Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн 2019-2020 оны улирлын аваргын төлөөх цувралыг хоёрдахь тоглолт өчигдөр/2020.10.19/ Спортын төв ордонд боллоо.
- Алдар Танан Гарьд 76 – 83 SBL Хасын Хүлэгүүд
Өнөө цагийн Монголын сагсан бөмбөгийн ривал болсон хоёр багийн цувралын хоёрдахь тоглолт урьдын адил өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Цувралын эхний тоглолт шиг SBL Хасын Хүлэгүүд баг эхлэлийг сайн тавьж, эхний хоёр үед өрсөлдөгчөө илүүрхэж, онооны тэргүүллийг авав. Энэ өдөр Хасын Хүлэгүүд багийн ахлагч, лигийн тэргүүн тоглогч Б.Билгүүний баруун гар нь зовиуртай байсан хэдий ч өөрийгөө сайн дайчлав. Тэрбээр энэхүү тоглолтыг 25 оноо, зургаан самбараас бөмбөг авалт гэсэн үзүүлэлттэй дуусгасан.
Гуравдугаар үеэс Алдар Танан Гарьд багийн довтолгоо эрчимжиж, лигийн тэргүүн тоглогч О.Ууганбаяр, П.Болортулга тэргүүтэй туршлагатай тоглогчдын ээлж дараалсан оновчтой довтолгооны ачаар онооны зөрүүг багасгаж, улмаар дөрөвдүгээр үеийн дундаас тэргүүлж эхлэв. Тоглолтын тооны харьцаа тэнцүү, шийдвэрлэх үед SBL Хасын Хүлэгүүд багийн хоёр лидер болох Б.Билгүүн, О.Сэргэлэн нар чухал шидэлтүүдээ амжилттай гүйцэтгэж, багаа ялалт байгуулахад чухал үүргийг гүйцэтгэлээ.
Цувралыг тэнцүүлсэн SBL Хасын Хүлэгүүд багаас энэ тоглолтонд Б.Билгүүнээс гадна С.Өрнүүнбилэг 18 оноо, 15 самбараас бөмбөг авалт, Т.Мэндбаяр 16 оноо есөн самбараас бөмбөг авалт, гурван бөмбөг таслалт, өнгөрсөн жилийн лигийн тэргүүн тоглогч О.Сэргэлэн 10 оноо, есөн ашигтай дамжуулалт, зургаан самбараас бөмбөг таслалт, гурван бөмбөг таслалт гэсэн үзүүлэлтүүдийг тус тус толилуулжээ. Харин аваргаа хамгаалагч Алдар Танан Гарьд багаас О.Ууганбаяр сэлгээнээс 15 оноо авч багийн нөхдөө тэргүүлсэн бол П.Болортулга, А.Тэмүүжин, О.Эрдэнэцогт, Г.Билгүүн нар тус бүр 10 болон түүнээс дээш оноо авчээ.
Алдар Танан Гарьд багийн ахлах дасгалжуулагч Ч.Ижилболд цувралын хоёрдахь тоглолтонд П.Болортулгыг сэлгээ рүү шилжүүлж, саяхан гэмтлээсээ эргэн ирсэн Б.Болдбаатарыг гараанд гаргасан нь үр дүнгээ өгсөнгүй. Хоёр багийн гол ялгаа самбараас бөмбөг авалтан дээр харагдсан бөгөөд SBL Хасын Хүлэгүүд баг 51 удаа самбараас бөмбөг авсны 17 нь довтолгооны самбараас байсан бол Алдар Танан Гарьд 33 самбараас бөмбөг авсны ердөө долоо нь довтолгооны самбараас байжээ.
Дээд лигийн аваргын цувралын гуравдахь тоглолт ирэх Лхагва гаригт Спортын төв ордонд болно.
Холбоотой мэдээ