Олны танил бол нөлөөлөгч гэсэн үг биш!

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

Олны танил бол нөлөөлөгч гэсэн үг биш!

Олны танил бол нөлөөлөгч гэсэн үг биш!

Сошиал медиа платформын хэрэглээ нь  маркетеруудын хувьд анзаарахгүй өнгөрч болохгүй суваг болсон. Нэг ёсондоо, шинэ төрлийн бизнес өдрөөс өдөрт цэцэглэж байгаа. Монголын хүн амын 2.2 сая нь  фээсбүүкчин бөгөөд 95,4 хувь нь гар утаснаасаа ханддаг байна. Үүнээс 205 мянга нь  төлбөртэй зар сурталчилгаа явуулдаг идэвхитэй FB page хуудас аж.  Саяхныг болтол монголчууд инфлүүсэр, энтрэпрэнэр гэж юу болохыг мэддэггүй байлаа. Харин одоо олон хүн инфлүүсэр болж, сошиал медиа платформын зах зээлээс мөнгө олж байна. Инфлүүсэр, энтрэпрэнэр гэдгийг 10 жилийн өмнө ойлгох хүн Монголд байхгүй байсан байх. Энэ нэг үгээр хэлбэл, олны танил хүмүүс. Олон дагагчтай, пост, шейрийг нь уншдаг, хүлээдэг хүмүүстэй тэдгээр инфлүүсэрийг ашиглан бизнесийн сурталчилгаагаа явуулах нь өдгөө монголчуудын хувьд хэвийн үзэгдэл болсон. Гэхдээ Монголын инфлүүсэрүүдийн үг бүхэн үнэн биш болохыг өнөөдөр “Positive Mongolians”  ба “Happy flowers”-ийн хоорондын хэрүүл харуулж байна.  Тэдний хэн нь худлаа, хэн нь үнэн яриад буйг  энд шүүх гэсэнгүй. Хэрэвзээ, үнэхээр асуудал байгаа бол түүнийг нь хуулийн дагуу шийдэх ёстой. Түүнээс олон дагагчтайгаа ашиглаж, бусдын бизнесийг гутаах, гүтгэх нь эрүүгийн гэмт хэрэг юм. Эсрэгээрээ үнэхээр айлын хүүхдийг асрагч нь гэмтээж бэртээсэн бол бас компани хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Аль, аль нь хэрүүлээр асуудлыг шийдэхгүй. Олон нийтийн сүлжээнд уйлж, "майлж"  байхаар хэн хэн нь хууль, шүүхдээ хандах хэрэгтэй.

Монголд өөрсдийгөө нөлөөлөгчид гэж боддог, олон зуун дагагчтай олны танил хос, дуучин, жүжигчид бий. Намууд ч үе, үе тэднийг ашиглан улс төр хийдэг. Бизнесийнхэн ч бараа, бүтээгдэгхүүн, үйл ажиллагааныхаа зар сурталчилгаандаа "хэрэглэх" нь бий. Гэвч, энэ шинэ зах зээл, шинэ төрлийн бизнес цэцэглэхийн хэрээр бусдын нэр төрийг гутаах, бизнест нь  халдах, шантааж дарамт үзүүлэх тохиолдол цөөнгүй гарах болжээ.

Сошиалын гол дуулиан болоод буй “Positive Mongolians”  ба “Happy flowers”-ийн зүгээс хэвлэлд өгсөн албан ёсны тайлбаруудыг эхлээд хүргэе.

Positive Mongolians” төслийг хэрэгжүүлэгч Э.Дөлгөөн: Өнөөдөр болж байгаа үйл явдал хүмүүс хоорондын хэрүүл маргаан шинжтэй харагдаж байж магадгүй. Гэвч 24 цагийн хугацаанд “Happy flowers” компанийн хүүхэд асрах үйлчилгээтэй холбоотой 45 иргэний санал гомдол ирсэн. Өөрөөр хэлбэл, 120 гаруй хүн “Happy flowers” компанийн талаар санал гомдолтой байна. Үүнээс бидний ярьж байгаа асуудал зөвхөн нэг айлынх биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид хэн нэгний нэр төрд халдахыг хүсэхгүй байна. Хүүхдэд чиглэсэн үйл ажиллагааны талаарх бодит  санал гомдлыг ярьж хүүхдүүд нэмж хохирохоос өмнө анхааруулахыг хүсч байна.  Энэ оны нэг сард манай гэр бүл “Happy flowers” компанийн хүүхэд асрах үйлчилгээг аваад, туршиж үзээд 2020 оны тавдугаар сарын 18-нд хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Энэ хугацаанд бид дөрвөн сар харзнасан. Үүнээс хойш асрагч нар солигдож, үйл ажиллагааны доголдол үүсч эхэлсэн. Гэтэл 2020 оны наймдугаар сард охин маань асрагчийн хайхрамжгүй байдлаас болоод биеийнх нь ил харагдах хэсэгт улайж түлэгдсэн хөхөрсөн байдалтай байсан. Өглөө нь зүгээр байсан учраас орой нь тухайн компанийн захиралд зураг дарж баталгаажуулаад санал гомдлоо илгээсэн. Энэ үйл явдлын дараа асрагчаа сольж өгсөн боловч үйл ажиллагааны дутагдлаа арилгаагүй. Харамсалтай нь, Дөлгөөн өөрөө хүүхдээ гэмтээсэн, биднээс 25 сая төгрөг нэхсэн, хүүхдээ үнэгүй асруулсан гэх мэт худал мэдээллийг нийгэмд тараасан. Үнэнийг хэлэхэд бид “Happy flowers” компаниас нэг ч төгрөг нэхээгүй

“Hap­py Flowers” компанийн захирал Э.Ууганцэцэг: Бид 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр 100 хувь бартер байдлаар гэрээ байгуулсан. Манайх хүүхэд асрах үйлчилгээ үзүүлж, хүүхдийг нь 100 хувь үнэ төлбөргүй харахаар болсон. Харин тэднийх “Tuvshuu Dul­guun” влог, “Big Big family” гээд бүх мэдээллийн сувгуудаараа манай компанийг сурталчлах, идэвхжүүлэх ажил хийж өгөхөөр болсон юм. Өнгөрсөн хугацаанд нэг пост, нэг подкаст, нэг “Big Big Family” нэвтрүүлэг хийж өгсөн байна. Мөн гурван влогны хооронд хальт манай реклам орсон байдаг. Манай компанийн зүгээс 15 сая 130 мянган төгрөгийн үйлчилгээг өнгөрсөн найман сарын хугацаанд үзүүлсэн. Үүнийхээ хүрээнд хэдэн контент бэлдэж өгсөн хэдий ч тэд бүх бичлэг, контентоо устгасан. Ингээд бид гэрээгээ дуусгавар болгосон. Уг нь гэрээ нэг жилийн хугацаатай байсан. Үүнээс гадна тухайн гомдол гаргасан үйлчлүүлэгчийн маань маркетингийн менежер гэх залуу ирээд 25 сая төгрөг аман байдлаар нэхэмжилсэн. Нэг пост болон подкаст нэг сая, “Big big family” хоёр сая, нэг влог зургаан сая, гурван влог 18 сая, гурван бичлэг гурван сая төгрөгөөр үнэлж, нийт 25 сая төгрөг нэхэмжилсэн.

Эндээс юу харж байна вэ гэвэл гэрээ хэлэлцээр бол бизнесийн гэрээ хэлэлцээр байх ёстой. Хоёрт, манай инфлүүсэрүүд мөнгө  өгвөл "нохойн баасыг ч эм болгож сурталчлахаас сийхгүй болсны шинж. Тиймээс олон дагагчтай, олны танил гэсэн бүхний амнаас гарч байгаа үг, бичсэн пост, тарааж, түгээс буй зар сурталчилгаа болгон нь гоё сайхан, зөв мундаг гэсэн үг бий. Үнэн, худал, зөв буруу олон янзын мэдээлэл дундаас бодит мэдээллийг олж авах нь иргэн танаас хамаарна гэсэн үг. Инфлүүсэрүүдийн үгэнд итгээд эд мөнгө, эрүүл мэндээрээ хохирч болзошгүйг эцэст нь сануулъя.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж