- Та Оксфордын Их Сургуульд доктор хамгаалсан анхны монгол эмэгтэй байх нь?
- Би тэнд судалгааны доктор хамгаалсан анхны МОНГОЛ ХҮН
Театр судлаач аав С.Дашдондогийн хамт
Баяа зочны өрөөндөө иран цайгаар дайлав. Халуун орны нэгэн төрлийн модны холтос буюу синнамон амтагдсан, улаан хүрэн өнгөтэй цай. Дундад дорно хийгээд Дундад Азийн орнуудад цай бол амьдралын чухал хэсэг. Өглөөнөөс эхлээд үдэш унтах хүртлээ цайгаа уусаар өдрийг өнгөрүүлдэг хүмүүс. Найз нөхдийн эсвэл гэр бүлийн үдшийн уулзалтууд цайны ширээнд үргэлжлэх нь хэвийн ёс. Дундад дорнын цайны соёлын тухай намуухан тайлбараар эхэлсэн Баяагийн яриа цаашлах тусмаа аагтай. “…Тэгэхээр цайны зам, түүний түшиц газруудыг захирна гэдэг энэ орнуудын хувь заяаны асуудал байсан байгаа биз”.
Монголын гоёл чимэглэл цомогт орсон зураг. Д.Баярсайхан. 1987 он. Гэрэл зурагчин Терузо Сугияама
Баяа буюу профессор Д.Баярсайхан төрж өссөн Дөчин мянгат дотроо буурь сэлгэн, шинэ өндөр байшинд амьдрах болжээ. Тагтан дээрээ түшлэгтэй хоёр сандал, жижиг цайны ширээтэй. Богд уул, Баянзүрх хайрхан бас булан тохой бүрт нь ямар нэг дурсамж сэвэлзэх их хотоо тольдон суугаад цайлах нь. Үүнээс дээгүүр тансаглал Улаанбаатарын оршин суугчийн хувьд юусан билээ. Гадаад орнуудад уригдан уншсан лекцүүд, ном бүтээлүүдийнхээ шагналын мөнгөөр энэ байраа авчээ. Баяа номын өрөөндөө тухлах илүү дуртай. Хоёр бүтэн эгнээ тавиурыг Оксфордод хамгаалсан диссертацынхаа хэвлэмэл эх, Бриллд хэвлүүлсэн ном гээд өөрийнхөө бүтээлээр дүүргэжээ.
“МУИС-ийн Гадаад харилцааны хэлтэст ажиллаж байхад АНУ-ын Баруун Миннесотагийн Их сургуулийн профессор Дэвид Ричард гэдэг хүн манай салбар сургуулийн хүндэт доктор болсон юм. Залуугаасаа судалгааны ажил хийж ирсэн ч эрдмийн зэрэг хамгаалах зав нь бололгүй явсаар жар хүрчихээд байж. Сэтгэл нь ихэд хөдөлж, ямар ч гэсэн би зорилгодоо хүрлээ. Судалгаа хийсэн хүнд хоёр чухал зорилт байдаг. Дэвшүүлсэн санаагаа хамгаалан эрдмийн зэрэгт хүрэх, нөгөө нь судалгаагаа бүтээл болгон хэвлүүлэх гэж хэлж билээ. Надад тэр үг гүнзгий сэтгэгдэл төрүүлж, сэдэлжүүлсэн юм. Номын сангаа өөрийнхөөрөө дэглэн, энэ хоёр эгнээг бүтээлүүдээрээ дүүргэн өрөх үнэхээр сайхан байсан”.
Оксфордын Их сургуулийн Воолфсон коллежийн номын санд. 2007 он
Баяа шинэ Монголын суурин соёлын бэлгэдэл Дөчин мянгатад театр судлаач аав, их театрын жүжигчин ээжийн гэрт ганц хүү, дөрвөн охины нь нэг болон төрж өсчээ. 23 дугаар сургуульд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяртай тохой залган суусан нь түүний хүүхэд насны дурсамжийн хэсэг. “Зөвлөлтийн хэв загвартай ч манайх боловсролын сайн хөтөлбөртэй байсан юм шүү. Октябрийн хувьсгалаас хойш туршигдан сайжирсаар 1940-өөд онд манайд орж ирэхэд нь тэр үеийн сэхээтнүүд маань их сайхан өөриймшүүлж авсан. Орос сургуулиуд бол орос эхээр нь хэрэгжүүлж байв. Бидний үеийнхэн суурь боловсрол буюу ерөнхий боловсролыг нэлээн чамбай эзэмшсэн. Би хожим нийгмийн ухааны хүн болсон ч дунд сургуульд байхдаа алгебр, геометртээ сайн сурагч байсан. Химид бол бүр дурладаг байлаа. Одоо боловсролын шинэчлэл гэж ярьж байна. Хөтөлбөрийг үү, тогтолцоог уу гээд суурь асуудлаа эхлээд шийдэх ёстой юм…”
“Эмэгтэй хүүхэд тогооны бариул болж болохгүй” хэмээн аав нь захидаг байж. Зүгээр нэг захиад орхиогүй охидынхоо хичээл номоос гадна театр, уран зураг, урлаг, уран зохиолоор сэтгэхүйг нь тэлэхэд их анхаардаг, өглөө эрт босгодог, нарийн цагийн хуваарь мөрдүүлдэг байв. Ээж нь бол зөөлөн хэр нь сэтгэлийн тэнхээтэй чамбай хүн байж. “Аав минь хатуу чанга зарчимтай ч охиддоо хайр энэрэлтэй, хариуцлагатай хүн байсан”.
“Чингисийн эрин ба Евро-Ази” хичээлийн үеэр. МУИС. 2020 он
ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Армяны ШУА-ийн ерөнхийлөгч Виктор Амазаспович Амбарцумян 1970-аад оны дундуур БНМАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Ширэндэвтэй уулзахдаа, “манай Матенадаран \судрын хүрээлэн буюу номын сан\-д Монголтой холбоотой маш олон баримт армяни хэлээр байна. Тэднийг судлах монгол хүн бэлтгэхсэн” гэсэн нь Баяагийн аравдугаар анги төгсөх үетэй таарч. Дээрх явдал Баяаг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Армяни улсын Ереваны их сургууль руу хөтөлж тэнд армяни хэл, түүх судалсан нь хожим тохиох санаандгүй мэт олон боломжийнх нь учиг болжээ. Ирээд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд ажилд ороход нь боловсон хүчин нь нутаг ус асууж. Хамт явсан найз, хожим нэрт археологич болсон Г.Мэнэс “аймаггүй ээ, хотынх” гэж хариулж явж. Ийнхүү тэнд гурван жил ажиллаад 1983 онд Б.Ширэндэв ерөнхийлөгчийг дарж авах аяны хоморгонд өртөн академиас гарчээ.
Аз болж Ардын зураач Н.Цүлтэм Монголын урлагийн түүхэн цомгууд домогт төслөө эхлүүлэх гээд гадаад хэлтэй туслах хайж байхтай таарч. Цомогт оруулах бүтээлүүдийг сонгохоос эхлээд тайлбарыг нь орчуулах хүртэлх бүх л нарийн ширийн ажилд Ардын зураачтай хамтран зүтгэв. “Монгол зураг”, “Монгол уран баримал”, “Гар урлал” цомгуудын хавтсан дээр зохиогч Н.Цүлтэм, редактор Д.Баярсайхан гэх хоёр нэр дурайтал бичигдэн үлджээ. Өнөө хэр үнэ цэнтэй, манай дүрслэх урлагийн түүхийн нандин өвийн бүтээгч болсон нь азтай тохиол эсвэл санамсаргүй явдал аль эсвэл бүр хувь заяа юмсан уу. Монголын сор болсон уран бүтээлчид, японы гэрэл зурагчин Т.Сугияама нартай нэгэн баг болж найман жил ажиллаад ардчилалтай золгож. Ардын зураач маань ч хоцрогдсон, хуучирснаараа цоллуулсаар Монголын Урчуудын Эвлэлийн даргын ажлаасаа халагдав.
Монголын гоёл чимэглэлийн урлал цомог
Монголын гар урлал цомгийн зохиогчид
Баяа МУИС-ийн англи хэлний гурван жилийн ангийг төгсчихсөн байсан тул олон улсын төсөл хөтөлбөрүүд рүү шилжив. Шинжлэх ухааны судлаачийн ажил нь харин энд хүрээд түр тасарсан. Хөдөө аж ахуйн банкны, цахилгаан холбооны, зам гүүрийн хувьчлалын төслүүд дээр ажиллаж, ороо бусгаа цагийн эрхээр тодорхой баримжаагүй манаргаж явсан олныхоо дунд дажгүй урамтай ажилласаар л явж.
Удалгүй хүнд өвдөж. Ямар цаг үед амьдарч яваагаа сэхээрч ухаарсан, хойших замаа хайж бэдэчсэн үе. “Ар гэр сайтай тулдаа дотоод гадаадгүй явж эмчилгээ асаргаа хийлгэн амьд үлдсэн” он жилүүд. Гурван жил хэвтэж босон эмчлүүлсний дараа мэнд үлдсэн ч тахир дутуугийн группд орох үнэнтэй тулав. Дөнгөж дөч хүрч байсан бүсгүй ийм хувь заяатай эвлэрэхийг хүссэнгүй. Хүмүүсийн өрөвдөж, харууссан харцны сүүдэрт Баяа чимээгүйхэн суугаад гадаадад суралцах боломж хайн, мэддэг бүх сургууль руу хүсэлт илгээж байв. АНУ-ын долоо дээр нь Оксфордын их сургуульд захидал явуулсанаас хамгийн түрүүнд Оксфордоос зөвшөөрсөн хариу ирэв. Сайхан.
Гэвч хамгийн хүнд даваа нь тэтгэлэг олох байв. Дөчин мянгатын байрны жижиг өрөөнөөс илгээсэн тэтгэлгийн хүсэлтүүд тив дамжин нисэлдсээр. Жилд 18000 паунд олгох дөрвөн жилийн тэтгэлэг авч чаджээ. Бүтэн чемодан монгол тан ганзагалан Оксфордыг зорьсон судлаач боловсролын зөрүүгээ нөхөхийн тулд мастерын зэргийн сургалтаас эхлэх болж. Эхний жилийн нус нулимс, хөлс хүчийн дараа хичээл ном нь жигдэрч, судалгаандаа бүр дурлаж, амьдралын гэрэл гэгээтэй түүх дахин эхэллээ. Нийгмийн хувьслын их утаа майн дунд төөрч хоцорсон зам эргэж тодрон, буцаж залгагдана гэдэг хэдэд маань олдсон зол билээ?
Перс судлалын багш нар Ил хаадын судлалд чи юу нэмэрлэж чадах юм, бүх эх сурвалжийг нэвт шувт судалчихсан гэцгээж. Перс, араб эх сурвалжуудыг сайн судалсан нь үнэн, би армяни сурвалжуудыг оруулж ирнэ гэж хариу ам гарч. Хэлсэндээ ч хүрч. Ил хаадын үед Кавказад Их Армяни, харин Газрын дундад тэнгисийн эргээр Киликийн армянууд гэж байж. Хоёулаа Ил хаадуудын эрхшээлд байсан. Энэ армянчуудын монгол, персийн талаарх эх сурвалжуудыг нэгтгэсэн нь түүний Ил Хаадын судалгаанд оруулсан хувь нэмэр юм.
XIV зууны эхэн хагас. Ил хааны ордонд дээлээр бэлэг барьж буй нь. Судрын чуулган перс номын чимэг зураг
Дэлхийн хэмжээний судлаачид дэмжинэ гэдэг нэг хэрэг. Харин тэр ертөнцөд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг тусдаа даваа. Оксфордод судалгааны зэрэг хамгаалсан ажлаа сургуулийнхаа номын санд үлдээх учиртай. Түүнийг нь 1630-аад оноос эрдэм шинжилгээний бүтээл хэвлэж алдаршсан Брилл Лэйдэн хэвлэлийн газрын төлөөлөгч олж үзээд хэвлэх хүсэлт ирүүлэв. Ийнхүү “The Mongols and the Armenians. 1220-1335” бүтээл дэлхийн түүхийн судалгааны ертөнцөд танигдан түгжээ. Энэ тэнд уригдан лекц уншиж, хичээл заах болж, эрдэмтэн хүний хувьд гүн утга агуулгатай үйл явдлуудын дунд амьдрал үргэлжлэв.
Йелийн их сургууль болон Калифорнийн их сургуулийн Дундад дорно, Армяни, Өвөр Ази судлалын хичээлийн хөтөлбөрт Дашдондогийн Баярсайханы номыг уншихаар тусгажээ. Энд тэнд уригддаг хүн бас урьж үзэв. 2014 онд “Ил хаадын судлал: шинэ хандлага” сэдэвт олон улсын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, дэлхийд алдартай 18 их сургуулийн Ил хаадын түүх судалдаг 20 гаруй эрдэмтнийг Монгол Улсынхаа тэнгэр дор цуглуулсан юм.
Олон улсын түвшинд арав гаруй хэлээр бичигдсэн Ил хаадын үеийн судалгааг үргэлжлүүлэх зам монголын түүхчдэд нээлттэй. Өвөг дээдсийнхээ түүхийг судалж байгаагийн хувьд эх сурвалжаа тайлан ойлгохоос эхлээд давуу тал монгол түүхчдэд бий. Түүний хувьд эх сурвалжийн хэлтэй байх давааг давсан эрдэмтэн. Монгол, англи хэл үүнд багтахгүй. Орос, герман судалгааны хэл, грек, латин, эртний буюу сонгодог армяни, перс зэрэг сурвалжийн хэлний шалгалтыг давж Оксфордод эх сурвалжийн хэлтэйгээ албан ёсоор баталжээ. Энэхүү нийтлэлийг бичиж байхдаа Академич Д.Төмөртогоо багштай уулзсан юм. “Монголын Эзэнт гүрэн гэдэг нь Цагадайн Улс, Ил-Хаадын улс, Алтан ордны улс, Юань гүрэн гэсэн дөрвөн их улсын түүх шүү дээ. Энд тэндхийн монгол судлаачидтай уулзаж байхад манайхаас бүтээлээрээ дэлхийд зөвшөөрөгдсөн судлаач гэвэл Д.Баярсайхан л юм билээ” гэсэн нь учиртай.
МУИС-ийн хоёрдугаар байрны нэг давхрын 128 тоотод “Чингисийн эрин ба Евро-Ази” хичээл англи хэл дээр орж байна. “Та нар хэн нэгэнтэй тэмцэлдээд дийлдлээ гэе. Дийлсэн тэр дайсны тухай дурсамж бичих болбол юу гэж бичих вэ?”, “Харь хэлний сурвалжаас өөрсдийн түүхээ тайлан уншихын тулд маш их нягтлах хэрэгтэй байгаа биз” хэмээн лекц эхэллээ. “Та нар нүүдэлчид хэвээрээ юу, эсвэл суурин соёлтой хүмүүс үү” гэх асуултаар хичээл үргэлжлэв. “Би хотынх”, “суурин соёлтой”, “аав ээж хөдөө мал малладаг болохоор…” гэж нэгдүгээр дамжааны оюутнууд ам амандаа бувтнана. “Би англид сурч байхдаа америк оюутан бүсгүйтэй нэг байранд амьдардаг байв. Тэр шил, шаазан эдлэл цуглуулах хоббитой. Гэрээр дүүрэн ваар, шаазан. Эд нар чамд хэрэг болохгүй дээ гэхэд дуртай цуглуулга маань юм аа гэдэг. Хоёр жилийн дараа нутгийн зүг буцах болцгооход найз маань хамаг мөнгөө зарсан шил шаазангуудаа хаяхаас өөр арга олдоогүй. Тэгээд, чи аргагүй л нүүдэлчин хүн юм. Хэзээд буурь сэлгэнэ гэдгээ мэдэж байж гэж билээ”. Тийм ээ, монгол хүн хэн бэ гэдгийг бидний мандаж бас буурсан их түүх, нүүдэлчин ахуй соёл гээд бүхий л ой дурсгал маань нийлж байж тодорхойлно. Хоёр гурав дахь үедээ суурин амьдарч буй ч бодож сэтгэх маань нүүдэлчин хэвээрээ байгаа биз? Хэзээ нэг цагт бас суурин соёлт үндэстний хэв маягт шилжсэн байхыг үгүйсгэхгүй ээ” гэхчлэн тайлбарлаж, хичээл өрнөнө.
Д.Баярсайхан багш бас академик бичлэг хэмээх өөрийн “нэрийн” хичээлийг заадаг. Магистр докторын сургалтанд академик бичлэгийн арга зүй, ур чадвар чухал бүрэлдэхүүн хэсэг. Дэвшүүлж буй санаагаа академик түвшинд илэрхийлэх, үгийн сонголтоо нягтлах, өгүүлбэрийн бүтэц, мэтгэлцэх өнцөг үлдээх гээд академик ур чадварыг эзэмшинэ гэдэг судалгааны бүтээлийн гол суурь төдийгүй хамгийн чухал шат. Бичлэгийн арга зүйг эзэмшчихсэн байхад сэдвийн судалгаандаа л төвлөрөх үлдэнэ. Түүний дэлхийд зөвшөөрөгдөх үндэсний эрдэмтэн, судлаач бэлтгэхэд оруулж буй хувь нэмэр ийнхүү үргэлжилж байна.
Чингис хаан түүний залгамжлагчид бол нүүдэлчин монгол соёлын л үр үндэс. Аливаа улс гүрний хүчирхэгжихэд нэн тэргүүнд эдийн засгийн асуудал тулгарч ирсэн байдаг. Олон нарийн учир зангилаан дээр Ази Европыг холбосон худалдааны амин чухал замуудыг нь эзлэн захирах, өөр өөр хэл соёлт үндэстнүүдийг мориноосоо бууж удирдан нэгтгэхээс эхлээд Эзэнт Гүрэн бүтсэн түүхийн учиг хөвөрнө. Энэ том гүрнийг алсын хараатай, зохион байгуулах онцгой чадвартай удирдагч наргүйгээр төсөөлөх боломжгүй. Морьтон дайчид хоромхон зуурт хотын захирагчид, өөр хэл соёлтой улсуудын удирдагчид болон хувирч, 5000 бээрийн зайд орших Табриз хотоос Бээжинд суугаа их хааны зүг гэрэгэ өвөртөлсөн элч нар сүлжилдэн давхилдаж байлаа. Өнгөрч одсон хүмүүсийн үзэж харсан эсвэл тайлбарлан тэмдэглэж үлдээснээс чухам алинд нь итгэл үзүүлэх вэ гэдгийг шүүн тунгаадаг, олон эх сурвалжуудыг мөргөлдүүлэн баримтжуулдаг хүмүүс бол түүхчид. Оньсого шиг олон баримтуудыг эвлүүлэн нэгтгэж, шинэ жим үүсгэгчид бол тэд.
Гүрэн улсын тухай яриа заримдаа Баяагийн намтар, туулсан амьдралаар солигдон, эрт эдүгээ сүлэлдэн үргэлжилнэ. Бид санаанд үлдсэн дурсамжаа ярьж, санаатай санаандгүй тохиолдлуудын учиг даган хөвөрсөн намтар түүхээрээ дамжуулан өөрсдийгөө бүтээдэг. Өчигдрөөсөө өөрийгөө хайж, өөрийнхөө тухай өөртөө тайлбарлахыг оролдож, өөрийн зан чанар хийгээд бусдаас ялгарах онцлог, тогтсон үнэт зүйл, эрхэмлэл, мэдрэхүйгээ онгичдог. Учрал тохиол бүхний дундаас сэтгэл зүрхэнд торон үлдсэн дурсамж, тэдгээрийн тайлал нь тухайн хүний хэн болохыг тодорхойлдог. Улс үндэстэн ч ялгаагүй. Маргааш өнөөдрөөс эхлэхгүй ээ. Маргааш өчигдөр эхэлсэн. Хүссэн ч, эс хүссэн ч өнгөрүүлсэн түүх, түүнээс хэр сургамж авсан нь бидний маргаашийн өнгө билээ. Түүх алдаагаа давтахгүй байхад сургадаг. Түүхийн үнэ цэн энэ. Тиймээс түүхч байна гэдэг түүхэн үйл явдлын өрнөл дунд өөрөө нэг орж, нэг гарч ажиглан, тэртээд болж өнгөрсөн үйл явдлын зууч болохын зэрэгцээ олсон эх сурвалжуудаа нягтлах, зөрчилдөхийн нэр юм.
“Сурвалжууд хоорондоо зөрчилдөх талтай. Зарим нь монголчуудыг дарангуйлагч гэдэг шугамаар харж батлах гэж оролдсон байхад, хожмын судлаачид ивээгч, тэтгэгч, хөгжүүлэгч гэсэн шугамаар бичиж байсан нь тэмдэглэгдэн үлджээ. Хамгийн гол нь тэдний хэлснээр харийн эзэд буюу монголчууд персийн түүх бичлэг, уран зохиол, соёлын хөгжлийг алдагдуулаагүй юм билээ” хэмээн Д.Баярсайханы “Хүлэгү хаанаас Абу Са’Ид хүртэл” нэг сэдэвт бүтээлд тэмдэглэжээ.
“Их сургууль жаран нас хүрсэн багш нараа тэтгэвэрт нь гаргахаар ярьж байгаа юм билээ”. Баяа олон улсын сэтгүүлүүдэд судалгааны өгүүлэл бичиж нийтлүүлэх ажлаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ аль нэг сургуульд “нэрийн” хичээлээ заасаар байх болно. “Тэтгэвэрт ч нэмэртэй” гэж тулж ирсэн давааг туулах төлөвлөгөөнийхөө талаар хуваалцав.
Бид Чойжин ламын музейн урд талын шинэхэн талбайгаар алхаж өнгөрөв. Намрын налгар өдрийн нар найртай сайхнаар ээнэ. “Ямпай хаалга” гэж урд хаалгыг заав. “Хятад зүгийн том сүм хийдүүд элдэв муу ад зэтгэр, хор хөнөөлөөс сэргийлэн том сүм хийдийнхээ урд ийм хаалт барьж ирсэн уламжлалтай. Монголын урчууд бүтээсэн ч хятад соёлын нөлөө байх магадлалтай” гэв. Сайхан дурсгал. Монголын эзэнт гүрнээс хойших хожмын үеийн түүх юм даа…
Д.Баярсайханы аав С.Дашдондог Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт төрж өсөөд, хонийг нь хариулж явсан баян айлынхаа хүүхдийн оронд сургуульд сурахаар нутгаа орхисон түүхтэй. Хожим ЗХУ-д Луначарскийн нэрэмжит Театр урлагийн Их сургуулийг дүүргэн, Монголын анхны театр судлаачдын нэг болжээ. Дараалан төрсөн охиддоо Батсайхан, Баярсайхан, Жаргалсайхан, Энхсайхан хэмээн “сайхан”-аар холбосон нэр хайрлаж. Бас эм хүйстэнд оногддог уламжлалт тавиланд амьдралаа даатгаж орхилгүй, хувь заяаныхаа эзэн байхад сургаж. Охид нь Сорбоны их сургууль, Оксфорд, Москва, Эрхүүгийн их сургуулиудад суралцаж эрдмийн зэрэг хамгаалсан судлаачид хийгээд Вена хотын цөмийн агентлагт ажилладаг цөмийн химич болцгоов. “Хотынх” гэж бодож явсан Б.Баярсайхан аавынхаа нутгаар овоглохоор шийдэж. “Нэг удаа санаандгүй дүү Энхсайханы хамт Дэлгэрхаан сумын ойн тоглолт үзэхээр Улаанбаатар паласт очсон юм. Аавтай минь хачин адилхан алаг нүдтэй, зузаан бор арьстай, бадриун хүмүүс хөлхөлдөж байж билээ. Сэтгэл хөдөлсөн гэж. Би гарцаагүй тэндхийн хүн юм билээ”.
С.ЭНХЦЭЦЭГ