МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хотын даргаа сонгоно

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хотын даргаа сонгоно

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хотын даргаа сонгоно

Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр (2020.10.21) хуралдахаар товложээ. Тус хуралдаанаар хотын даргад нэр дэвшүүлэх болон Нийслэлийн Иргэдийн хурлын дарга нарт дэвшүүлэх хүнээ сонгох юм. Улс төрийн хүрээнд төдийгүй МАН дотор дараагийн хотын дарга хэн болох, ирэх дөрвөн жил нийслэлийг хэн удирдах вэ гэдэг асуудал анхаарал татаж буй.

Мэдээж, хотын дарга болох сонирхолтой, өөрийгөө хотын даргад дэвшүүлэгчид олон бий. МАН одоо хэнийг хотын даргаар тавихаас олон зүйл хамаарна. Улсын хүн амын олонх амьдарч байгаа нийслэлийг ирэх жилүүдэд хэн удирдаж, хэрхэн авч явахаас Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө ч тодорхойлогдоно. Тиймээс хотын дарга, удирдлагад ямар хүн сонгох нь чухал болоод буй.

МАН-ын Удирдах зөвлөл хуралдахтай зэрэгцэн НИТХ-ын тэргүүлэгчид мөн өнөөдөр хуралдана. Уг хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох хуралдааны товыг батлах төлөвлөгөөтэй байна. Өөрөөр хэлбэл, энэ долоо хоногтоо НИТХ-ын дарга, хотын даргаа томилно гэж МАН тооцоолж буй.

ХОТЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧДИЙН ХУВИЛБАРУУД

Мөн Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар ч гэсэн хотын дарга болох бүрэн боломжтой. Гэхдээ УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж, хотын дарга болох сонголт хийнэ гэдэг Д.Сумъяабазарын хувьд том сонголт. Мэдээж ийм сонголт байж болно, 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган нөхөн сонгууль хийнэ гэх яриа байгаа ч эх сурвалжууд үгүйсгэж байгаа юм.

Харин МАН-ын удирдлагуудын түвшинд хамгийн магадлал өндөртэй хүн бол Нийслэлийн МАН-ын дэд дарга, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Н.Алтаншагай. Түүнийг Д.Сумъяабазарын хүн гэдэг бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болно гэх яриа ч нэр дэвшиж байх үед нь гарч байсан юм. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар дэд дарга Н.Алтаншагайг Хотын даргаар томилуулахаар Ерөнхий сайдтай зөвшилцсөн гэх мэдээлэл ч байна.

Хотын даргад зүтгүүлж буй Н.Алтаншагай гэж хэн бэ. МАН-ын хувьд, улстөрчийн хувьд шинэ хүн биш ажээ. 2004 онд МАН-д элссэн тэрбээр нийслэлийн "МАН-ын даргын туслахаас ажлын гараагаа эхэлж, намын улс төрийн ажилтан, Сонгинохайрхан дүүргийн намын хорооны дэд дарга, 23 дугаар үүрийн дарга, тус дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 2018 онд болсон МАН-ын Бага хурлын шийдвэрээр нийслэлийн МАН-ын дэд даргаар сонгогдсон. Өөрөөр хэлбэл, намын анхан, дунд, нийслэл гээд гурван ч шатанд ажилласан туршлагатай хүн гэж намынхан нь үздэг.

Намын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргавал НИТХ  болон нийслэл дэх МАН-ын олонх дэмжээд явна гэсэн үг. МАН-аас “Нийслэлийн Засаг дарга нь мөрийн хөтөлбөр, хөгжлийн гэрээг уялдуулж, Улаанбаатар хотын хөгжлийг төлөвлөж, ажиллаж чадах чадвар, боловсрол мэдлэгтэй байх ёстой. Бүх зүйл нэг хүний үйлдлээр бус багаар ажиллах чадварыг суурь болгож тавина.

Эх орноо гэсэн сэтгэлтэй, ялангуяа хотын тулгамдаж буй асуудалд гар бие оролцож байсан, ажлын дадлага туршлагатай, сэтгэлтэй, мэдлэгтэй байх үндсэн шалгуур тавина. Хууль зөрчихгүй, хуулийн хүрээнд ажиллах ёс суртахуунтай байх гэсэн үндсэн шалгуурыг тавина. Өнөөдөр хэт их улстөржихгүйгээр, Улаанбаатарт нэн тулгамдаж байгаа өвөлжилтийн бэлтгэл ажил гээд олон ажил бий учраас богино хугацаанд ажил руугаа орно” гэж онцлоод буй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж