УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2020.10.20/-ийн хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төслийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцуулсан юм. 20 жилийн өмнө 1 эмийн үйлдвэр, 1 эм ханган нийлүүлэгчтэй байсан Улаанбаатар өнөөдөр 46 эмийн үйлдвэр, 384 эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, 2000 эмийн сантай болсон байна. Эм хангамжийн тогтолцоог чанарт шилжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг нь шинэчлэх зорилгоор хуулийн төслийг шинэчлэн найруулжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, тодруулга авлаа. Тухайлбал,
УИХ-ЫН ГИШҮҮН П.АНУЖИН:
-Эмийн хөнгөлөлтийн талаар бүгд ярьж байна. Гаднаас орж ирж байгаа эмийг журамлах юм байна. Эмэнд нэвт оруулах, эмийн хамааралтай болгох тухай яриад байна. Гэтэл эрүүл монгол иргэний асуудал хаана байна вэ гэдгийг бодох хэрэгтэй байна. Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнд юу юу орж байна вэ. Эрүүл мэндийн бүтээгдэхүүнд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн орж байгаа бол өөр асуудал болно. Өнөөдөр монгол хүний хэдэн хувь нь эмийн хамааралтай байна вэ. Монгол Улсын нийт хүн амын хэдэн хувь нь эмийн хамааралтай байна вэ, тоон үзүүлэлт байна уу. Өнөөдөр бид хэдэн хувийн эмийн бүрэн хамааралтай болгочхоод эмийн бизнесийг төрийн бодлого болгож, яриад байна вэ. Харамсалтай байна. Энгийн статистик байхгүй байна. Зовж, шаналж байгаа иргэн бүр эмийн хамааралтай байгаа. Эмийн бизнесийг яаж боловсронгуй болгох вэ гэхээсээ өмнө яагаад хүн эм уугаад байна вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН:
-Эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж амин дэм, эрдэс бодис агуулсан хүний биеийн зохистой хэрэглээг хангах, зохих хэмжээгээр хэрэглэдэг бүтээгдэхүүнийг хэлнэ гэж хуулийн төсөлд зааж өгсөн байгаа. Манай улсын хүн амын тэдэн хувь нь эмийн хамааралтай гэсэн статистик тоо баримт байхгүй.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИР:
-Эмийн жор бичилтийг цахим системд шилжүүлнэ гэж байгаа. Сум, хорооны эмнэлэг цахим системд хэр шилжсэн бэ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бодист хяналт тавина гэж байгаа. Яаж хяналт тавих вэ. Сэтгэцэд нөлөөлдөг хүмүүс насны хувьд асар залуужсан байгаа. Хяналт тавьж байгаа зүйл алга. Цагдаагийн газарт ерөнхий боловсролын хүүхдүүд шалгагдаж байна гэсэн мэдээлэл бий. Яаж хяналт тавих вэ?.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН:
-Хөнгөлөлттэй эмийг олгох цахим жор бичилт дээр бэлтгэл ажил хангагдаж байна. Арваннэгдүгээр сараас цахимаар жор бичээд явна гэж төлөвлөж байгаа. Хуулийн байгууллага хяналт тавиад явна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ:
-Т.Мөнхсайхан сайд, та эмийн хяналтыг яаж сайжруулах талаар ойлголтгүй байна. Зайлшгүй шаардлагатай үнийг тогтооно гээд байна. Бүх эмийн үнийн, чанарыг зохицуулах хэрэгтэй. Үүнийг ч ойлгоогүй байна. УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байгаагаас нь харахад эмийн хяналтыг сайжруулж, үнийг зохицуулах асуудлыг салбар нь ойлгоогүй байна. Бид импортоор орж ирж байгаа, өргөн хэрэглэгдэж байгаа бүх эмийн чанарыг сайжруулж, үнийг зохицуул гэдэг үүрэг өгсөн шүү дээ. Харамсалтай нь, Эрүүл мэндийн сайд нь өөрөө ойлголтгүй байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:
-Өвчтөний эрүүл мэндийн өөрөө төлөх зардлын гурвны хоёрыг нь эмийн зардал эзэлж байна. Амьжиргааны доод түвшний орлоготой айл өрхийн орлогын 94 хувийг эмийн зардал эзэлж байна гэсэн байна. Тэгэхээр энэ хуульд бид өөрчлөлт оруулах гэж байгаа бол олон асуудлыг нь шийдвэрлэхээр зохицуулалт хийх хэрэгтэй. Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн талаар олигтой заалт байхгүй байна. Гол зүйлүүдээ хуульдаа оруулмаар байна. Эцэст нь эмийг малын эм зүйтэй хамтатгах нь хэр зохимжтой вэ. Бид эхлээд хүнийхээ асуудлыг шийдсэн нь зөв болов уу.
Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Нийгмийн бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, ажиллахаар боллоо.
Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайлан, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг сонссон юм.
ЭМД-ын сангийн 2019 оны төсвийн тухай хуулиар Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх нийт орлогын хэмээг 407,6 тэрбум төгрөг, үүнээс ажил олгогч, даатгуулагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн ЭМД-ын шимтгэлийн орлого 323,8 тэрбум төгрөг, төр даатгалыг нь хариуцах иргэдийн шимтгэлийг 83,9 тэрбум төгрөг, бусад орлогыг 39,3 тэрбум төгрөгөөр баталсан. ЭМД-ын төсвийн нийт зарлага 407,6 тэрбум төгрөг, үүнээс тусламж, үйлчилгээнд 402,3 тэрбум, ЭМД-ын байгууллагын үйл ажиллагааны зардлыг 5,4 тэрбум төгрөг байхаар баталжээ. Харин ЭМД-ын санд 469,4 тэрбум төгрөг бүрдүүлж, орлогоо 115,2 хувиар биелүүлжээ. Үүнээс 426,9 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого бүрдүүлжээ.
Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулиар нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх нийт орлогын хэмжээ 2,2 /2,208,8 тэрбум/их наяд төгрөг, үүнээс НДШ-ийн орлого 1,6 /1,603,3 тэрбум/ их наяд төгрөг, улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 605,5 тэрбум төгрөгөөр баталсан. 2019 оны жилийн эцсийн байдлаар шимтгэлийн орлого 1,8 /1,879,5 тэрбум/ их наяд төгрөг төвлөрүүлжээ. Үүнд ажил олгогчийн шимтгэл 40,1 хувь, даатгуулагчийн шимтгэл 31,9 хувь, улсын төсвөөс авсан дэмжлэг 24,4 хувь, бусад орлого 3,7 хувь байжээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ