Суулгалт өвчний илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх аргууд

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

Суулгалт өвчний илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх аргууд

0-5 хүртэлх насны хүүхдийн суулгалт өвчний гол үүсгэгч нь ротавирус юм. Ротавирус нь нарийн гэдсийг үрэвсүүлж, өнгөн ханыг устгаснаар шим тэжээл болон хүний биед ашигтай бактерийг биед шимэгдүүлэлгүй хөөн гаргадаг.

Ингэснээр хүүхэд их хэмжээний ус, эрдэс, давсаа алддаг учир шингэний дутагдалд орж, хүүхдийн амь насанд аюул учрах эрсдэлтэй юм.

Ротавирусаар үүсгэгдсэн суулгалт өвчин хүнд хэлбэрт шилжих магадлал өндөр бөгөөд жилийн аль ч улиралд идэвхитэй хэлбэрт оршдог байна. Оргил үе нь хүйтний улирал буюу 11 дүгээр сараас 5 дугаар сар хүртэлх хугацаа гэж үздэг.

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

Ø  БӨӨЛЖИХ. Олон биш, ихэнхдээ эхний хоногтоо зогсох ба суулгалттай зэрэг эхэлнэ.

Ø  УСАРХАГ ЗҮЙЛЭЭР (ЦУСГҮЙ) СУУЛГАХ. Шингэн усархаг, хөөстэй, хурц үнэртэй, цайвар шаргал өнгөтэй, хөнгөн үед хүүхдийн будаа шиг баана. Суулгалтын үргэлжлэх хугацаа 6-8 хоног.

Ø  ХАЛУУРАХ. Хордлогын шинж илрэх ба халууралт 38,5 хэм хүртэл байж болно.

Хэрэв хүүхэд бөөлжиж эсвэл суулгаж байгаа бол их хэмжээгээр шингэн алдаж байна гэсэн үг. Эмч нар үүнийг “Шингэн алдалт” буюу “Усгүйжил” гэж нэрлэдэг.

УСГҮЙЖИЛ болж байгаа үед дараах шинжүүд илэрнэ.

  • Живх нь цөөн норох, шээс нь цөөрөх, эсвэл шар хүрэн өнгөтэй шээх
  • Хүүхэд уйлах үедээ нулимс гарахгүй байх
  • Ам нь хатаж, уруул нь омголтож хатах
  • Нүдний ухархай нь хонхойх

Нярай хүүхэд шингэн алдалтанд орсон үед толгой дээрх зулай хонхойж харагддаг. /Зулай гэдэг нь хүүхдийн гавлын ясны хоорон дахь зай юм/

ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРЧИМ

  •    Та харьяа Өрхийн эрүүл мэндийн төв, Дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинетад, мөн ажлын бус цагаар дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт цаг алдалгүй хандах шаардлагатай.
  • Мөн дээрх эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөгөө өгөх утсанд хандан зөвлөгөө, мэдээлэл авах бүрэн боломжтой.
  • Илэрч буй шинж тэмдэг нь өөрөө аяндаа зүгээр болдог учир ихэнх хүүхдэд тусгайлан эмчилгээ шаардахгүй.
  • Гэхдээ ротавирус усгүйжил буюу хордлогод амархан хүргэдэг тул хүүхдэд шингэнийг бага багаар байнга тасралтгүй уулгах ба үүний тулд 5-10 мин тутамд 1-2 цайны халбага шингэн уулгана. Нэг удаад хэт их уулгах нь бөөлжилт үүсгэх эрсдэлтэй.
  • Хүүхэд хангалттай шингэн ууж байгааг нь хүүхдийн шээс цайвар шар, эсвэл тунгалаг бөгөөд живх нь ердийн байдлаар норж байгаа эсэхээр мэдэж болно.
  • Өвчний эхний өдрөөс хоногт 8-10 удаа буюу 2-2,5 цаг тутамд хооллоно. 1 удаагийн хоол нь ердийн иддэг хоолны талаас ихгүй байхаар тооцно. /бага багаар ойр ойрхон хооллох/
  • Хөхүүл хүүхдийг илүү олон удаа хөхүүлнэ.
  • Өвчтэй хүүхдийн хоолонд сахар, нүүрс-усыг багасгаж, түүхий ногоо, жимс, сок, сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх.
  • Суулгалтыг зогсоох зорилгоор ямар нэгэн эм бэлдмэл дур мэдэн өгч болохгүй. Энэ нь халдварын хугацааг удаашруулж болзошгүй.
  • Хэрэв хүүхэд халдвар авч, шингэн алдалтанд орсон, тасралтгүй бөөлжих шинж тэмдэг илэрч байгаа бол заавал эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх ёстой.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГУУД

Хэрэв таны хүүхэд ротавирусын халдвар авсан бол халдварыг тараахаас урьдчилан сэргийлж, дараах дэглэмийг баримтлах хэрэгтэй. Үүнд:

  • Хүүхдийн живхийг сольсны дараа гарыг савантай бүлээн усаар зөв, гүйцэд угаана.
  • Хоол хүнс бэлтгэдэг газар эсвэл түүнтэй ойр газар живхийг солихгүй байна.
  • Живхийг битүүмжлэн боож хаяна.
  • Живхийг сольсон газар, орчныг спирт эсвэр хлор агуулсан цэвэрлэгээний бүтээгдэхүүнээр цэвэрлэж байна.
  • Хүүхдийг хооллохын өмнө асран хамгаалагч нь гараа сайтар угааж, халдваргүйтгэсэн байна.

СУУЛГАЛТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ БУСАД АРГУУД

  • Хүүхдийг 0-6 сар хүртэл нь зөвхөн хөхөөр хооллох.
  • Хүүхдэд 6 сараас нь эхлэн насанд нь тохирсон нэмэгдэл хоолонд оруулахын зэрэгцээ 2 нас хүртэл нь үргэлжлүүлэн хөхүүлэх.
  • Хүүхдийн тэжээлийг найруулж буй болон уулгаж буй ус нь буцалгаж ариутгасан байх.
  • Гараа байнга угаах. Хөхүүлэх, хооллох, хоол хийхийн өмнө, жорлонд орсон болон живхийг сольсны дараа 15 секундээс багагүй хугацаанд савандаж угаах. Хүүхдийнхээ гарыг ч мөн байнга савандаж угаах.
  • Хүүхдийн угж, тоглоом, хөтөвчийг байнга угааж цэвэрлэх, шаардлагатай бол ариутгах.
  • Гал тогоогоо цэвэр байлгах.
  • Хоол ундыг нь бэлтгэх, хадгалахдаа ариун цэвэр эрүүл ахуйн нийтлэг дүрмүүдийг мөрдөх.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж