Тэрслүү үг: Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувийг Орост буцаая

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

Тэрслүү үг: Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувийг Орост буцаая

Тэрслүү үг: Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувийг Орост буцаая

“Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дуусахтай зэрэгцээд Ерөнхий сайд шинэ ажлын хэсэг байгуулж, Шадар сайд Я.Содбаатар ахлахаар болжээ. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах зургаа дахь ажлын хэсэг агаад өмнө нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бас нэг ажлын хэсгийг ахалж байсан юм.

Засгийн газрын шийдвэрийн дагуу тус үйлдвэрт 2019 оны гуравдугаар сараас хойш жил долоон сар онцгой дэглэм тогтоож, энэ хугацаанд Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн "Стандарт" банкинд тавьсан өрөөс 40 сая ам.долларыг “Эрдэнэт”-ээр төлүүлснээс өөрөөр онцгойлох содон, сонин үйл явдал өрнөсөнгүй.

Төрсөн хүүдээ 2.5 тэрбумын шахаа, тендер авч өгсөн Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахын төлөө “сүүлчийн ганц цамцаа урагдтал” зүтгэсний дараа “Жаст”-ын Ш.Батхүүгийн “Стандарт” банкинд тавьсан их хэмжээний өрийг “Эрдэнэт” үйлдвэрийн Нөөцийн сангаас гаргасан байдаг.

Шадар сайд асан Ө.Энхтүвшин энэ талаар өнгөрсөн 2019 оны хавар хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийхдээ дээрх 40 сая ам.долларыг Ш.Батхүүгээс буцааж авахаа илэрхийлж байв. Монголбанкны өнөөдрийн нэрлэсэн ханшаар тооцвол бараг 100 гаруй тэрбум төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэр Ш.Батхүүгийн өрөнд өгсөн гэсэн үг. Гэвч одоохондоо “Эрдэнэт”-ээр төлүүлсэн 40 сая ам.доллараас сохор цент ч Ш.Батхүү төлөөгүй байгаа юм.

Энэ хэрэгт “Жаст”-ын Ш.Батхүү, Ч.Ганзориг, Г.Алтан нарын хүмүүсийг шүүх хурал хоёр долоо хоног үргэлжилж, шүүхийн шийдвэр гарсны дараа хөрөнгийг зарж, “Эрдэнэт”-ийг хохиролгүй болгох асуудал яригдах бололтой. Ш.Батхүүг барьцаанд тавьж, “Стандарт”-аас мөнгө зээлж байх үед хоёр улсын өмч байсан “Эрдэнэт” өдгөө зуун хувь Монголын төрийн өмчит компани болсон.

“Эрдэнэт” үйлдвэрийг зуун хувь Монголын өмч болоход “Монголын зэс” компанийн оролцоо багагүй байсан нь үнэн.

Оросуудын эзэмшилд байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Ростех” компаниас худалдаж авсныхаа төлөө тэд өнөөдөр ардын засгийн дайсан, “ангийн” феодал, гэмт хэрэгтэн болчихоод байгаа билээ.

Онцгой дэглэмийн хугацаа дуусахтай зэрэгцээд хувь эзэмших асуудал хөндөгдөж болзошгүй гэх эдийн засгийн хүрээнд хүлээлт үүссэн. Гэвч “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгаж байсан, шалгах үүрэг хүлээсэн шинэ, хуучин ажлын хэсгийн дарга нарын, У.Хүрэлсүхийн танхимын сайдуудын ар араасаа цуварсан мэдээллээс уншихад “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын төр сохор зоос ч төлөхгүй “дээрэмдэх” сонирхолтой байгаа аж.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Тодорхой хэмжээний хувийг хэн нэгэнд өгөх, өөр хэлцэл хийж, УИХ-ын тогтоолоос гажвал том асуудал болж хувирах”-ыг өөрийн амаар болон Ж.Батзандангаар дамжуулан анхааруулсан нь шинэ ажлын хэсгийнхэнд өгч буй анхааруулга гэж хэлж болно. Харин Шадар сайд Я.Содбаатар “УИХ-ын 27 дугаар тогтоол гарсан. Ажлын хэсгийн хүрээнд холбогдох газартай нь уулзаж, судалгаа тооцоо хийж байна. Засгийн газар байр сууриа нэгтгэж, тухайн аж ахуйн нэгжтэй нь хэлцэл хийнэ” гэснээс харвал шинэ ажлын хэсэг ямартай ч хувийн хэвшилтэй хэлэлцээрийн ширээний ард суухыг хүсч буй аж.

Мэдээж Засгийн газар дахин Онцгой дэглэм тогтоогоод байх хуулийн боломжгүй. Нөгөөтэйгүүр Монголын төр хувийн өмчийг шууд дээрэмдэж авах нь улсын нэр хүнд, эдийн засагт ч таатай үр дүн авчрахгүй. Тэгэхээр хүссэн ч, эс хүссэн ч Я.Содбаатар “Монголын зэс” компанитай хэлэлцээр хийхээс өөр аргагүй. Адаглаад л Монголын төр дээрэмчин болж харагдахгүйн тулд шүү дээ. Хэрэвзээ хэлэлцээр хийлгүйгээр хувийн өмчийг дээрэмдвэл Монголын эдийн засгийн муу түүх болж үлдэж мэднэ.

“Монголын зэс” компани “Эрдэнэт”-ийн удирдлагыг гартаа авсан цөөн хэдэн сарын хугацаанд тус үйлдвэрийн орлого зарлага, тендер, худалдаа ил болсон. Дарга, сайдуудын үр хүүхэд, ах дүү шахаа хийдэг биш жирийн иргэний компани ч тендер оролцох эрх нь нээлттэй болж байв. Одоо хэн гэдэг дарга хэчнээн төгрөгийн урамшуулал авч буй нь нууц. “Эрдэнэт”-ийг ард түмэндээ авч өглөө гээд байдаг, үнэндээ тэнд ялсан намын дарга нарын ах, дүү хамаатан садангууд ажилд ордог, тендер авдаг батлагдаагүй хууль үйлчилдэг.

Ийнхүү “Эрдэнэт”-ийн 49 хувийг тойрсон улс төрийн том зодоон өнөөдөр ч өрнөсөөр байна. Газрын доорх баялгийг булаацалдсан эрх мэдэлтнүүдийн толхилцооны гол хохирогчид нь бизнесийнхэн, тэр тусмаа эдийн засаг болдог. Эцэст нь, “Эрдэнэт”-ийн 49 хувь оросуудад байсан бол Монголын дарга нар дээрэмдэж чадах уу. Тэгэхээр хөмөрсөн тогоон дотроо хэрэлдэж, булайгаа дэлхийгээр цацаж байхаар тэр оросуудад нь буцаагаад өгчихвөл бүр амар биш үү!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж