Орон нутгийн сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсан нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг өнөөдөр /2020.10.19/-өөс харъяа Сонгуулийн хорооны дарга нь Иргэдийн хурлын даргад өргөн мэдүүлээд байна. Энэхүү жагсаалтаар дуучин О.Анхбаяр, тэмцэгч Б.Жагар, Ерөнхий сайдын хүргэн Б.Пүрэвдагва, УИХ-ын дарга асан М.Энхболдын охин Э.Хулан, ХААИС-д сурдаг 19 настай Г.Гантулга, аав охин хоёр болох Б.Эрдэнэчимэг, Э.Улаанхүү нар Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллана. Сонгуульд ялалт байгуулсан содон нэр дэвшигчдийн тухай тоймлон хүргэе.
ДУУЧИН О.АНХБАЯР, Б.ЖАГАР НАР ХАН-УУЛААС СОНГОГДОВ
Социализмын үед Ажилчны район тодотголтой байсан Хан-Уул дүүрэгт өдгөө УИХ-ын гишүүдийн 90 шахам хувь нь амьдарч буй. “Хөрөнгөтнүүдийн дүүрэг” гэж цоллогдох нь ч бий. Тус дүүргийн сонгогчид хоёр ч содон сонголт хийсний нэг нь дуучин О.Анхбаяр юм. МАН-ыг бараадан нэг хэсэгтээ урлагаас хөндийрөөд байсан О.Анхбаяр Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн сонгуулийн 8-р тойрогт нэр дэвшсэн нь алдсангүй, ялалт байгуулав.
Тэрбээр 2015 оны үед МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчлал Монголын Залуучуудын холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бол түүнээс өмнө гэргий Б.Халиунаатайгаа хамтран уран бүтээл туурвиж явсан ч бусдын бүтээлийг хуулбарласан гэх дуулиан шуугианд холбогдож байв.
МАХН-ын дарга Н.Энхбаяртай дөрөө харшуулан, Хан-Уул дүүргийн МАХН-ын дарга болж, томорч явсан Б.Жагарт хан-уулчууд итгэл хүлээлгэснээр тус дүүрэгт Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллана. Нэр дэвших боломж олдоогүйд намаа сольсон уу, эсвэл УИХ-ын гишүүн О.Баасаанхүүгийн нэгэн адил намын даргатайгаа үзэл бодол нийлсэнгүй юу, уг сонгуульд Монголын Ногоон намаас нэр дэвшин өрсөлдсөн байдаг.
Өнгөрсөн хугацаанд тэрбээр Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийг ажил хийхгүй байна, эрх мэдэлтнүүдийг хамгаалж байна гэхчлэнгээр шүүмжилж, оймс шидэж, эсэргүүцлээ илэрхийлж явсан удаатай. Мөн УИХ-ын гишүүдийг байгалиа хамгаалах бодлого боловсруулахгүй байна гэж шүүмжлэн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг дуэльд дуудаж явсан юм.
Одоо харин өөрөө дүүргийн төлөөлөгчөөр сонгогдсон тул яаж ажиллахыг нь хан-уулчууд хүлээх болох нь.
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮРГЭН Б.ПҮРЭВДАГВА, М.ЭНХБОЛДЫН ОХИН Э.ХУЛАН СОНГОГДОВ
Улс төрийн хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн гэдгээр илүүтэй танигдсан Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргээс Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдоод байна. Карьераа богино хугацаанд шат ахиулж буй залуусын тоонд ордог. Учир нь МАН-д боловсролтой, зөв залуу олон байдаг ч Б.Пүрэвдагва шиг хурдан карьераа өсгөж, явж чаддаггүй. Харин Б.Пүрэвдагвын хувьд гэрлийн хурдаар карьераа өсгөсөөр Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид ногоон гэрлээр нэр дэвшсэн нэгэн гэж яригдах нь бий. Тэрбээр МАН-ын Бага хурлын гишүүн, МАН-ын Орон нутаг хөгжлийн хэлтсийн дарга, Нийгмийн Ардчлал Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч зэрэг олон албыг давхар хашиж байна.
УИХ-ын дарга асан М.Энхболдын охин Э.Хулан Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн сонгуулийн 6-р тойрогт нэр дэвшээд ялалт байгуулаад байна. Дөрвөн жилийн өмнө буюу 2016 онд мөн дээрх тойрогт нэр дэвшин ялалт байгуулснаар тус тойргийг төлөөлсөн төлөөлөгчөөр сонгогдон ажилласан юм.
Тэрбээр 2010- 2013 онд Грийнвичийн их сургууль, 2013-2016 онд МУИС-ийн харьяа Хууль зүйн сургуульд суралцан төгсчээ.
ХАМГИЙН ЗАЛУУ ТӨЛӨӨЛӨГЧ 19 НАСТАЙ
Төв аймгийн Баяндэлгэр сумын Иргэдийн хурлын төлөөлөгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан Г.Гантулга 19 настай. Жилийн өмнө МАН-ын гишүүний батлах авч байсан түүнийг сумынхаа Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдоно гэж тухайн үед хэн ч төсөөлөөгүй нь лавтай. Гэвч тэрбээр сурахын хажуугаар сумаа хөгжүүлэхийн төлөө ажиллах болох нь ээ. Их сургуулиа ч төгсөөгүй залуу төлөөлөгчөөр сонгогдсоныг шүүмжлэх нэгэн байхад өмгөөлөх нэгэн ч бий.
Г.Гантулга нь Хөдөө аж ахуй их сургуульд Эдийн засагч мэргэжлээр суралцдаг байна.
Төв аймгийнхан өнөө жил бас нэгэн сонирхол татах сонголт хийсэн нь аав, охин хоёрт итгэл үзүүлсэн явдал болов. Тодруулбал, Төв аймгийн Баянчандмань сумын Иргэдийн хурлын төлөөлөгчийн хоёрдугаар тойрогт нэр дэвшсэн Б.Эрдэнэчимэг, Баянчандмань сумын Иргэдийн хурлын төлөөлөгчийн нэгдүгээр тойрогт нэр дэвшсэн Э.Улаанхүү нар ялалт байгуулсан нь аав, охин хоёр болсон юм. Аавыг нь Б.Эрдэнэчимэг гэдэг бол охиныг нь Э.Улаанхүү гэдэг. Тэд Ардчилсан намаас өрсөлджээ.
НЭГ Ч САНАЛ АВААГҮЙ НЭР ДЭВШИГЧИД
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 12 нам, эвслийн болон бие даагч нийлээд нийт 17,161 нэр дэвшигч 8169 суудлын төлөө өрсөлдсөн. Нийт 2 сая гаруй иргэн саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэний 900 мянга гаруй нь Улаанбаатар хотод харъяалагдсан. Нийслэлийн хэмжээнд саналаа өгсөн сонгогчдын ирц 47.8 хувьтай гарсан бол улсын хэмжээнд саналаа өгсөн сонгогчийн ирцийн дүнг Сонгуулийн ерөнхий хороо өнөөдрийг хүртэл танилцуулаагүй байгаа юм.
Гэхдээ сонгуулийн нэг сонин “үзэгдэл” нь гурван нэр дэвшигч нэг ч хүний санал аваагүй явдал.
Тодруулбал, Хэнтий аймгийн Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хоёрдугаар тойрогт нэр дэвшсэн Э.Чулуунгэрэл, Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 21 дүгээр тойрогт дэвшсэн Д.Аюурбуньд, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зургадугаар тойрогт дэвшсэн А.Медетхан нар нэг ч хүний санал аваагүй байгаа юм.
Л.ОЮУ
Холбоотой мэдээ