Нисч буй бич Тобизарү

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

Нисч буй бич Тобизарү

Нисч буй бич Тобизарү

Тобизарү өнгөрсөн Аки башёд мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд анх удаа дэвшин барилдаж, 106 жилийн түүхэнд эзэн хааны цомыг макүүчи зиндаанд өнгөрүүлсэн эхний башёдоо хүртсэн анхны бөхөөр тодрох дөхсөн юм.

Өдгөө 28 настай, Ойтэказэ дэвжээний бөх Тобизарүгийн хувьд Аки башёгийн эхнээс л дээд зиндааг өнгөлж, түрүүлэх бөхчүүдийн тоонд явж байсан ч эцсийн эцэст шинэхэн озэки Шодай Токиод анхны макүүчи зиндааны түрүүгээ хүртсэн билээ. Тобизарү түрүү бөхөөс ердөө хоёр даваа дутаж, түрүүлэх боломжоо алдсан ч тэрбээр дайчин барилдааны шагналыг хүртээд зогсохгүй ирэх башёд дээгүүр барилдана гэдгээ харуулсан.

Тобизарү Аки башёд сайн барилдсаныхаа дараа “Сүмотой амьдралаа холбосноос хойших, магадгүй хамгийн хөгжилтэй үе минь энэ байлаа. Одоо хүмүүс миний нэрийг цээжилсэн байх гэж бодож байна” хэмээжээ.

Тэрбээр 11 даваа авахдаа найман өөр төрлийн мэхээр өрсөлдөгчдөө өвдөг шороодуулсан. Сүмо сонирхогчид түүний энэхүү хөдөлгөөнтэй, олон төрлийн мэх хийдэг чадвар болон бич жилд төрснийг бодож, дэвжээн дээрхи сармагчинтай зүйрлэн “Нисч буй бич” хэмээх нэр хайрласан аж.

Дөнгөж 1.75 м өндөртэй, 131 кг жинтэй дээд зиндаанд хөнгөн жинтэй бөхчүүдийн тоонд орох Тобизарү өөрийнхөө энэхүү дутагдалтай талаа хурдан, эрэмгий дайчин барилдааныхаа ачаар нөхөж, Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд цугласан үзэгчдийг өөртөө татсан. Жүрёо зиндаанд барилддаг байхдаа хэт их хамгаалдаг, өрсөлдөгчөө мэх хийхийг хүлээдэг гэж шүүмжлүүлдэг байсан Тобизарү дээд зиндаанд дэвшихдээ өөрийнхөө барилдааны арга барилыг шинэ түвшинд гарган илүү довтолж, аль болох олон мэх хийхийг оролддог болсон аж.

Өнгөрөгч Аки башёд түрүүлэх боломжтой байсан ч 15 дахь өдрийн чухал шийдвэрлэх барилдаанд озэки Такакэйшод ялагдан түрүүлэх боломжоо алдсан Тобизарүг Японы сүмогийн холбооны дарга Хаккакү “зоригтой” хэмээн сайшааж байв.

Хэзээний л дээд зиндаанд барилдаад сурсан хүн шиг байсан Тобизарүг Ойтэказэ дэвжээний макүүчи зиндаанд барилддаг бөхчүүд болох сэкивакэ Дайейшо, комүсүби Эндо нартай бэлтгэл дээрээ шаргуу, эн тэнцүүхэн барилддаг учир сайн амжилт үзүүлсэн гэж хүмүүс дүгнэж байна. Тобизарү хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай дэвжээний бөхчүүд бүгд их том биетэй хэдий ч башёд барилддаг бүх бөхийг тийм том гэж бодоогүй” хэмээн ярьжээ.

Токио хотын Эдогава дүүрэгт төрж өссөн Тобизарү Масаяа бага сургуульд байхдаа л ахтайгаа хамт сүмогоор хичээллэж эхэлжээ. Түүний төрсөн ах нь макүүчи зиндаанд барилддаг байсан, одоогоор жүрёо зиндаанд барилдаж буй Хидэноүми юм. Тобизарү сүмогоор хичээллэхээс гадна усанд сэлж, хөлбөмбөг, бейсбол тоглодог байжээ.

Япондоо сүмогоор алдартай Нихон их сургуулийг төгссөн Тобизарү 2015 оны эхээр анхны мэргэжлийн сүмогийн барилдаанаа хийсэн аж. Түүнтэй нас чацуу Митакэүми, Хокүтофүжи зэрэг бөхчүүд хурдацтай чансаа ахиж, дээд зиндаанд барилдаж эхэлж байхад тэрбээр жүрёо зиндаанд дэвшихийн тулд хоёр жил гаруй, дээд макүүчи зиндаанд барилдахын тулд гурван жил зарцуулжээ.

Дээд зиндаанд анх удаа дэвшин барилдсан түүнийг ордонд цугласан үзэгчид халуун дотно угтан авч байв. Энэ талаар тэрбээр “Намайг жүрёо зиндаанд барилддаг байхад хэн ч мэдэхгүй, танихгүй юм шиг санагдаж байлаа. Гэтэл одоо бүх зүйл гайхамшигтай хурдан өөрчлөгджээ. Аки башёгийн 15 өдрийн барилдаан миний амьдралыг өөрчиллөө” хэмээн ярьсан байна. Тобизарү ирэх арваннэгдүгээр сарын башёд илүү сайн барилдаж, түрүүлэхийг хичээнэ гэв. Түүнийг ирэх сарын башёд маэгаширагийн 14-т эрэмбэлэгдэнэ гэж үзэж байгаа юм. Тобизарү "Банзүкэ дээр илүү өндөрт эрэмбэлэгдэнэ гэж бодохоор дараагийн башёг тэсэн ядан хүлээж байна. Өндөрт эрэмбэлэгдэх тусам л улам сайн барилдах хэрэгтэй" гэжээ.

Кюүшюү башё ирэх арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд 6000 үзэгчтэй эхлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж