэрлэл, орон сууцтай болгох зэрэг хөтөлбөрүүдэд нэг ч төгрөгийн санхүүжилтийн нэмэлт дэмжлэгийг 2021 онд төрөөс өгөхгүйгээр төлөвлөсөн байна. Эрх барьж байгаа улс төрийн хүчнүүд сүүлчийн санхүүгийн жилдээ л гэнэт ард иргэддээ хайртай болж, цалин тэтгэвэр нэмээд, нийгмийн халамжийн төрөл бүрийн хэлбэрийн хөтөлбөрүүдийг идэвхтэй санхүүжүүлээд эхлэв гэдгийг л хүн бүр ойлгож, үүнийг эсэргүүцдэг дархлаатай нийгэм бий болгохгүйгээр сонгуулийн мөчлөг дагасан улс төрийн, авлигын дарамтаас Монголын эдийн засаг, төсөв, хөгжлийн бодлогууд нэг хэсэгтээ ангижрахгүйгээр л харагдаж байна.
Бодлогын үр дүнгийн циклийн хувьд өнгөрсөн дөрвөн жилд уул уурхайн салбарт бодлогын дэмжлэг байсангүй, 4%-ийн бууралттай байна. 2012-2016 оны бодлогын үр дүн хөдөө аж ахуй, санхүү, тээвэр, агуулахын салбар нэлээд өсөлт гарч байсан. Харамсалтай нь, цар тахлын улмаас тээвэр, аялал жуулчлал, үйлчилгээний салбарынхан маань хүндхэн байдалд байна.
ОЮУТОЛГОЙ ШИГ ХОЁР ОРД БИЙ БОЛГОХГҮЙ БОЛ ТӨСӨВ САНХҮҮГИЙН УЖГИРСАН ХҮНДРЭЛЭЭС ГАРАХАД ХЭЦҮҮ
-Хөөсөрсөн төсөв батлах нь тодорхой. Эдийн засгийн дийлэнх салбарын орлого уналттай явж байгаа, нэлээд нь алдагдалтай болж байгаа энэ үед 2021 оны төсвийн орлогыг өсгөж биш бууруулж төлөвлөх нь эдийн засгийн аюулгүй байдалд нийцэх байх. Гэтэл нөгөө л өөдрөг төсөв хэвээр орж ирлээ?
-Орлогоо бодит байдалд нийцүүлж төсөөлж, төлөвлөх нь чухал. Цар тахлын нөхцөл байдал хир үргэлжлэхээс шалтгаалж төлөвлөсөн орлого саатах эрсдэл өндөр байгаа учраас зардалдаа туйлын хянамгай хандаж байж хохирол багатай гарна. УИХ төсөв батлахаасаа өмнө нийт зардлыг зайлшгүй хэрэгцээтэй эсэхийг эргэн харж, 2 их наядын алдагдлаа багасгах байх гэж найдаж байна. Хэрвээ энэ хэвээр нь баталбал Засгийн газрын гадаад өр л гэхэд 8.0 тэрбум ам.доллар давахаар болж байна. Дотоод өрийн өртөг ч ачаа болж нэмэгдэнэ. Ойрын үед Оюутолгой шиг хоёр орд бий болгохгүй бол төсөв санхүүгийн ужигарсан хүндрэлээс гарахад их хэцүү.
–Ер нь улсын төсөв энэ хэвээр явбал бидний гадаад дахь нэр хүндэд хэр нөлөөлөх вэ? Сангийн сайд төсвийн зарлага буурвал ажилгүйдэл өснө, эдийн засаг борц болно гэж хэлээд байгаа. Таны хувьд юу гэж бодож байна вэ?
-Ямар нэгэн зүйлд баланс хэрэгтэй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт “намын даалгавар” хэтэрхий их дарамт учруулж байгаагаас зарим тохиолдолд худлаа ярихад хүргэж байх шиг байна. Тийм онол бий ч хэрэв Сангийн сайд цэвэр мэргэжлийнхээ нүдээр ажлаа хийх тохиолдолд зардлыг хэзээ ч ийм хэмжээнд хүргэж батална гэж хэлэхгүй. Ажилгүйдлийг бууруулах, бодит салбараа тэлэх бодлогоо л явуулна. Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 12.5 хувьтай тэнцэж байгаа нь ийм боломжийг хааж байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэх хүн.
-2021 оны төсөв 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар Засгийн газар оруулж ирсэн. Энэ алдагдлыг нөхөхийн тулд Японы Засгийн газраас ойролцоогоор 233 сая ам.долларын зээл авна. Ер нь төсвийн дэмжлэг болгож гаднаас зээл авах нь хэр зохистой вэ?
-Тийм ээ. Алдагдлын 30 орчим хувийг гадаад зээлээр санхүүжүүлнэ гэж төсөвлөсөн байсан.
-Дахиад 42 сая тонн нүүрс экспортлохоор төсвийн төсөлд тусгасан. Үүндээ хүрч чадахгүй гэсэн болгоомжлол байгаа л даа. Та ямар төсөөлөлтэй байна вэ?
-Энэ оны хагас жилийн гүйцэтгэлээр дөнгөж 8 сая тонн нүүрс гаргасан. Долдугаар сараас эхлэн хоёр орны хилийн боомтод “Ногоон гарц” хөтөлбөр хэрэгжүүлж, экспортын хэмжээг нэмэгдүүлж байгаа ч оны эцэс гэхэд 42 сая тонн нүүрс гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй.
-Инфляци 2.8 хувь байхад 6 хувьд хүргэнэ гэж Монголбанк зорилт тавьсан нь эргээд эдийн засагтаа хор хохиролтой, төгрөгийн ханшийг долларын эсрэг сулруулна гэж зарим эдийн засагч үзэж байна. Инфляцийг зургаан хувьд хүргэх зорилт тавьсан нь хэр бодит төсөөлөл вэ?
-Инфляцийг 4-8 хувийн хооронд хэлбэлзэнэ гэж төсөөлж байна. Төсвийн хэрэглээний тэлэлт өндөр, цар тахлын эрсдэл хэвээр байгаа энэ үед Монголбанк инфляцийн зорилтыг үүнээс доогуур төсөөлөх боломж хомс.
-Сонгуулийг мажоритар системээр явуулах нь АН болоод гуравдагчдад ашиггүй, нөгөөтэйгүүр төсвийг тал талаас нь зулгаадаг гэж үздэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Санал нэг. Пропорционал давамгайлсан холимог тогтолцоо хамгийн тохиромжтой гэж миний хувьд үздэг. 330 сум, 21 аймаг, аймаг руу төсвийн мөнгийг хэсэгчлэн жижиглэдэг нь сонгуулийн можаратор тогтолцоотой шууд холбоотой. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортод гаргах ганц суваг нээх Дарханы арьс ширний цогцолборыг ашиглалтад оруулчих хэмжээний мөнгийг дөрвөн жилийн хугацаанд хувийн бизнесийнхнээсээ харамласан атлаа нэг жилийн дотор тойргуудаараа цацчихдаг тогтолцоо.
-Хоёулаа ярианы сэдвээ өөрчилж, танай намын талаар ярилцъя. Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд чамгүй өөрчлөлт шинэчлэлтийг нам дотроо өрнүүлсэн ч харамсалтай нь гурван сонгуульд дараалан ялагдлаа. Сонгуулийн ялагдлын алдаа, оноог та хэрхэн дүгнэж байна вэ?
-Олон хүчин зүйл нөлөөлсөн. Ярилцлагынхаа эхэнд хэлсэн эрх баригч намын хэрэгжүүлж буй халамж, нийгмийн хамгааллын бодлогууд сонгуулиар тэдэнд оноо болж очсон нь үнэн. Ахмадууд, хүүхдүүд, оюутнууд, эхчүүд, эмэгтэйчүүд, малчид, төрийн албан хаагчид гээд сонгогч бүрт тухайн хүний өдөр тутмын амьдралд нь хэрэгцээтэй жижиг гэхгүй мөнгөн дэмжлэг өгсөн байна. Хүүхдийн мөнгийг л гэхэд яг сонгуулийн өмнөх өдрүүдэд олгож байх жишээтэй. Сонгуулийн санал хураалт дөхсөн эцсийн мөчид ямар ч хөгжлийн бодлого, зөв шийдэл үндсэндээ сонгогчдод сонин биш болдог сэтгэл зүйд тохируулсан менежмент тодорхой хэмжээнд нөлөөллөө. Гэхдээ ялагдсан намын хувьд өөрсдөөсөө алдаагаа эхэлж хайх хэрэгтэй л дээ. Ялагдлын хамгийн том шалтгааныг намынхаа дотоод асуудалтай холбож тайлбарлана. 2016 оны УИХ-ын сонгуулийн ялагдлын дараа Ардчилсан нам доод шатнаасаа эхлээд гишүүдээ сонсдог, гишүүдийн оролцоо нээлттэй, бодлогын төвтэй нам болно гээд нийт таван зорилт дэвшүүлэн шинэчлэлээ эхлүүлсэн.
Гэвч шинэчлэлээ эхлүүлсэн шигээ эрч хүчтэйгээр дуусгаж чадсангүй. Энэ хүрээнд үзэл баримтлал, үнэт зүйлсээ тодорхой болгож, дүрэм журмаа шинэчилсэн ч хамгийн чухал хамтын удирдлагын зарчмаа баримталж, институц болж чадаагүй маань нөлөөллөө гэж бодож байна. Энэ бол миний л бодол. Намын гишүүн бүр өөр өөрийнхөө өнцгөөс үнэлгээ дүгнэлт өгч байна.
-Орон нутгийн сонгуульд АН хэд хэдэн аймагт ялалт байгуулсан ч нийслэлд үнэмлэхүй ялагдлаа. АН-ын нэр хүнд нийслэлд яагаад тийм муу байв аа?
-Ардчилсан намыг сэргэж, нийгмээ өөрчлөөсэй гэсэн хүсэл иргэдийн дунд байгаа нь орон нутгийн сонгуулийн үр дүнгээс харагдлаа. Ард түмний сэтгэлд ардчиллын очийг унтрааж болохгүй шүү гэсэн бодол гүнзгий суусан байдаг юм байна. Тиймээс бид намынхаа шинэчлэлийг үргэлжлүүлж, олон нийтийн итгэлийг буцааж авах их ажлыг далайцтай хийхээс намын шинэчлэл эхлэх ёстой гэсэн бодолтой явна. Зөвхөн дүрэм журам, үзэл баримтлалаа шинэчлээд, нэг лидер тавьснаар шинэчлэл төгс төгөлдөр болохгүй. Суурь институцийнх нь хувьд сэргээнэ гэдэг тийм ч амархан хийчих ажил бас биш. Удирдах, удирдуулах зарчим, сахилга хариуцлага, дэг журам, ёс суртахуун, ёс зүй, үнэт зүйл, хэм хэмжээн дээрээ нэгдсэн цул цөм болж байж шинэчлэл цогц болох байх. Нийгмийн асуудлын бухимдал бүрийг шударгаар, зөв, хуулийн доор тэгш боломжтойгоор шийдэж чаддаг нам гэсэн имиж бүрдүүлсэн тэр цагт л иргэд ардчиллыг анх яаж уухайлан дэмжиж байсан шигээ биднийг дэмжинэ гэдгийг ойлгоцгоож, дотоод хандлага, соёлоо өөрчлөхөөс эхлэх нь зөв гэсэн бодол тээж явна.
НАДАД ДАРГА БОЛОХ АМБИЦ АЛГА
-Олон нийтийн хувьд АН-аас лидер хайж байна. Магадгүй орон нутгийн сонгуульд лидертэй оролцсон бол үр дүн өөр байсныг ч үгүйсгэхгүй?
-Лидер мэдээж тод гялалзаж байж, ялалтыг авчрахад ихээхэн нөлөөлнө. Төрчихсөн лидер гэж байдаггүй. Манлайлагчаа зөв олох нь АН-ын хувьд үнэхээр чухал асуудал. Орон нутгийн сонгуулийн хувьд удирдлагагүй орсноос амжилт муутай байлаа гэж хэлэх нь өөрөө бас өрөөсгөл дүгнэлт болно. Олон хүчин зүйлээс шалтгаалсан.
-Удахгүй АН-ын даргын сунгаа эхэлнэ. Та намын даргын сунгаанд өрсөлдөх үү?
-Надад дарга болох амбиц бол алга. Харин намаа богино хугацаанд сэргээхийн төлөө идэвхийлэн ажиллах болно.
-Тогтолцооны өөрчлөлтийг хүсч байгаа хүмүүс нь өрсөлдөхгүй болохоор “нөгөө хэд” нь өрсөлдөөд, нэг нь гараад явчих юм биш үү?
-Хамгийн гол нь зөв цагт зөв хүн нь л удирдах нь чухал. Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ үед дахин алдаа гаргавал эргэж босоход хүнд байх болно.
–Ардчилсан нам сонгогчдын итгэлийг авч чадахгүй байгаагийн гол шалтгаан юунд байна вэ?
-Нийгэмд бухимдал үүсгэсэн маш олон асуудал хөндөгдөхгүй хөшигний ард хэвээрээ үлдэж байна. Үүний буруутныг ихэнх хүмүүс ардчилсан тогтолцоо буюу ардчиллынхнаас хайх үзэгдэл газар авчээ. Алдаа, оноог дэнслэх бодит судалгаа ч алга. Тиймээс зөв буруугийн ялгааг тэр бүр ялгаж харах боломжгүй нөхцөл байдал дээр зориудын тархи угаалт маш их явагдаж байна шүү дээ.
-Намын дотоод эв нэгдэлгүй байдал ялагдалд хүргэсэн гэж танай намын залуучууд хэлдэг. Та санал нийлэх үү?
-Тийм ээ, санал нийлнэ. Ялангуяа нийгэмд ардчиллын манлайлагчид гэдэг тэр дүрээрээ хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс хоорондоо муудалцах, хувийн шинж чанартай маргаанаа нийгмийн сүлжээгээр цацах нь хувь хүмүүсийн асуудлын хүрээнээс хальж, АН-ыг хямралд оруулчхаад байгааг нийтээрээ харж байна. Монголын хөгжлийн ирээдүй, намынхаа цаашдын хөгжил, дэвшлийг бодоцгоож, үг үйлдэл бүрээ хянаарай гэж хатуухан хэлмээр байна. Залуу үеийн хүсэл мөрөөдөл, боломжийг бид хаах учиргүй.
-АН-ын даргын сунгааны дараа Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүний эрэлд АН гарна. Одоогийн Ерөнхийлөгчөөс гадна АН-д Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой хүн байна уу?
-Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд ард түмнээс хамгийн өндөр дэмжлэг авах нэр дэвшигчийг намууд дэвшүүлнэ. АН-ын одоогийн дүрмээр хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг нийт гишүүдийн сунгаагаар тодорхойлдог дүрмийн заалттай. Удахгүй хуралдах намын Их хурлаар дүрэмд өөрчлөлт орохгүй бол шүү. Одоогийн Ерөнхийлөгчийг ялалтад хүргэж чадсан үндэсний хэмжээний том нам ялах өндөр магадлалтай нэр дэвшигчээ зөв дэвшүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
Холбоотой мэдээ