Ираны хүчирхэгжилтэд саад үгүй болов | News.MN

Ираны хүчирхэгжилтэд саад үгүй болов

Ираны хүчирхэгжилтэд саад үгүй болов

Ираны хүчирхэгжилтэд саад үгүй болов

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс 13 жилийн өмнө Ираны эсрэг тавьсан зэвсгийн хоригийн хүчинтэй хугацаа өнгөрсөн Ням гаригт (2020.10.18) дууслаа. 2015 онд байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээний 2231-р зүйлд зааснаар Иран нь ураны нөөцөө барагдуулж, баяжуулах үйлдвэрлэлээ зогсоох болзолтойгоор НҮБ-ын зэвсгийн хоригийг таван жилийн дараа дуусахаар тохиролцсон байв. Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон болон Германы гадаад хэргийн сайд нарын ‘P5+1’ гэх баг Ираны талтай Тегераны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээг хэлэлцсэний үр дүнд 2015 оны дөрөвдүгээр сарын 2-нд үндсэн гэрээг байгуулсан юм. НҮБ-ын хориг хүчингүй болсноор Иран нь олон улсын конвенц, хууль дүрмийн дагуу бусад орнуудаас буу зэвсэг, пуужин, нисдэг тэрэг, танк зэргийг худалдан авах, зарах боломжтой болж байна.

АНУ-ЫН ХАРИУ ҮЙЛДЭЛ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг “түүхэн дэх хамгийн муу хэлэлцээр” хэмээн нэрлэж, 2018 оны тавдугаар сард  гарах зарлигт гарын үсэг зурсан юм. Дональд Трамп “Цөмийн хөтөлбөрийн гэрээ хаана хүргэх нь урьдаас тодорхой байгаа учраас бид энэ замаар явах хүсэлгүй байна. Энэ зам нь хүчирхийлэл, терроризм, Ираны цөмийн дайралтын бодит аюулд хүргэнэ. Миний удирдсан засаг захиргааны хувьд Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээний дутагдалтай талуудыг засч залруулахын тулд Конгресс болон холбоотон орнуудтайгаа нягт хамтран ажиллах болно. Аюулыг үл тоомсорлох тутам уг аюул улам өсдөг гэдгийг бид Хойд Солонгосын жишээнээс харсан билээ” хэмээн мэдэгдэж байв.

АНУ болон Израйль улсын зүгээс өнгөрсөн 2019 оноос хойш Ираны эсрэг НҮБ-ын зэвсгийн хоригийг сунгахаар хичээж, лоббидсон. Улмаар АНУ нь өнгөрсөн наймдугаар сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр НҮБ-ын зэвсгийн хоригийг цаашид хугацаагүй сунгуулахаар оруулж ирсэн ч дэмжлэг аваагүй юм. Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 орноос ганцхан Доминикан улс нь АНУ-ын оруулж ирсэн тогтоолын төслийг дэмжсэн бол ОХУ, Хятад улсууд эсэргүүцжээ. Харин Аюулгүйн зөвлөлийн 11 орон тэдний дунд “Е3” гэгдэх Франц, Герман, Их Британи улсууд санал өгөхөөс түдгэлзжээ.

Тухайн үед, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “хүчирхэг гүрнүүдийн Ирантай зөвшилцөн байгуулсан Тегераны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс АНУ дангаар гарч, тус улсын эсрэг бүх хоригийг сэргээсэн нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, түүний хамтарсан шийдвэрийг дорд үзэж, Ойрхи-Дорнодын зөрчлийг өдөөсөн үйлдэл” хэмээн шүүмжилж байв.  Нөгөө талд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес мэдэгдэхдээ АНУ-аас Ираны эсрэг бүх хоригоо сэргээсний эсрэг ямар нэгэн арга хэмжээ авахгүй хэмээжээ.

НҮБ-ын зэвсгийн хориг хүчингүй болсны дараа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр Ирантай зэвсгийн худалдаа, нийлүүлэлт, шилжүүлэг хийсэн хувь хүн, байгууллагыг АНУ-ын хар жагсаалтад оруулан хориг тавихаа анхааруулжээ.

ИРАНЫ ХАРИУ ҮЙЛДЭЛ

НҮБ-ын зэвсгийн хоригийн хүчинтэй хугацаа дууссан нь Ираны дипломат ажиллагааны түүхэнд онцгой өдөр болсныг тус улсын Ерөнхийлөгч Хассан Роухани онцолжээ. Мөн тэрбээр Ирантай худалдаа хийсэн гуравдагч орныг АНУ нь хоригоор дээрэлхэх гэж оролдвол шийдвэртэй хариу барина хэмээн анхааруулсан юм. Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф мэдэгдэлдээ “Энэ бол АНУ-ын засаг захиргааны хүчин чармайлтыг ялсан олон улсын нийгэмлэгийн түүхэн өдөр” хэмээн тэрбээр мэдэгджээ.

ОДОО ЮУ БОЛОХ ВЭ?

Одоогоор Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнд оролцогч “Е3” бүлэг болон ОХУ, Хятад улсууд ямар хариу үйлдэл үзүүлэхийг харах үлдэж байна. Өмнө нь өнгөрсөн долдугаар сард “Е3” бүлгийн гадаад хэргийн сайд нар  Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээний 2231-р заалтыг бүрэн сахин биелүүлэхээ мэдэгдсэн. Тэдний үзсэнээр Ираны эсрэг НҮБ-ын зэвсгийн хоригийг цуцалснаар бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалд том нөлөө үзүүлэхийг онцолж байв. Улмаар Европын холбооны пуужингийн технологи, зэвсгийн экспортын конвенцийн хоригуудыг 2023 оныг хүртэл хүчинтэй байлгахыг уриалсан.

Нөгөө талд ОХУ, Хятад улсууд нь Иранд зэвсэг, техникээ худалдахад ямар нэгэн хориг саадгүй болж байна. АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Иран нь Оросоос байлдааны нисэх онгоц, сургуулилтын нисдэг тэрэг, хуягт танк зэрэг бусад дэвшилтэт технологийн зэвсэг, техникийг худалдан авах сонирхолтой аж. Орос, Хятадын хувьд Иранд зэвсэг, техникээ худалдах ашиг, сонирхол байгаа нь мэдээж. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Иран нь олон улсын хоригийн улмаас зөвхөн дотоодын зэвсгийн үйлдвэрлэлд тулгуурлан, батлан хамгаалахын чадамж нь хязгаарлагдмал байж иржээ. Түүнчлэн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн наймдугаар сард мэдэгдэхдээ Иранаас пуужин худалдан авах бодолтой буйгаа илэрхийлсэн юм.

ИРАНЫ АМБИЦ

Ойрхи-Дорнодод дэлхийн хэмжээний хүчирхэг гүрнүүд байхгүй боловч Саудын Араб, Иран, Турк, Израйл зэрэг нөлөө бүхий улсууд оршин тогтнодог. Тэр дундаа исламын суннит урсгалыг баримтлагч Саудын Араб, шийтүүдийн Иран улс нь Ойрхи Дорнодод нөлөө, хяналтаа тогтоохын төлөө тэмцэж буй хоёр хүчирхэг өрсөлдөгч юм.

“Шийтийн сэргэн мандалт" гэж нэрлэгдэх болсон 1979 оны хувьсгалаас хойш Иран, Саудын Араб зөрчилдөж эхэлжээ.  Үүнээс хойш энэ хоёр улс Ойрхи Дорнодод нөлөөгөө тогтоож, өрсөлдөгчийнхөө хүчийг сулруулын тулд чадах бүхнээ хийж байна. Иран улс бол түүх талаасаа авч үзсэн ч агуу Персийн эзэнт гүрний үргэлжлэл бөгөөд тэд энэ бүс нутагт эрт дээр үеэс гол тоглогч нь байсаар ирсэн. Иран улс нь газрын тосны нөөцөөр Дэлхийд дөрөвдүгээрт харин байгалийн хийн нөөцөөр Орос улсын дараа ордог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

onom 2020-10-20 119.40.98.106

Иран НҮБ-ийн хоригийг даваад гарлаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Иранаас том бүх улс давж гарч чадна. Тиймээс Иранаас том улсад НҮБ-ийн хориг тавих утгаггүй гэдгийг харуулж байна. Иран жишээ нь аль талаараа ОХУ-ын хаана ч хүрэхгүй. Бүх үзүүлэлтээрээ хаана нь ч хүрэхгүй шүү. Энэ бол баримт. Гэтэл манайхан ОХУ-ыг доош нь хийгээд байдгийг ойлгодоггүй. Тэгж байгаа хүмүүсийг цаанаасаа санхүүжилттэй, ажил гэж хардаг. Бодит байдалтай нийцэхгүй тийм юман дээр тэгж их ач холбогдол өгөөд байгаа …

Avatar

Зочин 2020-10-20 202.179.26.52

иранд махаа олигтойхон зар

Avatar

Зочин 2020-10-20 192.82.76.46

Иран даравч далдайна, булавч бултайна. Дээд Тэнгэрээс ингэж тогтоосон юм. Бүс нутагтаа маш их хүчирхэгжинэ. Улмаар дэлхийн тэргүүлэх байр суурьлуу ч зүтгэнэ. Ирээдүйд хүн төрөлхтөний хувь заяанд тулгарах олон том сорилтуудын нэгээхэн, маш том сорилтын үндэс шалтгаан нь ираны сэргэн мандалт байх болно. Тэр аймшигт цагт англо-саксончуудийн үүсгэсэн соёл иргэншил үндсээрээ сэгсрэгдэнэ. Гэвч ираны аймшигыг номхотгон дарах илүү хүчирхэг Нэгнийг төв азиас ЭЗЭН босгоно….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж