Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжилж, сургууль, цэцэрлэгийг хаав

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжилж, сургууль, цэцэрлэгийг хаав

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжилж, сургууль, цэцэрлэгийг хаав

Өмнөговь аймгийн хэмжээнд  өнөөдөр /2020.10.20/ сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэрийг Онцгой комиссоос нь гаргажээ.

Мөн цэцэрлэгт ирсэн хүүхдүүдийг зөвхөн эцэг, эхчүүдэд хүлээлгэж өгөх, иргэдийг хол явахгүй байхыг анхааруулж, малчдад сэрэмжлүүлэг тараахаар болжээ.  Тус аймгийн хэмжээнд салхины хүч эрс нэмэгдэж, цаг агаарын аюултай үзэгдэл болж болзошгүй байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан байна.

Өвөрхангай аймгийн Онцгой комисс өнөөдөр өглөөнөөс эхлэн Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн авто замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргажээ. Цаг агаарын улмаас Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Булган аймгийн Рашаант сумдын хооронд замын нөхцөл байдал хүндэрсэн байна.

Мөн Авто тээврийн үндэсний газраас өнөөдөр Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай явах чиглэл болон Говь-Алтай-Улаанбаатар, Баянхонгор-Улаанбаатар, Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг эхлүүлэхгүй байх арга хэмжээ авч эхэлжээ.

Цаг уур орчны шинжилгээний газар өчигдрөөс /2020.10.19/ эхлэн цаг агаар эрс хүйтэрч, аюултай үзэгдэл болж болзошгүйг сэрэмжлүүлж эхэлсэн. Цаг агаарын мэдээллээр өнгөрсөн шөнө Архангай, Өвөрхангайн нутаг, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, өдөртөө Төв аймаг, Хэнтийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурахаар байгаа. Мөн Баянхонгорын нутаг, Өмнөговийн баруун хэсгээр, маргааш өдөр Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэхийг анхааруулсан билээ.

ЖОЛООЧ НАРТ ӨВЛИЙН ДУГУЙТАЙ ЗОРЧИХ ШААРДЛАГА ТАВЬЖ БАЙНА

Цаг агаарын гэнэтийн үзэгдлийн улмаас орон нутгийн чиглэлд зорчиж буй жолооч нар хувийн бэлтгэлээ базаагаагүйн улмаас цасанд сууж боогдох тохиолдол цөөнгүй. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр өнөөдрийн байдлаар орон нутагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийх, эрсдэлтэй гэж үзсэн зам даваа, гүвээний зорчих хэсэгт хяналт тавьж ажиллаж байгаа аж.

Тус албаны  Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Э.Пүрэв-Очир хэлэхдээ “Өнөөдрөөс эрс хүйтэрсэн тул нийслэлд замын хөдөлгөөн удаашралтай байна. Тээврийн цагдаагийн  алба хаагчид 21 аймагт цасан шуурганы улмаас хаагдаж болзошгүй зам даваа, зорчих хэсэгт хяналт тавьж ажиллаж байна. Орон нутагт өнөөдрийн байдлаар дотооддоо зорчих хэсгийн урсгал хэвийн байна.

Хэрэв цаг агаарын нөхцөл байдал хүндэрвал шаардлагатай тохиолдол замын зорчих хэсгийг хаана. Мөн нийслэл болон орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийж, жолооч нарт өвлийн дугуйтай орон нутгийн чиглэлд зорчих шаардлага тавьж байна” гэлээ.

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр жолооч нар өвлийн дугуйгаа сольж амжилгүй зуны дугуйтай, хувийн бэлтгэлгүй орон нутагт зорчсоны улмаас цасанд боогдох тохилдол цөөнгүй гэдгийг санууллаа.

ЦААШДАА Ч  ЦАС ОРЖ, ШУУРНА

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх өдрүүдэд ч ихэнх нутгаар цас үргэлжлэн орж, цасаар шуурах төлөвтэй байна.

Мөн маргааш өдрийн 20.00 цаг хүртэл:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, нутгийн баруун хагаст баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 16-21 градус,  Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

Аравдугаар сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Аравдугаар сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж