АНУ-ын Хууль зүйн яам ОХУ-ын цэргийн тагнуулын албаны зургаан офицерийг Гүрж, Франц, Их Британи, Украин, 2018 оны өвлийн олимп, Нидерландад байрладаг химийн зэвсгийг хориглох байгууллага зэрэгт цахим халдлага үйлдсэн хэмээн буруутгаж байгаагаа зарлажээ.
Пенсильвани мужийн тангарагтны шүүх дээрх зургаан офицерийг хуйвалдаан зохион байгуулсан, цахим халдлага үйлдсэн, залилан хийсэн, хуурамч бичиг баримт үйлдсэн, домэйн нэр хуурамчаар бүртгүүлсэн, хакер хэмээн буруутгасан хэмээн өчигдөр/2020.10.19/ Хууль зүйн яам нь мэдээлжээ. Мөн шүүгдэгч офицерууд нь ОХУ-ын тагнуулын ерөнхий газрын 74455 дугаар ангийн офицерууд хэмээн тодорхойлсон байна.
Түүнчлэн яллах дүгнэлтэд тэдний нэрийг Юрий Сергеевич Андриенко, Сергей Владимирович Детистов, Павел Валерьевич Фролов, Анатолий Сергеевич Ковалев, Артем Валерьевич Очиченко, Петр Николаевич Плискин нар хэмээн бичжээ.
Шүүх хурал дээр хэлсэнчлэн тэд KillDisk, Industroyer, NotPetya, Olympic Destroyer гэх мэт хортой программ ашиглан Украин, Гүржээс эхлээд 2018 оны Пёнчаны өвлийн олимп хүртэл олон газар луу халдаж байжээ. Эргэн санавал 2018 оны өвлийн олимпод допингийн хэргээр ОХУ-ын тамирчид оролцож чадаагүй юм.
Түүнээс гадна эдгээр зургаан офицерийг зэвсгийн шинжтэй хор новичок ашигладаг байсан хэрэгт буруутгаж байгаа гэнэ. 2018 оны гуравдугаар сард Их Британийн засгийн газрын мэдээлснээр ОХУ хуучин тагнуул Сергей Скрипал, охин Юлия Скрипал нарыг новичок төрлийн бодисоор хордуулсан байх өндөр магадлалтай гэдэг ч Москва үүнийг удаа дараа үгүйсгэсээр байгаа юм.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын ерөнхий прокурорын туслах Жон С.Дэмерс “Аль ч улс цахим чадвараа ОХУ шиг хорон, хариуцлагагүй байдлаар зэвсэглэж, тактикийн жижиг давуу талуудыг үүсгэхийн тулд урьд өмнө нь байгаагүй хохирол учруулж байсангүй” хэмээн ярьжээ.
Ийнхүү шүүх хурлын дүгнэлтийг танилцуулсныхаа дараа Хууль зүйн яам Украин, Гүрж, Шинэ Зеланд, БНСУ, Их Британи улсуудын тагнуулын албад болон Google, Facebook, Twitter платформуудад хамтарч ажиллан, тусламж үзүүлсэнд талархал илэрхийлсэн байна.
Дээрх зургаан офицерийн харьяалагддаг анги болон Ковалевийг өмнө нь 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэмээн тусгай зөвлөх Роберт Мюллер сэжиглэж байсан билээ.
Эх сурвалж: RT.COM