Төв банкны хараат бус байдал

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

Төв банкны хараат бус байдал

Төв банкны хараат бус байдал

Over 100 years of monetary history show that when monetary policy is left in the hands of politicians the outcome for society is worse, both in terms of inflation and growth. (Lorenzo Bini Smaghi)

Төв банкны үйл ажиллагаа Засгийн газраас хараат бус байхаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд заасан байдаг. Энэхүү заалт нь олон улсын жишигт нийцсэн дэвшилтэт заалт болсон юм. Тэгвэл Төв банкны, тэр дундаа мөнгөний бодлогын хараат бус байдлыг хэрхэн ойлгох ёстой вэ?

Юуны хараат бус байдал вэ?

Төв банкны мөнгөний бодлогын үндсэн зорилт нь тогтвортой бага инфляци байдаг. Хэрвээ Төв банк инфляцийн зорилтоо хэн нэгний оролцоогүйгээр хараат бусаар тодорхойлж чадаж байгаа бол зорилтын хараат бус байдал хангагдаж байна гэж үздэг.

Европын Төв банк жилийн инфляцийг 2 хувиас, Шинэ Зеландын Төв банк 3 хувиас хэтрүүлэхгүй байх үүргийг хуулиар хүлээсэн байдаг. Эдгээр 2 банк зорилтоо өөрсдөө тодорхойлох боломжгүй байдаг тул зорилтын хараат бус байдал нь хангагдаггүй байна. Үүний эсрэг жишээ бол АНУ-ын Холбооны нөөцийн сан юм. ХНС-ийн зорилтыг хуулиар маш ерөнхий байдлаар томъёолсон нь ХНС-д зорилтоо хараат бус байдлаар томъёолох боломжийг олгодог байна.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд жилийн инфляцийг ямар нэг хэмжээнд барих тухай заалт байхгүй. Нөгөө талаас Монголбанкны санал болгож буй инфляцийн зорилтот түвшинг УИХ-аас хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргадаг тул Монголбанкны хувьд зорилтын хараат бус байдал хангагддаггүй байна.

Мөнгөний бодлогын хараат бус байдалтай холбоотой бас нэг зүйл бол хэрэгслийн хараат бус байдал юм. Төв банк инфляцийг хянахын тулд мөнгөний бодлогын ямар ч хэрэгслийг (мөнгө, хүү, ханшийн аль нэгийг буюу хамтад нь онилох) ашиглах эрхтэй байгаа бол хэрэгслийн хараат бус байдал хангагдаж байна гэж үздэг. Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хэрэгслийг өргөн цар хүрээтэй зааж өгснөөр хэрэгслийн хараат бус байдал хангагддаг байна.

Хэнээс хараат бус байх вэ?

Хуулиараа Төв банкны үйл ажиллагаа Засгийн газраас хараат бус байна хэмээн заасан байдаг ч үүнийг хязгаарлах хэд хэдэн зүйл байдаг. Тухайлбал, төсвийн бодлого алдагдсан үед Засгийн газар төсвийн алдагдлаа Төв банкны зээлээр санхүүжүүлэх сонирхол нэмэгддэг. Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд Монголбанкнаас Засгийн газарт олгох зээлийн хэмжээ нь сүүлийн 3 жилд төсөвт орсон орлогын дунджийн 10 хувиас хэтрэхээргүй байхаар заасан байдаг. Энэ нөхцөл байдал нь Засгийн газрын үнэт цаасны захын хөгжлийг саатуулах төдийгүй инфляцийн дарамтгүй санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгоход хүндрэл учруулдаг байна.

Бас нэг жишээ бол бизнесийн тодорхой бүлэглэлүүд УИХ-аар дамжуулан Монголбанкнаас тодорхой салбаруудад “бодлогын” буюу хөнгөлөлөлттэй зээл олгуулахаар лобби хийх явдал юм. Гэвч ийм төрлийн зээл олгох нь зориулалтын бус зарцуулалт, шамшигдуулалтыг бий болох, санхүүгийн сахилга бат алдагдах, зээлийн эргэн төлөлт муудах, төсвийн алдагдал үлэмж хэмжээгээр нэмэгдэх сөрөг үр дагавартай байдаг.

Тухайн үеийн УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу Монголбанкнаас төмөрлөгийн, махны, алт олборлох компаниуд, гурил тэжээлийн үйлдвэрүүдэд, барилгын компаниудад бодлогын зээл олгож байсан ч ихэнхи зээл хуваарийн дагуу төлөгдөлгүй байсаар шүүхийн шугамаар шийдвэрлэгдэхэд хүрсэн билээ.

Хараат бус байдлын ач холбогдол

Олон улсын туршлагаас харахад хараат бус Төв банктай улс орнуудын инфляци бага байдаг нь нотлогдсон байна.

Төв банкны хараат бус байдал ба инфляцийн түвшин /1973-1988/

Эх сурвалж: ОУВС, Summers and Heston, OECD

Үнэндээ Төв банкны зүгээс улс орны хөгжил дэвшилд оруулж буй хамгийн том тус нэмэр нь хүмүүсийн ирээдүйдээ итгэх итгэлийг тогтвортой үнээр төсөөлүүлэн бий болгодогт оршино. Энэхүү тогтвортой байдал нь хадгаламж, хөрөнгө оруулалт, бүтээмжээс олох хожоог урамшуулах бөгөөд тэдгээр нь эдийн засгийн өсөлттэй салшгүй холбоотой билээ. Үүгээр зогсохгүй, тогтвортой бага инфляци нь орлогын хувиарлалт талаасаа ч тустай зүйл юм, учир нь ажил эрхлэлтийн түвшинг өсгөх бөгөөд нийгмийн эмзэг бүлгийнхний бодит орлогыг хамгаална.

Төв банкны хуулиар Монголбанкны үйл ажиллагааг хараат бус байхаар заасан боловч үнэн хэрэгтээ мөнгөний бодлого хараат бус байдлаар хэрэгжиж байна хэмээн дүгнэж болохооргүй байна. Төв банкны бие даасан байдал нь эрх зүйн талаасаа зохицуулагдаж төсвийн болон улс төрийн дарамтаас ангид байх ёстой. Өөрөөр хэлбэл Төв банкны эдийн засгийн (зорилгын) болон улс төрийн (үйл ажиллагааны) бие даасан байдал хуулиар баталгаажсан байх учиртай.

Төв банк үндсэн зорилго болон түүнд хүрэх бодлогоо бие даан тодорхойлж байгаа эсэх нь үүний шалгуур болно. Мөнгөний бодлого, түүний эцсийн зорилгын талаар ойлголт мэдлэг дутмаг байгаагаас мөнгөний бодлогод хамаарахгүй үйл ажиллагааг Төв банкинд хариуцуулах явдал ихсэх хандлагатай байна. Энэ нь бодлого болон хэрэгслээ бие дааж томъёолох, хэрэгжүүлэх нөхцлийг алдагдуулах уршигтай. Бодлогын хэрэгслээ бие дааж сонгохгүйгээр Монголбанк улс төрийн болон төсвийн дарамтаас ангижрахгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж