Монголын телевизийнхэн чуулна

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

Монголын телевизийнхэн чуулна

“Монгол ТВ” телевизээс санаачлан гурав дахь жилдээ “Монголын телевизүүдийн чуулган”-ыг зохион байгуулахаар болжээ. Чуулган хоёрдугаар сарын 25-26-нд Туушин зочид буудлын Соёмбо танхимд болох бөгөөд энэ жилийн чуулганы сэдэв “Контентын үнэлэмж – Монголд”. Телевиз, дүрсний  уран бүтээлчдийг цуглуулж, бүтээж буй контентийн үнэ цэнэ, агуулга, түгээлт, бэрхшээл зэргийг хэлэлцэх юм байна.  

Өдгөө гурван сая гаруй монголчууд 280 гаруй телевиз үзэж, нэг хүнд ногдох телевизийн тоогоор дэлхийд тэргүүлдэг. 16 216 хүн тутамд нэг телевиз ногдож байгаа нь контентийн өрсөлдөөнийг бий болгодог ч үзэгчдэд хүргэж байгаа контент /агуулга/-ыг улам чанартай болгохыг шаардаж байгаа юм. “Максима Медиа”  компанийн 2015 онд гаргасан судалгааны нэгдсэн тайланд Улаанбаатар хотын дундаж үзэгч өдөрт 293 минутыг телевиз үзэхэд зарцуулж байгаа гэсэн тоо гарчээ. Энэ нь өмнөх 2014 онтой харьцуулахад 10 минутаар (3%)-р буурсан үзүүлэлт юм байна. Эндээс  үзэгч олон чанаргүй мэдээллээс чанартай бүтээлийг илүүд үзэх болсон гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс ч “Монголын телевизүүдийн чуулган”-аар  энэ удаа “Контентын үнэлэмж Монголд” сэдвийг сонгон хэлэлцэхээр шийджээ.  Чуулганы үеэр “Контент бүтээгчдийн өдөрлөг” танилцуулга, үзэсгэлэн зохион байгуулах гэнэ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж