ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ (ТАЗ)-ИЙН ГИШҮҮН Д.БААТАРСАЙХАНТАЙ ЯРИЛЦЛАА.
–Ирэх сарын 4-ний өдрөөс зохион байгуулагдах төрийн албаны ерөнхий шалгалтад хэчнээн хүн бүртгүүлэв?
-Жилд хоёроос доошгүй удаа төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах журамтай. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард төрийн албаны ерөнхий шалгалтыг улс орон даяар зохион байгуулсан. Энэ оны хоёрдугаар сар болон арванхоёрдугаар сард шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн боловч цар тахлын улмаас хойшлогдоод өдийг хүрсэн. Нэгдүгээр сард 8100 орчим иргэн бүртгүүлсэн байсан.
Тиймээс Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр өнгөрөгч есдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг нэг сарын хугацаанд зохион байгууллаа. Энэ жилийн ерөнхий шалгалтад өнгөрсөн нэгдүгээр сарын бүртгэлтэй нийлээд 16013 хүн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Бүртгэл хаагдсаны дараа бүртгэлээ хагас дутуу хийсэн, баталгаажуулах холбоосыг дараагүй зэрэг өөрсдийн хайхрамжгүйтэй холбоотой мэр сэр асуудал гарсан.
Иргэд аливаад цагийг нь тулгаж хийдэгтэй холбоотойгоор сүүлийн гурван өдөр серверт маш их ачаалал үүсгэсэн. Тэр байтугай бүртгэл хаагдах өдрийн 13 цаг 58 минутад гэхэд л маш олон иргэн бүртгүүлэх гээд илгээх товчоо дарчихсан байдаг. Гэтэл бүртгэлийн мэдээллээ бүртгэх системд илгээсэн хэрнээ тэр нь сүлжээний хурдаас шалтгаалан 14 цаг 05 минутад манай бүртгэлийн системд орж ирэх жишээний. Тиймээс Үндэсний дата төвөөс бид лавлаж, бүртгэлд хамруулах эсэхээ тогтоож шийдвэрлэлээ. Аравдугаар сарын 10-ны үеэр Говьсүмбэр аймагт гэхэд л тавхан иргэн бүртгүүлсэн байсан. Яг бүртгэл хаахад, энэ тоо 93 болж нэмэгдсэн.Өмнө нь бол 10 хоногийн хугацаанд л бүртгэдэг байсныг 30 хоног болгож сунгасан.
-Төрийн албаны шалгалтад бэлтгэх гарын авлагыг анх удаа цахим хэлбэрээр гаргасан. Энэ нь хэр үр дүнтэй байв?
-Мэдээлэл технологийн хурдыг дагаад иргэдийн цаг хугацааг хэмнэсэн гэдгээрээ маш үр дүнтэй байлаа гэж ойлгож байгаа. Өнгөрсөн жил бид төрийн албаны шинэтгэлд нэг өөрчлөлт хийе гээд шалгуулагчдыг хөдөлмөр гаргаж бэлдүүлэх зорилгоор шалгалтын тестийн 40 хувийг нь ил гаргаад үлдсэн 60 хувийг нь ил гаргалгүйгээр тестийнхээ санд үлдээсэн. Гэвч маш их шүүмжлэл дагуулсан. Тэгэхээр нь энэ жил шинээр гаргасан Төрийн албаны шалгалтын сорил номд тестийг хариутай нь хамт 100 хувь оруулсан.
Нөгөөтэйгүүр цаг хугацааны хувьд бэлдэх боломжийг нь эртнээс хангасан гэж хэлж болно. Мөн Төрийн албаны зөвлөлийн сайтад өдөрт нэг хуулиас 25 сорил орж байгаа учир түүнээс ажиллах боломжийг ч давхар олгосон. Энэ жилийн шалгалтын сорил цахимаар болон хэвлэмэл гээд аль алийг нь хослуулж хүртээмжийг нь нэмэгдүүлсэн тул шалгалтад олон хүн тэнцэх байх гэсэн хүлээлт тавьж байгаа.
"БҮРТГҮҮЛСЭН 16013 ИРГЭНИЙ 8 МЯНГА ОРЧИМ НЬ НИЙСЛЭЛД, ҮЛДСЭН НЬ ОРОН НУТАГТ ШАЛГАЛТАА ӨГНӨ"
-Өнгөрсөн жилийнхээс нэг дахин олон хүн энэ жил шалгалт өгөх юм байна. Шалгалтын бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ?
-Нийт бүртгүүлсэн 16013 иргэний 8 мянга орчим нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт шалгалтаа өгнө. Энэ жилийн хувьд бол зохион байгуулалтад бага зэрэг өөрчлөлт орсон. Төрийн албаны зөвлөлийн өнгөрөгч наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар төрийн албаны ерөнхий шалгалтын үнэлгээ, зохион байгуулалтыг хялбарчлах, бэлтгэгчдэд хүлээлт, чирэгдэлгүй ээлтэй байдлаар төсөл боловсруулсан. Уг төсөлд төрийн албаны ерөнхий шалгалтын гурван бүрэлдэхүүн шалгалтыг нэг дор өгөх зохицуулалтыг тусгасан.
Өмнө нь бол эхний шалгалт буюу ерөнхий мэдлэгийн шалгалтад тэнцсэн шалгуулагч дараа өдрүүдэд хоёр, гурав дахь шалгалтад ордог байсан. Тэгвэл үүнийг өөрчилж, ерөнхий шалгалтдаа тэнцсэн тохиолдолд Монгол хэл, бичгийн шалгалт болон дүн шинжилгээ хийх чадварын шалгалтаа нэг өдөр өгнө гэсэн үг.
Цар тахлын үед нэг хүн гурван удаа ирэх нь эрсдэлтэй тул дээрх зохицуулалтыг хийх нь зөв гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, иргэдийг гурван удаа бөөгнөрүүлж нэг цэгт ирүүлэх шаардлага үүсгэхгүйгээр эхний шалгалтын босго оноогоо давсан хүн тэр ангидаа сууж үлдээд үргэлжлүүлээд, хоёр дахь шалгалтаа өгнө. Тэнцсэн бол тухайн хүн нэг танхимдаа сууж байгаад л гурван шалгалтаа өгөөд гарна гэсэн үг.
"БОСГО ОНООГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭСЭН"
–Шалгалт тус бүрийн нийт сорилын 65 хувь ба түүнээс дээш хувийг авч тэнцсэнд тооцож, нөөцөд бүртгэдэг шүү дээ. Тэгвэл энэ удаад босго оноо өөрчлөх асуудал яригдаж байсан. Энэ нь эцэслэгдсэн болов уу?
-Босго оноог хэвээр нь үлдээсэн. Босго оноог зохих түвшинд буюу 50 ба түүнээс дээш хувийг авч тэнцсэнд тооцдог байхаар журмын төсөлд олон нийтийн санал болон Засгийн газар мөн 48 салбар зөвлөл рүүгээ хүргүүлсэн. Гэвч босго оноог буулгая гэдэг санал нэгнээс нь ч гараагүй буюу дэмжигдээгүй учраас босго оноог өөрчлөөгүй.
Хоёрдугаарт, Төрийн албаны зөвлөлөөс Монгол Улсын хэмжээнд сонгон шалгаруулалт явуулдаг байгууллагуудтай харилцан уулзалт хийж, туршлага солилцох байдлаар мэдээлэл солилцсон. Тухайлбал, ЭЕШ-ийг зохион байгуулдаг БШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төв мөн шүүгчдийг сонгон шалгаруулдаг Шүүхийн ерөнхий зөвлөл, Хуульчдын холбоотой уулзалт хийсэн. Эдгээр байгууллага бүртгэлээ яаж хийдэг, босго оноо нь хэдэн хувь, мөн байр танхимаас эхлээд зохион байгуулалтаа хэрхэн явуулдаг зэрэг асуудлаар мэдээлэл солилцсон. Дээрх байгууллагуудын шалгалтын босго оноо нь 60 хувиас дээш байдаг юм байна.
Төрийн албаны ерөнхий шалгалтын 65 хувийн босго оноог дундаж гэж үзсэн.
-Шалгалтад бүртгүүлсэн зарим иргэний баталгаажуулах код нь очоогүйгээс бүртгэгдсэн эсэхдээ эргэлзсэн хүмүүс байх шиг байна. Код очоогүй нь ямар учиртай юм бэ?
-Миний хувьд 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл төрийн албаны шалгалт зохион байгуулалтад оролцож ирсэн. Манай иргэдийн өөрсдийнх нь хайнга байдал эсвэл мэдээлэл технологитой харьцах мэдлэг дутмагаас асуудал гардаг. Өөртөө багахан цаг гаргаад бүртгүүлчих зүйлд хайхрамжгүй ханддаг тал бий. Бүртгүүлсэн утасны дугаараа солих, цахим хаяг нээгээгүй байх эсвэл нууц үгээ мартчихсан байх жишээтэй.
Бүтэн сарын хугацаанд бүртгэл явагдаж байхад эхний 25 тав хоногт бүртгэлд хамрагддаггүй. Тэгж байснаа сүүлийн тав хоногт эсвэл гурав хоногт нь гэнэт бүгд ханддаг. Тэгэхээр сервер ачаалал өгнө шүү дээ. Энэ нь ганцхан Төрийн албаны зөвлөлийн серверт ачаалал үүсгэхгүй мөн "Хаан" банкны серверт гацаа үүсгээд банкнаас бидэнд гомдол мэдүүлдэг. Гэтэл энэ бүхэн иргэдийн өнөөх цагийг нь тулгадаг хандлагатай л холбоотой.
Таны асуултын тухайд, энэ сарын 26-ны өдөр бүртгүүлсэн бүх иргэдийнхээ шалгалтын хуваарийг гаргана. Өөрөөр хэлбэл, Дорж гэдэг иргэн хэдний өдрийн, хэдэн цаг, хэдэн минутад тийм газар ирж шалгалтаа өгнө гэсэн хуваарийг нь гаргана. Тухайн хуваарийг гаргахад, баталгаажуулалтын код нь очоогүй гэсэн хүмүүсийн мэдээллийг тодруулна гэсэн үг. Хоёрт, нууц үг нь ирээгүй тохиолдолд бүртгэлийн хэсэг дэх нууц үгээ сэргээе гэсэн хэсэг рүү ороод шинэ нууц үгээ авах боломжтой.
"ЦАХИМ БОЛОН ХЭВЛЭМЭЛ НОМД ШАЛГАЛТАД ИРЭХ БҮХ ТЕСТҮҮДИЙГ ХАРИУТАЙ НЬ ОРУУЛСАН"
-Төрийн албаны шалгалтын шинэ сорилын цахим номоос шалгалтын бүх даалгавар орно гэж ойлгох уу. Жишиг номоосоо ирсэнгүй гэсэн гомдол, шүүмжлэлүүд өмнө нь гарч байсан шүү дээ?
-2019 оны арваннэгдүгээр сард авсан шалгалтад дээрх асуудал гарсан. Жишиг номд 100 хувь бүх тестийг оруулахгүйгээр 40 хувийг нь оруулсан гэж дээрх хэсэгт би яриандаа хэлсэн. Үндсэндээ шалгалтын тестийн 60 хувь нь серверт хадгалагдсан. Тухайлбал, нийгмийн даатгалтай холбоотой хуулийн асуулт иймэрхүү жишигтэй байх нь шүү гэсэн ерөнхий чиглэлийг оруулсан. Энэ хүрээнд шалгалтад оролцогчдод холбогдох бусад эх сурвалж, эрх зүйн баримт бичгийг бие даан судалж мэдлэгээ бататгах байсан.
Энэ жилийн хувьд аль болох хүний нөөцийн “банк” бүрдүүлэхийн тулд шинээр гарсан Төрийн албаны шалгалтын сорилын цахим болон хэвлэмэл номд шалгалтад ирэх бүх тестийг хариутай нь оруулсан. Тэгэхээр цахим ном болон цаасан хэвлэлээс сайн бэлдсэн хүн шалгалтад тэнцэх магадлал өндөр гэж ойлгох хэрэгтэй.
-Зарим хүн хариултыг нь автоматаар чээжлэх тохиолдол олон. Тухайлбал, монгол хэлний асуултын дийлэнх хариулт нь b хувилбар гээд чээжлэчихдэг. Энэ нь мэдээж буруу биз?
-Тэгэлгүй яахав. Хариултын а,b, с, d-г автоматаар цээжилж болохгүй. Зэрэгцээ суугаа хоёр хүнд нэг ижил асуулт очлоо гэхэд нэгд нь 35 дахь асуулт, нөгөөд нь нэгдэх асуулт болж очихыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл компьютерын программаар асуулт бүр сэлгэгддэг. Доржид ирсэн нэгдүгээр асуултын а хариулт зөв байсан атал нөгөө шалгуулагчид 35 дахь асуултад d хариулт нь зөв байна гээд хэл ам хийдэг. Жишээ нь 1000 тест байлаа гэхэд наана, цаанаа орж сэлгэгддэг мөн хариултууд дотроо дахиад сэлгэгддэг.
Солонгос улсын төрийн албаны шалгалтын арга зүйтэй танилцахад, тухайн бэлтгэсэн гарын авлагаа таван жилийн хугацаанд гадагш нь гаргадаггүй юм билээ. Тэгээд таван жилийн дараа нийтэд гаргахдаа өнгөрсөн таван жил бид энэ номоос шалгалт авсан. Одоо жишиг гарын авлага болгож нийтэд гаргаж байна гэдэг. Өөрөөр хэлбэл, таван жилийн дараа л жишиг номтойгоо танилцдаг гэсэн үг. Энэ загвараас бид жишиг авч өнгөрсөн жил шалгалтын тестийг 100 хувь жишиг номдоо оруулаагүй. Олон улсын туршлагаас судалсан "баатар" болсон чинь шүүмжлүүлсэн (инээв).
-Шалгалтын тест өмнө нь боловсруулагддаг гэдэг хардлага сэрдлэг бий. Ер нь Төрийн албаны шалгалт шударга явагдаж чадаж байна уу?
-Тухайн танхимд шалгуулагчид бүгд орж ирсний дараа нь шалгалтын тестийг программаар боловсруулдаг. Үүнд хугацаа ч орохгүй, ерөөсөө команд өгөөд бол оо. Ангид 30 хүн сууж байвал 30 вариант, 200 хүн байвал мөн 200 вариант ирнэ. Яг ижил вариант давтагдахгүй. Магадгүй Батад ирсэн нэг дэх асуулт хажуудах хүнд нь гурав дахь асуулт болж орохыг үгүйсгэхгүй. Тэгэхдээ хариулт нь Батынх с хувилбар нь зөв байсан бол нөгөө хүнд d хувилбар зөв хариулт нь байх гэх мэтээр сэлгэгддэг.
Өөрөөр хэлбэл, шалгалт авах үед сан үүсч асуултууд холигддог.
–Төрийн албаны шинэчлэлийн хүрээнд төрийн албаны шалгалттай холбоотойгоор өөр ямар шинэчлэлүүд хийгдэж байна вэ?
-Төрийн албаны шалгалт анх 1996 оноос авч эхэлсэн. Тухайн үед ерөнхий мэдлэгийн шалгалт, мэргэжлийн мэдлэгийн шалгалт, гуравт нь ярилцлагын шалгалт, дөрөвт нь эрүүл мэндийн үзлэгийн шалгалт гээд ийм дөрвөн шалгалт авдаг байсан.
Төрийн албаны шинэ хууль 2017 батлагдаад, 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдаж, төрийн албан хаагчийн шинэ харилцааг зохицуулж эхэлсэн. Шинэ хуулийн онцлогийн нэг нь ерөнхий шалгалт гэдэг ойлголтыг хуульчилж өгсөн. 2010 оноос эхлэн шалгалтыг жилд хоёр удаа гэхгүйгээр тогтмол авч байсан. Гурван яамнаас захиалга ирэхээр нь нэгтгээд л нэг зарлаад явуулчихдаг, хоёр аймгаас ирэхээр нь нэгтгээд л, нэг зарлаад л явуулчихдаг ийм л зохицуулалттай явж ирсэн.
Одоо бол нэг ижил цаг хугацаанд орон даяар шалгалтыг жилд хоёр удаа авдаг болсон гэсэн үг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зохион байгуулахад нэг ээлжид гэхэд улсын хэмжээнд 1200 хүнээс нэгэн зэрэг шалгалт авсан. Энэ нь анх удаагийнх, маш том зохион байгуулалт шаардсан шалгалт болсон. Хоёрдугаарт, цахимаар бүртгэж эхэлсэн. Өмнө нь бол бид нэг газар очерлохоос эхлээд барилга, орчин, техник тоног төхөөрөмж гээд хүндрэлтэй асуудал гардаг байсан бол онлайнаар бүртгэх нь шалгуулагчдад ч амар дөхөм болсон.
Төрийн албаны шалгалтын агуулгад мөн өөрчлөлт орж ерөнхий мэдлэг, монгол хэл, бичгийн чадвар, дүн шинжилгээ хийх чадвар гэсэн гурван хэсгээс бүрддэг болсон. Өмнөх хуулиар удирдан зохион байгуулах, манлайлах, асуудал шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, багаар ажиллах чадвар зэрэг энэ бүхнийг хуульчлаагүй байсан. Тэгвэл шинэ хуулиар зургаан ур чадварыг хуульчилсан. Үүний таван ур чадвар нь сорил, даалгаварт заавал ордог.
Олон улсад бол төрийн албаны шалгалт ярилцлага болон хандлагаар нь дүгнэдэг. Манайд энэ нь одоохондоо тохиромжгүй гэж үзэж байгаа. Цаашдаа шалгалтын зохион байгуулалтад Хур системийг ашиглаж эхэлнэ.
Мөн төрийн албаны шалгалтад бэлтгэгчдэд зориулсан гар утасны аппликейшн гаргахаар ажиллаж байна. Ирэх оноос хэрэглээнд нэвтэрнэ. Ерөнхийдөө энэ мэт шинэчлэлтүүд хийгдээд л явж байгаа. Хамгийн гол нь санхүүгийн асуудал хүндрэлтэй байдгийг нуухгүй.
–Өнгөрсөн онд шалгалт өгөөд тэнцсэн хүмүүсийн хэд нь өнөөдөр ажлын байранд очив. Шалгалтдаа тэнцсэн ч гэсэн ажил олдохгүй нөөцөд л байдаг?
-Өнгөрсөн онд 8860 хүн шалгалт өгснөөс 1116 хүн тэнцэж, Төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн. Үндсэндээ 13 хувь нь тэнцсэн гэсэн үг. Тэдний найман хувь нь ажилд орсон гэсэн дүн мэдээлэл байна.
Холбоотой мэдээ