Ахмадууд хөнгөлөлттэй эмээ хүндрэлгүй авахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

Ахмадууд хөнгөлөлттэй эмээ хүндрэлгүй авахыг хүсч байна

Ахмадууд хөнгөлөлттэй эмээ хүндрэлгүй авахыг хүсч байна

Өглөө ажилдаа явах замдаа эмийн сангуудад урт дараалал үүсгэн зогсох ахмадуудтай таараагүй хүн цөөхөн биз. Тэд хөнгөлөлттэй эмээ авахаар халуун, хүйтэнд урт дараалалд зогсож буй нь тэр. Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн ахмадууд урт дараалалд зогсохгүй болж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ хийсэн дурын эмийн сангаас хөнгөлөлттэй эмээ авах боломжтой болж буй. Тиймээс бид энэ удаад хөнгөлөлттэй эмээр иргэдэд үйлчлэх эмийн сангуудын бүртгэлийн ажил ямар шатанд яваа талаар сурвалжиллаа.

Өглөөний 07:00 цаг. Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны өрхийн эмнэлгийн дэргэд байрлах эмийн сангийн гадна 10 гаруй ахмад настан дугаарлан зогсч байв. Тэд эмийн сан онгойхоос өмнө ирж, дараалал авахгүй бол эмээ авч чадахгүйд хүрнэ. Тиймээс өглөө эрт явган нүцгэн эмийн сан бараадсан нь энэ.

Хажууд зогсох хоёр хөгшин “Хөнгөлөлттэй эмээ авч чадаагүй байхад хугацаа маань дуусчих вий дээ. Сарын сүүл болсон, олгоод дууссан гэвэл хаашаа очих билээ, ирэх сараас төсөвт баригдахгүй хүссэн үедээ хөнгөлөлттэй эмээ авах нь үнэн бол сайхан аа” гэхчилэн ярилцах нь сонсогдов.  Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны  ахмад настан Б.Сүрэн “Өнөөдөр өглөө гэрээсээ 06.00 цагт гараад алхсаар энд ирсэн. Ямар ч гэсэн эмийн сан онгойвол эрт эмээ авчих бололтой. Эмээ эрт авчихвал нэгдүгээр ангийн ач хүүгээ сургуулиас нь авах ажилтай” хэмээн  ярив. Түүнтэй хамт дугаарлаж зогсох өвгөн “Би ч ойрд нойр хүрэхгүй, эрт сэрээд байна. Эрт сэрсэн хүн, зүгээр хэвтэж байхаар эмээ авах хэрэгтэй. Өмнө нь оройтож гараад эмээ авч чадахгүй харьсан” гэв.

Биднийг ярилцах зуур “Хүйтэрчээ, Сүрэн чи надад оочер авсан биз дээ” гэсээр ирсэн хүнийг Ц.Оюун гэдэг. Тэрбээр өнөөдөр автобус олдохгүй хүлээсээр оройтсон учир Б.Сүрэнд оочер захижээ. Ар, араасаа дугаарлах ахмад настны тоо нэмэгдсээр 20 гаруй хүн болов.

Эмийн сангийн зөвшөөрөлтэй бүх нэгж ЭМДЕГ-тай гэрээ хийх боломжтой бөгөөд эмийн сангуудад хүчинтэй хугацаа бүхий тусгай зөвшөөрөлтэй байх, интернет холболттой, И-баримт хэвлэх кассын төхөөрөмжтэй байх зэрэг  шаардлага тавьж ажиллаж байгаа аж. Шалгуур хангасан эмийн сангууд ирэх сараас эхлэн хөнгөлөлттэй эмийг харьяалал харгалзахгүй олгоно.

Энэ ажлыг ЭМДЕГ хариуцаж буй.  Эрүүл мэндийн даатгалын сангаас 800 гаруй нэр төрлийн эмийг эмийн сангуудаар сард хоёр удаа0-80 хувь хөнгөлж, иргэдэд олгодог юм.

ЭМЭЭ БИЧҮҮЛСЭН Ч СҮҮЛИЙН ГУРВАН САР ХУГАЦААНДАА АВЧ АМЖААГҮЙ

Баянзүрх дүүргийн өндөр настан Н.БАДАМ-ОЧИР: Эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлөлттэй эм авах гээд сар болгоны эхэнд эмийн сангийн үүд сахидаг. Өвгөн бид хоёр даралтны эмээ  сүүлийн хоёр хөнгөлөлттэй үнээр авч чадаагүй. Дугаарлаад ороход дуусчихсан байдаг. Эхний гурав хоногт эмээ авахгүй бол санхүүжилт дууссан гэдэг.

Хан-Уул дүүргийн иргэн С.ТУЯАЦАЦРАХ: Даатгалаар эм хөнгөлж авах нь их асуудалтай. Нэг эмийн сан дээр очихоор яг авах гэж байсан эм нь дууссан гэнэ. Нэг бол программ ажиллахгүй, гацсан гээд заримдаа дөрвөн эмийн сангаар ороод ч эм авч чадахгүй тохиолдол гарна. Ирэх сараас бүх эмийн сан эмийн хөнгөлөлт үзүүлнэ гэснийг сонссон.  Гэхдээ санхүүжилт нь бага хэвээрээ байвал нэмэргүй. Үндсэн үнээр нь эмээ авна гэхээр бидэнд маш хүнд тусдаг. Тиймээс яаж ийж байгаад хөнгөлөлтэй үнээр эмээ авахыг хүсдэг.

ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ЭМЧЭЭС БУСАД БҮХ ЭМЧ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН ЖОР БИЧНЭ

Ахмадууд даатгалаараа хөнгөлөлттэй эм авах гэж халуунд халж, хүйтэнд хөрч дугаарлан зогсох шаардлагагүй болсныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түвшинжаргал онцлов.

Тэрбээр "Эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлөлттэй эм авах гээд сар бүрийн эхэнд иргэд дараалалд зогсдог.  Хэрэв ингэж байж авахгүй бол харьяа дүүргийн эмийн сангийнх нь санхүүжилт дууссан гэх хариу өгдөг тухай гомдол, хүсэлт манай байгууллагад тогтмол ирдэг. Тиймээс эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилт, тусламж, хүртээмжийг сайжруулах зорилгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хөнгөлөлттэй эм олгох тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ингэснээр иргэд хөнгөлөлттэй эмийн жороо бүх шатны эмнэлгийн эмчээр бичүүлж, дурын эмийн сангаас авах боломж бүрдэж байгаа юм.

2020 оны наймдугаар сарын 28-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЭМДЕГ-ын  журамд өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд хөнгөлөлттэй эмийг бүтэн сарын турш, өдөр бүр олгох боломж олгосон. Үүнтэй холбоотойгоор хөнгөлөлттэй эмийн цахим жорыг бүх шатлалын эмч нар бичихээр болсон байгаа. Тухайлбал, ХӨСҮТ, ХСҮТ, ГССҮТ, СЭМҮТ, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв болон төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, клиникийн эмнэлэг буюу хувийн хэвшлийн бүх амбулотари, эмнэлэг багтаж байна.

Мөн бүх аймаг дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүд, амаржих газрын эмч нар цахим жор бичих эрхтэй болсон. Бүх шатны эмнэлгийн эмч гэдэг дээр нэг зүйлийг тодруулан хэлэх хэрэгтэй байх. Үүнд яаралтай түргэн тусламжийн эмч нараас бусад бүх эмч багтаж байгаа юм. Учир нь, түргэн тусламжийн эмч өвчтөнд хөнгөлөлттэй эм бичиж өгөх  боломжгүй. Нэгдүгээрт программ хангамжийн асуудал, хоёрдугаарт үүнээс урган гарах жор баталгаажуулах хурууны хээний бүртгэл хийх боломжгүй явдал юм. Мөн хөдөө орон нутаг, алслагдсан дүүргүүдийн хувьд интернэтийн хурдаас шалтгаалж, программд бүртгэл хийхэд хугацаа шаардах хүндрэл үүсч болзошгүйг тооцож үзсэн.

10 мянган төгрөгийн эм байсан ч, 10 сая төгрөгийн эмийн борлуулалттай байсан ч ЭМДЕГ-аас санхүүжүүлнэ гэж ойлгож болно. Хуучин ЭМДЕГ-тай хот болон орон нутагт нийт 900 гаруй эмийн сан эмийн үнийн хөнгөлөлтөөр үйлчилдэг байсан. Одоо Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа  урьдчилсан байдлаар 2000 гаруй эмийн сан байна. Эдгээр нэгжүүд бүгд гэрээт болно гэж тооцвол эмийн сангийн тоо хоёр дахин нэмэгдэж, цахим жор бичдэг эмч нар 3-4 дахин өснө гэсэн үг. Тиймээс даатгуулагч нарт хүндрэл, чирэгдэл учрахгүй гэж тооцоолсон.

Хэрэв эрүүл мэндийн даатгал, шимтгэл төлдөг бол иргэн та хөнгөлөлттэй эмийн цахим жорыг зөвхөн өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмчээр бус дээр дурдсан бүх шатны эмнэлгийн эмч нараар эмийн хөнгөлөлтийн цахим жороо эмч болон даатгуулагч хурууны хээгээрээ баталгаажуулан авах боломжтой болж байна. Ингэснээр хөнгөлөлттэй эм авах иргэдийн урт дарааллыг эмийн сангийн үүднээс дахин харахгүй болох нь ээ. Хамгийн чухал нь энэ өөрчлөлт хурдан ажил хэрэг болж, ахмадуудад өглөө эртлэн босч, эм авахаар эмийн сангийн гадна дугаарлаж зогсох хүндрэл учруулахгүй байх юм₮  гэлээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж