Сүүлийн 17 жилийн хугацаанд улсын бүртгэлд 12 мянган газар эзэмших, ашиглах эрхийн бичиг бүртгэлтэй байсан бол 2017 онд улсын бүртгэлийн багц хууль батлагдсаны дараа энэ тоо 135 мянга болж өсчээ. Мөн сүүлийн 17 жилийн хугацаанд нийслэлийн А бүсийн, улсын бүртгэлгүй 97.7 га газарт төрийн 107 байгууллага хувийн орон сууц барьсан байна. Энэ нь төрийн байгууллага үнэ төлбөргүй ашиглаж буй газартаа дур мэдэн хувийн орон сууц барьсан гэсэн үг. Төр үүнийг үнэлээд зарсан бол олон их наядаар үнэлэгдэх орлого олох боломж байжээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Б.Энхбаяр гишүүний мэдээлснээр, дээрх газрыг зах зээлийн үнэлгээгээр бус, Засгийн газраас баталсан татвар ногдуулах газрын суурь үнэлгээгээр тооцож үзэхэд 100 орчим тэрбум төгрөгийн үнэтэй гэсэн тооцоо гарчээ.
Үндэсний аудитын газраас төрийн өмчит компаниуд 2018 онд 147 тэрбум төгрөг, 191 тэрбум төгрөгийн ногдол ашгийн орлого нэмэгдүүлэх боломж алдсан гэж дүгнэсэн байна. Мөн тус байгууллага 2021 оны төсвийн төсөлд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс олох ногдол ашгийг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бий гэсэн дүгнэлт гаргажээ.