Малчдад хандив өргөлөө | News.MN

Малчдад хандив өргөлөө

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн яам, түүний харьяа байгууллагынхан өвөлжилт хүндэрсэн аймаг, сумын малчдад туслах аяныг салбарын хэмжээнд өрнүүлж эхэлсэн. Аяны эхний ээлжинд цугласан хандивын мөнгө, эд материалын зүйлсийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өнөөдөр Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Гамшгийн менежментийн багт гардуулан өглөө.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий зэрэг 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 7-40 см хүрээд байгаа төдийгүй бусад аймгуудад ч нөхцөл байдал таагүй болох хандлагатайг Онцгой байдлын албанаас мэдээлж байгаа. Энэ нөхцөлд Монгол Улсын гол баялаг болсон мал сүргээ маллан, улс эх орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулан зүтгэж буй малчин түмэндээ халуун сэтгэлээр туслах нь монгол хүн бүрийн үүрэг хэмээн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан уриалж төрийн байгууллагуудаас хамгийн түрүүнд энэ аяныг салбарынхаа хэмжээнд өрнүүлснээр бага биш мөнгө хөрөнгө, эд материалын туслалцааг малчдад үзүүлж буйгаа хандив гардуулах үеэр хэллээ.

Хөдөлмөрийн яамны хамт олон “Малчдад туслах аян”-ы хүрээнд нэг өдрийнхөө цалинг хандивласан бол яамны харьяа 37 МСҮТ, Политехник коллежийн багш ажиллагсад, оюутан сурагчид малын нэмнээ, элгэвч, төлийн уут 1379, бээлий 1316 ширхгийг оёж, хивэг тэжээл 155 шуудай, өвс 509 боодол, хужир 200 кг, саван 686 ширхэг зэрэг 21,5 сая төгрөгийн 29 нэр төрлийн ахуйн болон хүнсний зүйлсээс гадна бэлнээр 9,9 сая төгрөг цуглуулсан нь нийтдээ 31,5 сая төгрөгийн хандив болсныг Г.Баярсайхан сайд дуулгалаа. “Малчдад туслах аян”-ыг нийслэл, дүүрэг, аймгийн Хөдөлмөрийн хэлтсүүдээс гадна харьяа хоёр агентлаг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвд өрнүүлж буй бөгөөд аймаг орон нутгийнхаа Онцгой байдлын албаар дамжуулан тусламжаа малчдад илгээх ажлыг ойрын өдрүүдэд хийх юм.

Мөн Хөдөлмөрийн яамны зүгээс малчдад нэн хэрэгцээтэй эсгий гутал 100 хосыг худалдан авснаа энэ өдөр МУЗН-т хүлээлгэн өгсөн. Эдгээр хандивыг өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байгаа МУЗН-ийн Гамшгийн менежментийн багийнхнаар дамжуулан малчдад хүргэх юм байна.

Г.ХОРОЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-23 202.131.238.115

Малчин гэсэн нийгмийн хариуцлагагүй татвар төлдөггүй хэсгийг яагаад өөхшүүлдэг юм бол Төрийн байгууллагын ажилтан ажилчдаас дуртай нь мөнгө татаж цалингаас нь аян тусламж нэрээр суутгадаг боллоо Энийгээ зогсоогооч Сард багш эмч нараас малчидад тусламж олимп сан эмчилгээнд сургууль эмнэлэгийн ой гээд 2 -5 өдрийн нь цалинг суутгаж байна энэ гажиг байдлыг зогсооё

202.131.238.*д 2016-02-23 202.21.112.34

Чамд гэж зөвлөхөд ТАТВАР-н мөнгө чинь ХОТОД амьдарч байгаа чам мэтийн нөхдүүдэд зарцуулагддаг юм. Эмнэлэг, зам, цагдаа, онцгой гээд л. Малчид яахаараа чиний өмнөөс татварыг чинь төлөх ёстой гэж. Тэр хүмүүс чинь ЦАЛИНГҮЙгээр эх орноо хамгаалж байгаа улс

Зочин 2016-02-23 202.126.89.246

Яг үнэндээ бол Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүдийн гэр хороололд малчидтай харьцуулах юм бол нэн ядуу амьдралтай айл өрх өчнөөнөөрөө байгаа. Малчид бол баян ш дээ. Тэднийг эрхлүүлэх ажлыг УИХ гишүүд санаачилдаг. Мал бол малчдын хөрөнгө. Төв газрынхан тэднээс мах, сүүг нь мөнгөөрөө худалдаж авдаг. Малчдад төрөөс үзүүлдэг татварын хөнгөлөлт, нийгмийн даатгал, ямааны мөнгө гэхчлэн элдэв хөнгөлөлт тусламж ихэдсэн үү, гэхээс багадаагүй

202.126.89.*-д 2016-02-23 202.21.112.34

Энэ тусламж бол баялаг бүтээгчдээ дэмжиж байгаа асуудал. Тэрнээс биш ажилгүй, дээшээ хараад халамж хүрдэг нөхдүүдийн тухай ойлголт огт биш. Худалдаж авах мах сүү байгаа нь хэрэгтэй. Малчид байхгүй бол чи хичнээн мөнгөтэй байсан нь мах сүү чамд олдохгүй.

Зочин 2016-02-23 202.179.25.229

Яахаараа малчдад тусалдгийн бэ. Зунжингаа наадамдаж байхын оронд хадлан тэжээлээ бэлдэж байхгүй яасын. Малаа хувьдаа авчаад улсаас, ард иргэдээс юм гуйж байдгаа болимоор юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж