Хуучин хувцасны бүхээг хогийн сав биш

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

Хуучин хувцасны бүхээг хогийн сав биш

Хуучин хувцасны бүхээг хогийн сав биш

Өмсөхгүй атлаа гэрийн аль нэг булан тохойд зай эзлэх хуучирсан, багадсан, гологдсон хувцаснууд. Шүүгээний буланд мартагдсан хуучин ном. Айл бүр ийм хэрэгцээгүй болсон эд зүйлсээ яах вэ гэх асуудал бий. Зарим нь ах дүү нарынхаа хүүхдүүдэд аль боломжтойг нь өгнө, үгүй бол хаяна. Гэхдээ монголчууд өмсч байсан хувцас, уншаагүй ч гэлээ хуучин  номоо зүгээр ч нэг хогийн саванд хаях дургүй. Тиймдээ ч ихэнх нь  шатаахыг эрмэлздэг нь сүсэг бишрэлтэй холбоотой болов уу. Гэлээ ч хуучирсан хувцаснуудаа шатаах боломж нь орон сууцанд амьдардаг айл өрхүүдэд хомс. Ажил удан байж хааяадаа хотоос зайдуу гарч, аль нэг жалганд хүний нүд хариулж байгаад шатаах нь бий. Гэхдээ ингэж хуучин хувцсаа шатаадаг хүмүүсийн хандлага өөрчлөгдөж эхэлжээ.

Монголд анх удаа өнгөрсөн жилээс хэрэглэхгүй эд зүйлсээ заруулдаг дэлгүүр нээгдсэн нь олон хүний талархлыг хүлээж байв. Харин одоо зөвхөн дэлгүүр бус хуучин хувцас авах бүхээгтэй болж эхэлснээр хүмүүс багадсан гутал, хувцас, хэрэглэхгүй эд зүйлсээ шатаахаас илүүтэй хэрэгцээтэй хүнд нь өгөхийг эрмэлздэг болжээ.

Хуучин хувцас авах цэгийг эко дүүрэг тодотголтой Хан-Уул дүүрэг санаачилжээ. Тус дүүргийн Тохижилт үйлчилгээний төвийнхөн өнгөрсөн хавраас Зайсангийн эцсийн буудал руу эргэх замд хуучин хувцас авах бүхээг байршуулсан бол одоо шинээр гурван цэгтэй болжээ. Хуучин хувцасны бүхээгийг "River Garden", "Japan Town", "Хүннү 2222" хотхон зэрэг гурван газарт шинээр байршуулсан аж. Хуучин хувцас авах бүхээгтэй болсон нь сайн хэрэг болов ч бүхээг найдвартай, бүхээгт цугларсан хувцаснууд хэрэгтэй хүндээ очих нь нэн чухал.

Зайсангийн эцсийн буудал руу эргэх замд КFC сүлжээ рестораны үүдэнд хуучин хувцас авах бүхээг байршуулаад удаж буй. Хувцас, гутал бас хуучин ном хийх гурван бүхээг эгнүүлэн өрсөн байх агаад өчигдрийн /2020.10.19/ байдлаар хувцасны бүхээг дүүрчээ. Харин гутал, номын бүхээг хийх сав дүүрээгүй харагдав. Мөн бүхээгийг тонох гэж оролдсон болов уу гэмээр төмрийг нь хөшсөн ул мөр ч бас байсан юм.

ЭДЭЛЖ ХЭРЭГЛЭЖ БОЛОХООР ХУВЦСАА АНГИЛЖ ХИЙДЭГ ХҮН ОЛОН БИЙ

Оршин суугчдын төлөөлөл Ц.Цэцэн-Оюун “Манайх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд амьдардаг. Гэрийн ойролцоо  хуучин хувцасны бүхээгтэй болсонд баяртай байгаа. Хэрэглэхгүй эд зүйлс, хувцсаа шатаах боломжгүй учраас яахаа мэддэггүй байсан. Одоо бол асуудалгүй, зам дагуух  бүхээгт хэрэглэхгүй эд зүйлсээ ангилаад хийчихнэ. Гэхдээ хүн өмсч, хэрэглэж болохооргүй, хуучирч муудсан хувцсаа бүхээгт хийхгүй. Хэрэгцээтэй хүмүүст нь өгөх учраас дэлж хэрэглэж болохоор хувцас, гутлаа  бүхээгт хийдэг” гэлээ.

ХУВЦАСНЫ БҮХЭЭГ 2-3 ХОНОГТ ДҮҮРЧ БАЙНА

Иргэдийн хэлснээр хуучин хувцас авах бүхээгт хяналт үгүйлэгддэг гэнэ. Бүхээг хоёр өдрийн дотор л дүүрдэг тул бүхээг тойроод хайрцагтай хувцас, эд зүйлс хөглөрдөг аж. Үүнээс гадна архичид өглөө, оройн цагаар бүхээг тонож, хувцас энд тэндгүй хөглөрүүлдэг гэнэ. Иймд бүхээг хариуцсан холбогдох хүмүүс нь хувцаснуудыг цаг алдалгүй авч явах, хэрэгцээтэй хүмүүст нь тараах шаардлагатайг хэлж байв.

Дараа нь "River Garden" хотхоныг зорив. Тус хотхон руу орох зам дагуу хуучин хувцасны бүхээг байрлуулжээ. Тус хотхоны харуул хамгаалалтын ажилтнууд бүхээгт давхар хяналт тавьдаг аж. Тиймдээ ч хувцас, хэрэггүй болсон эд зүйлсээ бүхээгт хийхээс бусдаар дурын нэгэн халдаж, хаалгыг нь хөшөөд хувцас авах боломжгүй. Тус хотхоны оршин суугчийн сэтгэгдлийг сонслоо.

                   БАГАДСАН ХУВЦАС, УНШИХГҮЙ НОМ НАДАД ХЭРЭГГҮЙ Ч БУСАД ХҮМҮҮСТ ХЭРЭГТЭЙ

А.Халиун “Хуучин хувцас авах бүхээгийг өнгөрсөн зунаас эхэлж байршуулсан. Надад их таалагдаж байгаа. Хэрэглэхгүй эд зүйлсээ бүхээгт хийдэг болсон. Онлайнаар захиалсан ч багадсан, мөн өмсөхгүй хувцас, уншдаггүй номуудыг би хэрэглэх боломжгүй байж болох ч өөр бусад хүмүүст хэрэгтэй байж болно шүү дээ. Тиймээс хуучин хувцасны бүхээгийг илүү олон газарт байрлуулаасай. Миний харснаар их цөөн газарт байршуулсан юм билээ” гэв.

ХУВЦАСНЫ БҮХЭЭГИЙГ ХЭН ДУРТАЙ НЬ ТОНОХ БОЛОМЖГҮЙ 

Тус хотхоны харуул хамгаалалтын ажилтан  Н.Баатарсүхийн хэлснээр хуучин хувцасны бүхээг 7 болон 14 хоногтоо дүүрдэг аж. Тус хотхон камержуулалт болон харуул хамгаалалттай тул хэн дуртай нь бүхээгийг тонох боломжгүй гэнэ. Бүхээгт оршин суугчдаас гадна өөр хороо, дүүрэгт амьдардаг хүмүүс зорьж ирэн, хэрэглэхгүй хувцсаа бүхээгт хийдэг болжээ.

Харуул хамгаалалттай тул хуучин хувцасны бүхээгийг Хан-Уул дүүрэгт тэр дундаа Зайсан, Ривер гарден, "Japan Town" зэрэг хотхоны ойролцоо байршуулсан гэж Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвийнхөн ярив. Тус төвийн мэдээлснээр хувцасны бүхээгийг анх туршилтаар өөр дүүрэгт байршуулсан ч харуул хамгаалалт, хяналтгүй байсан тул эвдэж сүйтгэн, хувцаснуудыг нь энд тэндгүй хөглөрүүлсэн тохиолдол гарсан байна. Тухайлбал, одоо байрлаж буй Зайсан дахь КFC сүлжээ рестораны урд байрлах хувцасны бүхээг нь хяналтын камергүй, харуул хамгаалалтгүй газар байрладаг тул хүмүүс тоносон, цоожийг нь эвдэлсэн, хаалгыг нь хөшиж хувцаснуудыг тарааж хаяж  байжээ. Иймд хуучин хувцасны бүхээгт далд цоож байрлуулж, тусгай түлхүүрээр нээдэг болгосон байна.

УРАГДАЖ, ЦООРСОН, ХУУЧИРСАН ХУВЦСАА ХОГИЙН САВАНД ХАЯ

Хан-Уул дүүргийн  Тохижилт үйлчилгээний төвийн ажилтнууд хувцасны бүхээгүүдийг долоо хоногт нэг удаа сулладаг. Хэрэглэх боломжгүй, хэт хуучирч муудсан хувцсыг хаяж, эдэлж хэрэглэх боломжтойг нь хими цэвэрлэгээнд өгсний дараа нь хороонд бүртгэлтэй эмзэг бүлгийн айл өрхүүдэд тараадаг аж. Өнгөрсөн хугацаанд хувцасны бүхээгт цугласан хувцаснуудыг нийт 800 гаруй өрхөд тараажээ. Гэхдээ хувцасны бүхээгийг хүмүүс хогийн савтай андуурдаг гэнэ. Өмсөх боломжгүй хайчилж сэглэсэн хувцас, дотуур хувцас, ханзарсан гутал бүхээгт хийсэн байдаг аж. Тус дүүргийн “Тохижилт үйлчилгээний төвийн олон нийттэй харилцах хэлтэсийн дарга Б.Мягмярсүрэн “Хүмүүс хэчнээн ядарсан ч хүний дотуур хувцас, ханзарсан гутал өмсөхгүй. Бүхээгээс дотуур хувцас, урагдаж цоорсон гутал, хувцас гардаг. Анхнаасаа хогийн саванд л хаях хэрэгтэй шүү дээ. Бид бүхээгт ирсэн хувцсыг хими цэвэрлэгээнд өгч заримыг нь сэргээн засварласны дараа зорилтот бүлгийн айл өрхүүдэд хороогоор дамжуулан тараадаг" гэсэн  юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж