ФАТФ Монгол Улсад 2023 онд дараагийн үнэлгээгээ өгнө

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

ФАТФ Монгол Улсад 2023 онд дараагийн үнэлгээгээ өгнө

ФАТФ Монгол Улсад 2023 онд дараагийн үнэлгээгээ өгнө

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (ФАТФ)-ын газар дээрх хяналт, шалгалтын баг энэ сарын 1, 2-ны өдөр Монгол Улсад ажиллаад буцсан. Манай улсын салбар салбарын 100 гаруй төлөөлөл хариуцсан ажил буюу “даалгавар”-аа тайлагнаж, холбогдох албаныхан “шалгалтаа нүүр улайхааргүйгээр өгсөн” гэсэн дүгнэлттэй хоцорсноо мэдэгдээд буй. Дээрх хяналт, шалгалтын эцсийн шийдвэр аравдугаар сарын сүүлээр буюу ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаас тодорхой болох юм.

ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас одоо гарлаа гэхэд бид дараагийн удаа дахин “Саарал жагсаалт”-д орохгүй байхад одооноос анхаарах нь чухлыг эдийн засагчид онцолж байна. Учир нь ФАТФ дараагийн удаад буюу 2023 онд Монгол Улсын техник хэрэгжилтийн 40 зөвлөмжийг үнэлэх ажээ.

ФАТФ-аас тавьдаг олон улсын стандартууд байнга чангардаг. Тус стандартуудыг Монгол Улс тухай бүрт нь дагаж мөрдөх ёстой. Тэгж чадахгүй бол дараагийн харилцан үнэлгээний баг ирэхэд дахиад дутагдалтай байна гэж дүгнүүлэх эрсдэлтэй. ФАТФ-аас тухайн стандартын дагуу хууль эрх зүйн орчиндоо шинэчлэл хийдэг, тэрхүү шинэчлэл нь практикт хэрэгждэг, бодлогын систем, зарчим, стратегитай байхыг хамгийн гол зарчим болгож шаарддаг байна.

Төв банк ФАТФ-ын зөвлөмжийн талаарх үнэлгээг сайжруулах чиглэлээр юуны түрүүнд энэ он болон ирэх он дамнаад виртуал хөрөнгийн эрх зүйн зохицуулалтын орчныг бүрдүүлэх хуулийг батлуулах асуудлыг хариуцан ажиллаж байгаа аж. Мөн ашгийн бус байгууллагын тухай хуулийг батлуулахаар төлөвлөж буй бөгөөд ХЗДХЯ энэ асуудалд түлхүү анхаарлаа хандуулж буй юм байна.

Үндэсний эрсдэлийн үнэлгээг 2020 ондоо багтаж хийх бөгөөд энэ дагуу 2021 онд ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн бүлэгт үнэлгээг ахиулах чиглэлээр ажиллах ажээ. Техник хэрэгжилтийн 40 зөвлөмжийн хувьд хууль эрх зүйн орчноо сайжруулах асуудлууд илүү чухал бөгөөд гадаад болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж, техникийн туслалцаа авахаар төлөвлөжээ. Мөн 2021 онд техник хэрэгжилтийн “Зөвлөмж 1”-ийн үнэлгээг сайжруулах тухайд Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийх шаардлагатай байгаа аж.

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатарын мэдээлснээр, Төв банк жил бүрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах асуудалд өндөр ач холбогдол өгч, тэргүүн зэргийн заалт болгож оруулдаг. Ирэх жил ч бас энэхүү уламжлалаа хадгалах аж.

Тэрбээр хэлэхдээ, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах Үндсэн чиглэлд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр заалт оруулсан. Тодруулбал, “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах хүрээнд хууль эрх зүйн орчноо ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлэн боловсронгуй болгоно.

Мөн Монгол Улсын үнэлгээний үр дүнтэй байдал буюу зөвлөмжүүдийнхээ үнэлгээг ахиулах чиглэлээр гадаад болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллана” гэж тусгасан. Түүнчлэн ирэх 3-4 жилд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр баримтлах бодлогын баримт бичиг буюу Үндэсний хөтөлбөрийг батлуулъя. Ингэж батлуулахдаа үндэсний эрсдэлийн үнэлгээг хийнэ.

Энэ оны хоёрдугаар сард Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийх ажлын хэсэг байгуулагдсан. Нийт 10 дэд ажлын хэсэгтэй, 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй энэ баг нь салбар бүрийн эрсдэлийг үнэлэх, үүн дээрээ тулгуурлаад, дутагдалтай талуудыг илрүүлж, асуудлыг систем, тогтолцооных нь хувьд тодорхойлох зорилготой юм. Бид энэхүү үндэсний эрсдэлийн үнэлгээг дөрөвдүгээр улирал гэхэд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна гэв.

Энэ оны хоёрдугаар сард 10 дэд ажлын хэсэгтэй, 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ баг салбар бүрийн эрсдэлийг үнэлэх, үүн дээрээ тулгуурлаад, дутагдалтай талуудыг илрүүлж, асуудлыг систем, тогтолцооных нь хувьд тодорхойлох зорилготой аж. Төв банк энэхүү үндэсний эрсдэлийн үнэлгээг дөрөвдүгээр улирал гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж буй юм байна.

Үндэсний эрсдэлийн үнэлгээгээр салбар бүрийн эрсдэлийг гаргаж ирснээр ирэх оны эхний улиралд батлагдах Үндэсний хөтөлбөрийн гол цөм болно гэж тооцжээ. Үндэсний хөтөлбөр нь ФАТФ-ын техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжийн зөвлөмж тус бүрээр ямар асуудал тулгарах вэ, ямар эрсдэлүүд бий болох вэ, үүнийг хэрхэн шийдэх вэ, хэн, ямар байгууллага хариуцах вэ гэдэг бүх асуудлыг тодорхойлох бодлогын томоохон бичиг баримт болох аж. Тиймээс Төв банкныхан ирэх оны эхний улирал гэхэд энэхүү баримт бичгээ батлуулаад, үлдсэн хугацаанд нь уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө гарган, цаашид хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж