Вьетнам-Монголын бизнес уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.08.05-нд нийтлэгдсэн

Вьетнам-Монголын бизнес уулзалт боллоо

Энэ сарын 25-29-ний өдрүүдэд, Улаанбаатар хотноо болох Монгол-Вьетнамын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисын ээлжит 14 дүгээр хуралдаантай холбогдуулан Ханой хот дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Вьетнамын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөдөө аж ахуй, орон нутгийн хөгжлийн яамтай хамтран “Вьетнам-Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломж” сэдэвт бизнес уулзалтыг өнөөдөр зохион байгуулав.

Уулзалтын үеэр Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал болон төр засгийн бодлого, шийдвэр, гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн талаар Монголыг сонирхогч Вьетнамын бизнес эрхлэгч нарт тодорхой танилцуулж, сонирхсон асуултад нь хариулав. Түүнчлэн, Монголын уул уурхай, эрдэс баялаг, ялангуяа нүүрс, газрын тосны салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулах боломж, хууль эрх зүй, татварын орчны талаарх мэдээлэл өгч “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын хууль” болон бусад танилцуулах материалыг вьетнам хэлээр орчуулан тараасан нь оролцогчдын сонирхолыг ихээхэн татжээ.

Вьетнамын тал Монголын “цагаан зүсмийн адуу” -ны ясыг ашиглан уламжлалт эм тан гарган авах, мөн адуу, үхэр, хонины махны болон барилгын материалын бизнес эрхлэх, өмнө нь нийлүүлж байсан зарим нэг хүнсний уламжлалт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ сүүлийн үед сэргэх хандлагатай байгаа хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг улам бүр эрчимжүүлэх үүднээс, ирэх комиссын хуралдааны үеэр “Монгол-Вьетнамын Бизнесийн холбоо” байгуулах, хоёр орны худалдаанд хүндрэл учруулж буй зам тээвэр, санхүүгийн төлбөр тооцоог хурдан шуурхай хийх арга зам зэрэг тулгамдаж буй олон асуудлыг хөндөн ярилцлаа. Дараагийн бизнес уулзалтыг Вьетнамын төдийгүй Зүүн өмнөд азийн худалдаа, бизнесийн томоохон төв Хочимин хотод зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж