Санхүүжилтгүй тул ихэнх банк 6%-ийн зээл олгож эхлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

Санхүүжилтгүй тул ихэнх банк 6%-ийн зээл олгож эхлээгүй байна

Санхүүжилтгүй тул ихэнх банк 6%-ийн зээл олгож эхлээгүй байна

УИХ-ын чуулганы өнгөрсөн Баасан гариг /2020.10.16/-ийн хуралдаанд Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Аравдугаар сарын 16-наас арилжааны банкуудаар дамжуулан ипотекийн зургаан хувийн зээл олгож эхэлсэн" хэмээн мэдэгдсэн. Өмнө нь 1.5 сая төгрөгийн цалинтай хүнд ипотекийн найман хувийн зээлд хамрагдах эрх үүсдэг байсан бол хүүг хоёр хувиар бууруулснаар өрхийн орлого нь нэг сая төгрөг байхад зээл авах нөхцөл бүрдсэн нь зорилтот бүлгийнхнийг ипотекийн зээлд хамруулах боломж руу ойртож байгаа гэж тодотгосон. 

Мөн өчигдрийн байдлаар 38 хүнд 2.5 тэрбум төгрөгийн зээлийг зургаан хувийн хүүтэй олгосныг онцолсон юм. Ипотекийн зургаан хувийн зээлийг банкууд олгож байгаа эсэхийг тодруулахаар банкуудын эдийн засагчидтай холбогдоход "Санхүүжилтгүй тул ипотекийн зургаан хувийн зээл олгоогүй байна" гэлээ. Мэдээллийг хүргэе. 

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК:

-Санхүүжилт орж ирээгүй байгаа учраас зээл олгогдож эхлээгүй. Өнөөдрийн байдлаар иргэдийн материалыг хүлээн авч байна. Ипотекийн зургаан хувийн зээлийг  олгож эхэлсэн нөхцөлд өмнө нь материалаа бүрдүүлж өгсөн, судалгаа  нь хийгдсэн иргэдэд олгоно.

ГОЛОМТ БАНК:

-Өнөөдрийн байдлаар санхүүжилт орж ирээгүй байна. Тиймээс иргэдийн материалыг хүлээн авахгүй байгаа. Санхүүжилт арваннэгдүгээр сарын эхээр орж ирэх байх. Ипотекийн зургаан хувийн зээл олгох журам бол батлагдсан. Тухайлбал, зээлдэгч нь хөнгөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх, хугацаа хэтэрсэн зээлгүй байх, тухайн байгууллагадаа нэг жил ажилласан байх шаардлагатай. Мөн байр авах 30 хувийн урьдчилгаагаа хэрхэн бүрдүүлсэн нь маш тодорхой байх ёстой. Зээлдэгчийн орлого нь хүрэхгүй байгаа тохиолдолд хамтран зээлдэгч эсхүл батлан даагч авч болно. Хэрэв зээлдэгчийн  цалин хангалттай өндөр, ипотекийн зургаан хувийн зээлийн шаардлагыг биелүүлэхээр бол хамтран зээлдэгч шаардахгүй.

ХАС БАНК:

-Эхний ээлжинд манай банкаар дамжуулан цалингаа авдаг харилцагч байгууллагуудын иргэдэд ипотекийн зээл өгч эхэлсэн. Хэрэв шинээр манай харилцагч болж байгаа тохиолдолд ипотекийн зургаан хувийн зээл олгохгүй. Эхний ээлжид харилцагч байгууллагуудын хүмүүстээ зургаан хувийн зээл олгох бодлого баримталж байна.

ТӨРИЙН БАНК:

– Ипотекийн зургаан хувийн зээл олгож эхлэх талаар Монголбанкны шийдвэр ирээгүй байна.

МОНГОЛБАНК 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ГАРГАСАН

Санхүүжилт шилжиж ирээгүйгээс ХАС банкнаас бусад нь зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхлээгүй байгаа гэх мэдээллийг өгсөн тул Монголбанктай холбогдсон юм. Тус банкнаас “Монголбанкнаас холбогдох шийдвэрүүд нь гараад, арилжааны банкуудад хүргүүлчихсэн. Санхүүжилтийн эх үүсвэрийг  нь ч шийдэж өгсөн. Арилжааны банкууд 40 тэрбум, Монголбанк 50 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан. Одоо Төв банкнаас хамаарах зүйл байхгүй. Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан ипотекийн зээлийн журамд өөрчлөлт орж байгаа. Гэхдээ хоёрхон заалтад өөрчлөлт орсон. Тодруулбал, хуучин журамд ипотекийн зээлийн хүү найман хувь байна гэж заасан байсан. Одоо зургаан  хувь болж өөрчлөгдсөн. Түүнээс гадна, амины орон сууцанд олгодог ипотекийн зээлийг Улаанбаатар хотын иргэдэд өгдөг болж байгаа юм. Өмнө нь зөвхөн аймаг, сумын түвшинд л олгодог байсан. Ийм л үндсэн хоёр өөрчлөлт орж байна. Журмын бусад заалт хэвээрээ байгаа, өөрчлөгдөөгүй” гэсэн хариуг өглөө.

Бодит байдалд төр засгийн шийдвэр хэрэгжих ёстой газраа буюу банкуудад ийм л байдалтай байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж