Хотын дарга хэн болох вэ?

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

Хотын дарга хэн болох вэ?

Хотын дарга хэн болох вэ?

Орон нутгийн ээлжит сонгууль өндөрлөж, нийслэлд МАН ялалт байгуулснаар хотын удирдлагаа томилох эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын дарга, хотын дарга болон орлогчдыг МАН дангаараа томилох бүрэн эрх нь бүрдлээ. Сонгуулийн үр дүнтэй зэрэгцэн МАН дотроос дараагийн хотын дарга хэн болох вэ гэх марафон ширүүсч, зарим нь өөрийгөө хотын дарга болно хэмээн бичүүлж эхэлсэн сурагтай. Одоо шинээр бүрдсэн НИТХ-ын 45 төлөөлөгч анхдугаар хуралдаанаа зарлаж, бүлгээ байгуулж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн дарга, бүлгийн дарга нараа сонгох зохицуулалттай. Харин үүний дараа НИТХ дахин хуралдаанаар зарлаж, намын удирдлагаас санал болгосон хотын даргыг томилно. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар болон МАН-ын удирдлагуудын зүгээс хотын удирдлага болон ялсан дүүргийн Засаг дарга нараа яаралтай томилж,  ажилдаа шуурхайлан орно гэдгээ тодотгосон. Тиймээс энэ долоо хоногт НИТХ анхдугаар хуралдаанаа зарлаж, ажлаа шуурхайлах болов уу.

ШИНЭ ХОТЫН ДАРГА, НИТХ-ЫН ДАРГЫГ Д.СУМЪЯАБАЗАР, У.ХҮРЭЛСҮХ НАР ТОХИРНО

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын хувьд нийслэлд ялалт байгуулж, олонх болж чадсан учраас хотын дарга, НИТХ-ын даргын томилгоонд давуу эрхтэй оролцоно. НИТХ дарга болон Хотын даргаар хэнийг томилох вэ гэдгийг Д.Сумъяабазар, У.Хүрэлсүх хоёр тохирч байж, намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар орно. Намын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргавал НИТХ  болон нийслэл дэх МАН-ын олонх дэмжээд явна гэсэн үг. МАН-ын зүгээс “Нийслэлийн Засаг дарга нь мөрийн хөтөлбөр, хөгжлийн гэрээг уялдуулж, Улаанбаатар хотын хөгжлийг төлөвлөж, ажиллаж чадах чадвар, боловсрол мэдлэгтэй байх ёстой. Бүх зүйл нэг хүний үйлдлээр бус багаар ажиллах чадварыг суурь болгож тавина. Эх орноо гэсэн сэтгэлтэй, ялангуяа хотын тулгамдаж буй асуудалд гар бие оролцож байсан, ажлын дадлага туршлагатай, сэтгэлтэй, мэдлэгтэй байх үндсэн шалгуурыг тавина. Хууль зөрчихгүй, хуулийн хүрээнд ажиллах ёс суртахуунтай байх гэсэн үндсэн шалгуурыг тавина. Өнөөдөр хэт их улстөржихгүйгээр, Улаанбаатарт нэн тулгамдаж байгаа өвөлжилтийн бэлтгэл ажил гээд олон ажил бий учраас богино хугацаанд ажил руугаа орно” гэдгээ хэлсэн.

Улс төрийн хүрээнд хотын даргад горилогчид болон санаархагчдын олон нэрс явж буй ч хамгийн хүчтэй яригдаж, хөшигний ард “тохиролцоонд” орж байгаа нэрс тун цөөн бий.  Одоогийн хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан жинхлэх хүсэлтэй байгаа. Гэхдээ Нийслэлийн МАН-ын хорооны даргын санаа арай өөр гэх.  Д.Сумъяабазарын зүгээс  Р.Дагвыг НИТХ-ын даргаар, Н.Алтаншагайг хотын даргаар томилохоор зүтгүүлж байгаа гэх мэдээлэл байна. Гэхдээ намын даргатай зөвшилцөх учраас эцсийн шийдвэр гараагүй байгаа. Ямартай ч энэ долоо хоногт МАН дотор өрнөх халуун улс төр бол хотын дарга, НИТХ-ын дарга нарын томилгоо юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж