Зүрх судасны өвчний эмчилгээний талаар Монгол, Тайванийн эмч нар онлайнаар туршлага солилцов

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

Зүрх судасны өвчний эмчилгээний талаар Монгол, Тайванийн эмч нар онлайнаар туршлага солилцов

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө “Интервенциональ зүрхний эмчилгээ” сэдэвт видео семинарт мэндчилгээ дэвшүүлж буй нь

Тайванийн Үндэсний их сургуулийн харьяа эмнэлэг (NTU Hospital) болон Монгол Улсын хоёрдугаар төв эмнэлэг хамтран 2020 оны аравдугаар сарын 14-ний өдөр “Интервенциональ зүрхний эмчилгээ” сэдвийн хүрээнд видео семинар зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн зүрх судасны мэргэшсэн эмч нар мөн оролцсон бөгөөд Тайвань,  Монголын зүрх судасны тэргүүлэх эмч нар нэг дор цуглаж, харилцан туршлага солилцсон үр өгөөжтэй семинар боллоо.

NTU Hospital-ийн зүгээс Тайванийн зүрхний эмчилгээний эрх бүхий хоёр эмч, профессор Гао Шиан Ли болон Лин Мао Шин нарыг семинарт урьж оролцуулсан бол Монголын талаас П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлгийн гурван эмчийг урьж оролцуулж, нийтдээ 10 гаруй эмч мэргэжилтэн ”Транскатетер аортын хавхлага солих мэс засал” зэрэг интервенциональ зүрхний эмчилгээний талаарх судалгаа, практик туршлагаа талууд харилцан солилцов.

Үүний өмнө Улаанбаатар дахь Тайванийн Төлөөлөгчийн газрын тусламжтайгаар Тайвань, Монголын голлох эмнэлгүүд цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай сэдвийн хүрээнд харилцан туршлага солилцон дөрвөн удаа цахим хэлэлцүүлэг зохин байгуулж байсан бол энэ удаад хоёр орны голлох эмнэлгүүд дахин хамтран видео семинар зохион байгуулав.

Семинарыг хамтран хөтөлсөн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Гадаад хамтын ажиллагаа, судалгааны хэлтсийн дарга Т.Цэндсүрэн “Манай эмнэлгийг төлөөлөн оролцож буй гурван эмчийн хоёр нь өмнө нь NTU Hospital-д сургалтанд хамрагдаж байсан. Монголд буцаж ирээд интервенциональ зүрхний эмчилгээг бодитоор нэвтрүүлж эхэлж байгаа ба өнөөдрийн семинар ашиг тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн санал бодлоо илэрхийлэв.

Мөн түүнчлэн Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө “Зүрх судасны өвчлөл нь Монголын иргэдийн нас баралтын гол шалтгаан болж байгаа ба NTU Hospital нь Монголын голлох эмнэлгүүдтэй энэ чиглэлээр харилцаж, хамтран ажилласаар ирсэн. Энэ жил цар тахлын улмаас ажилтан албан хаагч хоорондын солилцоо хэсэг тасалдаж байгаа ба цар тахлаас гадна ханиад томуу, төрөл бүрийн хавдар болон зүрх судасны өвчин зэрэг нь эрүүл мэндэд заналхийлсэн хэвээр байна. Иймд хоёр орон үргэлжлүүлэн хамтарч ажиллаж, хамтдаа эдгээр эрүүл мэндэд заналхийлсэн өвчнүүдтэй тэмцье” хэмээв.

NTU Hospital “HOPE солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд 2009 оноос албан ёсоор Монголын голлох эмнэлгүүдтэй харилцаж, хамтарч ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 100 гаруй монгол эмч, сувилагчийг сургасан бөгөөд үүнд Хоёрдугаар төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн эмч ажилтнууд мөн багтах юм. Сүүлийн жилүүдэд ойролцоогоор 60 гаруй тайвань эмч, мэргэжилтэн Монголд ирж зүрх судасны өвчний эмнэл зүйн талаар тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Видео семинарт оролцогчид

NTU Hospital, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар нмнэлгийн зүрх судасны эмч нар нэг дор цуглан, бодит жишээн дээр харилцан туршлага солилцож буй нь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж