“Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн чанар, ашиг шимийг дээшлүүлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийг баталлаа.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийг өргөтгөх, малын гаралтай бүтээгдэхүүнийг нэмүү өртгийн сүлжээгээр хөгжүүлэхэд чиглэсэн технологи нэвтрүүлэх шаардлагатай байна. Засгийн газраас үүнд шаардлагатай санхүүжилтийг гарган, арилжааны банкаар дамжуулан тусгайлсан санхүүгийн бүтээгдэхүүн болох малчдын үйлдвэрлэлийг дэмжих 10 хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийг боловсруулсан байна.
Дэд хөтөлбөрт зээл авах малчдын шалгуур болон оролцогч банкуудын шалгууруудыг тодорхой тусгаж өгчээ.
Жилийн 10 хувийн хүүтэй зээлийг малаа эрүүлжүүлэхэд шаардлагатай эм тарилга туулгалт, угаалгын бодис авах, хадлан тэжээл бэлтгэх, бага оврын трактор, тоног төхөөрөмж авах, малын чанар, үүлдэр сайжруулах, сайн чанарын үржлийн мал авах зэргээр технологи сайжруулахад зарцуулахаар хөтөлбөрт тусгажээ.
Б.БАТ