Ш.Мөнгөншагайд оноосон 3 жилийн ялыг хэвээр үлдээв | News.MN

Ш.Мөнгөншагайд оноосон 3 жилийн ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

Ш.Мөнгөншагайд оноосон 3 жилийн ялыг хэвээр үлдээв

Ш.Мөнгөншагайд оноосон 3 жилийн ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “Салхитын мөнгөний орд”-ын гэх Ш.Мөнгөншагай нарын 13 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу энэ сарын 16-нд хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхээс Ч.Амгаланбаяр, М.Цэндсүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, шийтгэх тогтоол, магадлалын тэдэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.  Мөн Н.Уранчимэгээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 35 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэж, бусад шүүгдэгчдэд холбогдох заалтыг хэвээр үлдээлээ. Тодруулбал,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхээс энэ оны тавдугаар сарын 22-ны өдөр  Ч.Амгаланбаярыг төрийн байгууллага, албан тушаалтны нэр барьж, үйл ажиллагаа  явуулж, их хэмжээний ашиг олсон, М.Цэндсүрэнг хахууль өгч, авахад зуучилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн ч тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. 

 Шүүх хуралдаанаар Ч.Амгаланбаяраас 45 сая төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байдаг.  Харин  Д.Цолмон, Г.Цагаанцоож нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгасан. Мөн М.Цэндсүрэнг хахууль өгч, авахад зуучилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн ч тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг.

Уг шийдвэрийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн энэ оны наймдугаар сарын 4-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд Ч.Амгаланбаяр, М.Цэндсүрэн нарт холбогдох хуулийн заалтыг хэвээр үлдээсэн билээ.

Харин бусад шүүгдэгч нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхээс Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарыг хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасч, 3 жил хорих ял оногдуулсан. Мөн Г.Алтан-Очирыг хахууль авсан, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, 3 жил хорих ял оногдуулсан. Мөн Б.Цолмонбаатарыг авилга авсан, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, 5 жил хорих, Э.Халиунбаярыг хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасч, 3 жил хорих ял тус тус оногдуулсан. Мөн Н.Уранчимэгийг авлига өгсөн  гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцож, 2 жил хорих, Ж.Цэцэгээг авилга авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тодорхой үйл ажиллагаа эрхлэх эрхийг 3 жил хасч, 12 сая 240 мянган төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 50 сая төгрөгийг Г.Алтан-Очироос, 60 сая төгрөгийг Б.Цолмонбаатараас, 35 сая төгрөгийг Н.Уранчимэгээс гаргуулахаар болж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байдаг.

Уг шийдвэрийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Г.Алтан-Очирыг мөнгө угаасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, ял оногдуулсныг хүчингүй болгож, хахууль авсан хэрэгт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, 2 жил хорих ялыг хэвээр үлдээжээ. Мөн Б.Цолмонбаатарын авилга авсан хоёр үйлдлийг  тус тусад нь зүйлчилснийг нэгтгэн зүйлчилж, түүнд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жил хасч, 3 жил хорих болгон өөрчилсөн бол Ж.Цэцэгээд оногдуулсан ялын  зүйлчлэлийг өөрчлөн, түүнд оногдуулсан торгох ялыг 2 сая 700000 төгрөгөөр тогтоожээ. Мөн Н.Уранчимэгээс 35 сая төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгон, бусад шүүгдэгч нарт холбогдох заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-19 183.177.100.234

сүржин эхэлж даржан дууслаа шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж