Хэсэг бүлэг хакерууд нийлэн томоохон компаниудаас мөнгө хулгайлж, сайн үйлст хандивлажээ. Өөрсдийгөө “The Darkside” гэж нэрлэсэн бүлэг хакерчид “Дэлхийг илүү сайхан газар болгохын тулд” гэсэн уриан дор darkweb дээр 20 мянган ам.долларыг сайн үйлсийн аянд хандивласан банкны хуулгаа ил болгосон аж. Тэд олон улсын хүүхдийн байгууллага болон усны нөөцийг нэмэгдүүлэх төсөлд биткойн ашиглаж хандив өргөжээ.
Хакерууд зөвхөн ашигтай ажилладаг томоохон компаниудыг л онилж, мөнгө олдог аж.
Тэдний бичиж үлдээснээр “Ашигтай ажиллаж байгаа томоохон компаниудаас бага зэрэг мөнгө авч сайн үйлст хандивлаж байгаа нь зөв үйлдэл гэж бид бодож байна. Та нарын юу гэж бодох нь хамаагүй ээ. Бид хэн нэгний амьдралыг өөрчилж байгаадаа баяртай байна. Өнөөдөр бид анхны хандиваа илгээлээ” хэмээжээ.
Харамсалтай нь, тэдний сайн санааны үндсэн дээр хандивласан мөнгийг олон улсын хүүхдийн байгууллага хүлээн авахгүй гэдгээ мэдэгджээ. Тус байгууллагын зүгээс “Хэрэв энэ мөнгө хакеруудтай холбоотой бол бидэнд энэ мөнгийг хүлээн авах, эсвэл зарцуулах бодол алга” гэсэн аж.
"The Darkside" бүлэг хакеруудын хувьд анх удаа мөнгө хулгайлж, үүнийгээ сайн үйлст хандивласан хакеруудын бүлгэм болсон аж.
BBC News телевизэд нэгэн кибер аюулгүй байдлын мэргэжилтэн ярихдаа “Гэмт хэрэгтнүүд сайн үйлст хандив өргөснөөр юуг өөрчилнө гэж бодож байгаа юм бол? Тэдний буруу үйлдлийг зөвтгөнө гэж бодсон юм болов уу, эсвэл Робин Гуд шиг баатар болохыг хүссэн юм уу? Юутай ч тэд үнэхээр ер бусын үйлдэл хийлээ. Би лав өмнө нь хакерууд сайн үйлст хандив өргөсөн гэж дуулаагүй” хэмээжээ. Мөн тэрбээр хууль хяналтын байгууллагууд криптовалютын гүйлгээг мөрдөж, дахин их хэмжээний мөнгийг энэ замаар зүгээр эргэлдүүлэхгүй байх тал дээр анхаараасай гэжээ. Энэ бол мөнгө угаах маш том санхүүгийн гэмт хэрэг гэдгийг тэрбээр онцолсон аж.
Ямартай ч одоог хүртэл The Darkside бүлэг хакеруудын хийсэн үйлдэл олон нийтийг хоёр талцуулаад байна. Мөн тус бүлгэмийн ашигласан The Giving Page хэмээх хандив цуглуулдаг сайтыг биткойны хэрэглээг нэмэгдүүлж байна гэж олон нийт дургүйцжээ.
Холбоотой мэдээ