Германы канцлер Ангела Меркель ард иргэддээ хандан боломжтой бол гэрээсээ гарахгүй байхыг гуйжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт коронавирусийн цар тахлын эсрэг хатуу хөл хорио, карантин арга хэмжээ авахаар Германы удирдлагуудтай хэлэлцсэн ч тохиролцоонд хүрээгүй юм. Улмаар амралтын өдрөөр хийсэн мэдэгдэлдээ Ангела Меркель “Би танаас гуйж байна. Шаардлагагүй аяллаас татгалзаж, баяр ёслол тэмдэглэхгүй байж, боломжтой бол гэрээсээ битгий гараарай. Өдөрт 7800 гаруй хүн коронавирусийн халдвараар оношлогдож байна. Тиймээс бусадтай харилцахгүй байх шаардлагатай” хэмээжээ.
Түүнчлэн баяр наадмын улирал ирж буйтай холбоотойгоор хатуу хөл хорио тогтоож магадгүй гэдгийг иргэддээ сануулсан байна. Зул сарын баяраар хөл хорио тогтоох эсэхийг ирэх өдрүүдэд шийдэх гэнэ.
Өдгөө 66 настай Ангела Меркелийн коронавирусийн цар тахлын эсрэг өнгөрсөн хавар авч хэрэгжүүлсэн менежмент олны сайшаалыг хүртсэн юм. Гэвч тэрбээр өдрөөс өдөрт нэмэгдэж буй халдварын тархалтыг зогсоохын тулд хатуу арга хэмжээ авах тал дээр Германы бусад удирдлагуудыг ятгаж чадсангүй.
Эх сурвалж: The Telegraph
Холбоотой мэдээ