Засгийн газар 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,388.9 тэрбум төгрөгийн 1031 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Түүнд өсөн нэмэгдэж буй хүн амын хэрэгцээг хангах хотын инженерийн шугам, сүлжээ, гэр хорооллын дэд бүтэц, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, хот доторх автозам барих асуудал багтсан байна. Мөн тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан цогцолбор, нэн шаардлагатай цэцэрлэг, сургуулийн барилга, эмнэлэг барих, зарим сургууль, цэцэрлэг болон гэр хорооллын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажлыг эхлүүлэх аж.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээлснээр, үндэсний их өв соёл, төрт ёс, түүхэн уламжлал, ёс заншил зэрэг үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэн хамгаалах, сурталчлан таниулах зорилгоор эхлүүлсэн "Чингис хаан" хаадын музей 2021 онд ашиглалтад орох аж. Тус музейд Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт хаан ширээнээсээ буух хүртэлх үеийн Монголын хаадын түүхийг харуулахаар төлөвлөжээ. Төлөвлөсөн 3.300 мкв эдэлбэр газрын 2.500 мкв талбайд долоон давхар барилга төлөвлөснөөс 60 хувийг музейн үзмэр, үзүүлэг эзлэх бөгөөд үндсэн гурван хэсэг 15 байнгын үзмэрийн танхимтай байхаар зохион байгуулах аж.
Үүний зэрэгцээ Үндэсний урлагийн их театр, Байгалын түүхийн музейн барилгын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж, 2022 онд дуусгахаар төлөвлөжээ. Байгалийн түүхийн музейг барих гүйцэтгэгчээр шалгарч, эрхээ авсан "Хатанбаатар" компани одоо байгаа барилгын төмөр хийцийн суурийн дэд бүтцэд тулгуурлан гурван блок нийт 33,000 мкв, 10,800 мкв үзмэрийн талбай бүхий 75 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах зураг төсөл боловсруулснаа танилцуулсан билээ. Үндэсний урлагийн их театр нь 4000 хүний суудалтай байхаар төлөвлөгдсөн. Гэрэл, дууны орчин үеийн технологийн ололт, дэвшилд тулгуурласан, үзэгчид үзмэр, үзэх, амрах, цэнгэх төрлийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжоор хангагдсан байна гэж гүйцэтгэгч компаниас мэдээлж байв.
Холбоотой мэдээ