БНАСАУ-д хоригдлуудын хүний эрх асар ихээр зөрчигддөг гэв

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

БНАСАУ-д хоригдлуудын хүний эрх асар ихээр зөрчигддөг гэв

БНАСАУ-д хоригдлуудын хүний эрх асар ихээр зөрчигддөг гэв

АНУ-д төвтэй  “HRW” хүний эрхийн ажиглагч байгууллагын өчигдөр/2020.10.19/ нийтэлсэн шинэ тайланд дурдсанаар БНАСАУ-ын хорих лагеруудад эрүүдэн шүүх тогтолцоо, бэлгийн хүчирхийлэл, эрүүл мэндэд хортой орчин зэрэг хүний эрхийг ноцтой зөрчсөн олон зөрчил байдаг гэжээ.

Дээрх 88 хуудас бүхий тайланд хэдэн арван шоронгийн хуучин ажилтнууд болон хоригдлуудтай хийсэн ярилцлагууд багтжээ. “Умард Солонгосын хорих болон хэрэг мөрдөн байцаах тогтолцоо аймшигтай, хүчирхийлэл дүүрэн, хүний эрхийг ноцтой зөрчсөн шинжтэй байна. Умард солонгосчууд ямар нэгэн байдлаар хэрэгт холбогдохоос маш их айж амьдардаг бөгөөд хэрвээ нэг л хэрэгт холбогдчихвол хилс хэргээр яллагдаж, холбоо сүлбээ, хахуулиас өөр аргаар гарах гарцгүй болдог гэлцэж байна” хэмээн HRW-ийн Азийг хариуцсан захирал Брад Адамс ярьжээ.

БНАСАУ-ын хүний эрхийн зөрчлүүдийг хэд хэдэн эх сурвалж, тэр дундаа 2014 онд НҮБ-ын мөрдөн байцаах комисс онцгой сайн баримтжуулж авч байсан ч энэ удаагийнх шиг хорих ангиудын талаар мэдээлэл өнөөг хүртэл маш бага байсаар иржээ.

Тайланд умард Солонгосын засгийн газарт ажилладаг байсан найман хүн, шоронд хоригдож байсан 22 хүн ярилцлага өгсөн байна. Тэд бүгд 2011 онд Ким Жон Ун засгийн эрхэнд гарснаас хойш дүрвэн гарцгаажээ.

Жишээлбэл 2014 онд Хятадаас хууль бусаар бараа оруулж ирж байгаад баригдсан гэх Лим Ог Кьюн “Миний нөхөр намын дунд шатны албан хаагч байсан. Тиймдээ ч холбоо сүлбээ, танил талаа ашиглан байж намайг 10 хоногийн дараа суллаж чадсан. Гэвч би 10 хоногийн хугацаанд хэд хэдэн удаа зодуулж, хүчирхийлүүлсэн. Хажуугаар өнгөрч яваа хуягууд намайг шалтгаангүйгээр цохиж, өшиглөж байснаас гадна намайг таван өдрийн турш хоёр хөл дээр минь зогсоож, огт унтуулаагүй” хэмээн ярьжээ.

Мөн бусад хоригдлуудын ярьсан зүйлс ч гэсэн Лимийнхтэй төстэй байгаа юм. Тухайлбал зарим хоригдлууд эдүүдэн шүүгдсэн, зодуулсан, шалан дээр 16 цагийн турш өвдөглөж, эсвэл завилж сууж дэглүүлсэн, хэрвээ жаахан хөдөлбөл өршөөлгүй зодуулж байсан тухайгаа ярьжээ.

Тэр байтугай зарим эмэгтэй хоригдлууд бэлгийн хүчирхийлэлд өртсөнөө ч мэдүүлсэн аж. Жишээ татвал 50 орчим настай худалдаачин Ким Сун Юн хорих ангид байхдаа байцаагчид хүчиндүүлсэн бөгөөд өөр нэг цагдаа үргэлж биед нь хүрч, дарамталдаг байсан талаараа хэлжээ.

Мөн өөр нэгэн эмэгтэй хорих ангид хүний наад захын хэрэгцээг хангаж өгдөггүй талаар ярьжээ. Тэрбээр хоригдлуудад саван, ариун цэврийн хэрэглэл, хөнжил зэрэг зүйлс олддоггүй, хүн амьдрах боломжгүй нөхцөлд хорьдог хэмээсэн байна.

HRW цаашлаад БНАСАУ-ын засгийн газарт асуулт илгээж, тайланд дурдсан асуудлууд дээр хамтарч ажиллах санал тавьсан ч одоогоор хариу ирээгүй байгаа гэнэ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж