Р.Даансүрэн: Маршал Чойбалсангийн дүрд дуулж явлаа

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

Р.Даансүрэн: Маршал Чойбалсангийн дүрд дуулж явлаа

Энэ удаагийн дугаарын зочноор морин хуурч, яруу найрагч, дуучин Р.Даансүрэнг урилаа. Түүнтэй уран бүтээл, үзэл бодлынх нь тухай ярилцсан юм.

-Шинэ он солигдоод удаагүй байна. 2015 оны ажлын амжилт бүтээлээсээ хуваалцаач?

-Би хувиараа студи ажиллуулдаг юм. Дуу, бичлэг болон клипний ажилтай байлаа. Үүнээс гадна баримтат кино ч хийлээ. 2015 он амжилт, бүтээлээр дүүрэн сайхан өнгөрсөн шүү.

-Хувийн уран бүтээлдээ хэр анхаарч байна?

-Саяхан “Аав,ээж уул” гэсэн дууны захиалга ирсэн. Дуугаа хийгээд дуучин Х.Төрмандахаар дуулууллаа. Үүнээс гадна М.Далайхүү агсаны нэг уран бүтээлийг энэ зун сэргээж, гүйцээж өгсөн. Манай уран бүтээлчид “Миний Дундговь” дууг миний хоолойнд таарах юм байна гэж хийж өгснийг нь өөрөө дуулсан.  Энэ мэт уран бүтээлийн олз омог арвин шүү.

-Захиалгын уран бүтээл их ирдэг юм шиг байна?

-Салбар, салбарын уран бүтээлчид маань их ханддаг. Манай студи зөвхөн дуу бичээд зогсохгүй. Салбар бүртээ манлайлагч байхыг эрхэмлэдэг юм. Би чинь албан байгууллагын баяр ёслол дээр дуулна, өөрөө хөтөлчихнө.

-Таныг урлагийн олон салбарт, олон жил  хүч сорьж байгааг мэдэх юм. Одоогоор аль төрлийг нь илүү дагнаж ажиллаж байна?

-Би 1994 оноос мэргэжлийн урлагийн байгууллагад орсон. Өмнө нь холбооны байгууллагад ажилладаг байлаа. 1994 онд Төв аймагт С.Вандан, Д.Дуламсүрэн хоёрын нэрэмжит  гэр бүлийн дуулаачдын улсын уралдаан боллоо. Би гэргийтэйгээ оролцож, байр эзэлдэг юм байна. Тэргүүний уран сайханч болчихлоо. Энэ үеэс урам аваад Төв аймгийн театрт ажилласан түүхтэй. Тэр үеэс урлаг амьдралын минь нэг хэсэг болсон. Харин одоо бол дуу бичлэгийн студидээ голлож байгаа. Гэхдээ шүлэг бичих хобби учраас үзэг цаас нийлүүлэх минь хэвээрээ л байна.

-Та чинь Дундговийн хүн шүү дээ?

-Төв аймгийн театрт хоёр жил ажиллаад Дундговийн театртаа очсон. Гэргий маань одоо ч нутгийнхаа театрт ажиллаж байгаа. Би хоёр жилийн өмнөөс хувиараа уран бүтээл хийх болсон. Манай театр чинь дуулалт жүжгийнх шүү дээ. Энэ утгаараа тайзан дээр жүжиглэнэ. Олон жүжгийн гол дүрд дууллаа. Б.Лхагвасүрэнгийн “Элсний хатан” дуулалт жүжгийн Тангудын хааны дүр, “Эрүү цагаан богд” жүжгийн Арвижих ноён зэрэг том бүтээлүүд байна. Мөн зохиолч Д.Төрбатын хоёр ч дуулалт жүжигт дуулсан. “Жанжин заан” жүжигт Маршал Чойбалсангийн дүрд хүртэл дуулж явлаа. Надад эдгээр дүрүүдийг итгэж өгдөг байсан театрынхаа хамт олонд баярладаг юм.

-Анх таныг театрын хаалгаар алхаж ороход  ямар уран бүтээлчид угтаж байв?

-Төв аймгийн театрт ажиллаж байхад Дундговийн театрын найруулагч н.Доржсүрэн бид хоёрыг нутагтаа ир гэж дуудсан юм. Тухайн үед ахмад уран бүтээлч их байлаа. Тэднээс урлаг, алтан тайз гэж юу болох, урлагийн хүний мөн чанар, уран бүтээлч байх зэрэг олон зүйл сурсан. Харин одоо манай театрын уран бүтээлчид харьцангуй залуужсан.   

-Дундговийн театрын хөгжлийг та хэрхэн харж, дүгнэж байна?

-Манай театр харьцангуй гайгүй. Хотод ирж уралдаан, тэмцээнд байнга оролцож байна. Хэд, хэдэн “Гэгээн муза”-тай. Үүнээс гадна төрөлх театраа зорьж очих залуу үеийн уран бүтээлч олон байна.

-Танай гэр бүлийн хүн бас дуучин гэсэн. Ханьтайгаа хамтарсан уран бүтээл хэр олныг хийсэн бэ?

-2000 онд “Дуундаа жаргасан говь”анхны гэр бүлийн тайлан тоглолтоо хийж байлаа. Энэ үед хүүхдүүд минь их жаахан байсан ч бүгд тоглолтод оролцож байсан. Үүнээс хойш хэд, хэдэн тоглолтоо амжилттай зохион байгууллаа.

-Таныг дөрвөн хүүтэй гэж сонссон. Бүгд урлагийн авьяастай гэх билээ?

-Манайх таван хүүхэдтэй. Хамгийн том нь тайз дэлгэцийн зураач мэргэжилтэй. Одоо Францад уран бүтээл хийгээд амьдарч байна. Дөрвөн хүү маань бүгд морин хуур тоглодог. Үүнээс хоёр хүү минь дуулдаг. Нэг нь одоо нутгийнхаа театрт ажиллаж байгаа. Хэдийгээр өөр, өөр мэргэжил эзэмшсэн ч бүгд урлагт хайртай, мэдрэмжтэй.

-Та яагаад хотод ирсэн юм бэ. Театртаа үргэлжлүүлээд ажиллах боломж байгаагүй юм уу?

-Манайх хэнз хүүхэдтэй. Хүү маань хотод Хөгжим бүжгийн коллежид морин хуурын ангид сурч байгаа. Бид хоёрын хэн нэгэн нь хүүтэйгээ хамт байхгүй бол болохгүй гээд би хот руу ирсэн юм.

-Яруу найргийн ертөнцтэй та хэдийнээс танилцав?

-Дундговийн техниккумд 1976-1979  онд сурч байх үеэсээ яруу найрагт шимтэж эхэлсэн. Тухайн үед Д.Миеэгомбо гэсэн мундаг найрагч байлаа. Мөн “Монгол бүсгүйн үзэсгэлэн гоо” дууг бичсэн Нямсүрэн гэдэг яруунайрагч дугуйлан нээхэд нь анхны сурагчийнх нь нэг болж очсон.  Зүүнбаянд цэргийн алба хааж байхдаа ч шүлэг бичдэг байсан.  1982 онд цэргээс халагдаад Дундговь аймгийн утга зохиолын нэгдлийн дарга Д.Цэнджав гуайд шавь орсон түүхтэй.

-Цаг хугацаа өнгөрөх тусам шүлгийн сэдэв, санаа хаашаа чиглэж байна?

-Анх реалист өнгө аясаар бичдэг байлаа. Бидний үеийн найрагчид ер нь энэ чиглэлийг их эрхэмлэдэг байсан. Харин үүнийг эвдэж, өөрчилсөн хүн бол Б.Лхагвасүрэн гэж би боддог. Одоогоор сэтгэлгээний чиглэлийг голчилж байна даа.

-Хамгийн сүүлд та ямар шүлэг бичив?

-“Дүүрэн сайхан жаргалан” гэдэг шүлэг хэлье.  

Хөхөлбөр цэцэгс таанын анхил нэл сүлэрээд

Хөөмөн улаан толгод үзмэн тэмээтэй зохил тунараад

Хөхчүү тэнгэр охь салхин талбиж тачаахуй

Хөнгөн хөлт хүлгийн төвөргөөнд сэтгэл цэлмэхүйяа ….

Ч.ГАНТУЛГА

 Эх сурвалж: www.polit.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж