Н.Батсуурь аваргын уран нүүдэл

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

Н.Батсуурь аваргын уран нүүдэл

Н.Батсуурь аваргын уран нүүдэл

Намрын нээлтийн барилдаан өчигдөр/2020.10.18/ Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдаж, улс, аймгийн цолтой 256 бөх зодоглолоо. Сонирхолтой нь, энэхүү барилдаанд зодоглоно гэж байсан Э.Оюунболд аварга барилдсангүй. Бөх сонирхогчдын дунд Э.Оюунболдыг аварга цолтойгоо сүүлчийн удаа зодоглох нь гэсэн ч, тэрбээр барилдаагүй юм.

Учир нь, өнөөдөр Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд барилдах эрх нь сэргэсэн Э.Оюунболдыг аварга цолтойгоо үлдэх эсэхийг шийдэх гэж байна.

Хэрвээ түүнийг допинг хэрэглэсэн нь үнэн гэж үзвэл даваа бүрийг нь хүчингүйд тооцож, өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг нь нөхөн олгох, Э.Оюунболдод олгосон Монгол улсын аварга цолыг нь хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина. Харин шүүхийн шийдвэрийг үндэслэн Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргавал улсын начин Н.Мустафа чимэг,  улсын начин Б.Цэдэнсодном Монгол улсын харцага, улсын харцага Д.Анар Монгол улсын заан, улсын арслан Ц.Содномдорж үлэмж бадрах чимэг, улсын аварга Н.Батсуурь Монгол улсын Даян аварга цолны эзэн болно.

Эндээс нэг зүйл анхаарал татаж байгаа нь энэ жилийн наадмын үзүүрлэсэн Монгол Улсын аварга Н.Батсуурь  допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдсон ч  Даян аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн болно. Саяхан хэвлэлийн бага хурал зарлаж, допингийн төрлийн бодис шинжилгээнээс нь илэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, ард түмнээсээ уучлалт гуйсан Н.Батсуурийн энэхүү үйлдлийг бөхийн хүрээнийхэн дунд олон янзаар тайлбарлаж буй.

Бөх сонирхогчдын нэг хэсэг нь түүнийг Б сорьцын шинжилгээ өгөлгүйгээр алдаагаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйж, жудаг заасан гэж дүгнэж буй. Сүүлийн гурван төрийн наадам дараалан үзүүр түрүү булаалдана гэдэг ховор тохиох "амжилт". Ядаж байхад илэрсэн гэх допингийн төрлийн бодис нь “very low” буюу маш бага тунгаар илэрсэнд түүнийг өмөөрөх хүмүүс олон байна.

Харин эсрэгээрээ түүний энэхүү үйлдлийг өөрөөр харах хүмүүс бас бий. Нэгэнт  Э.Оюунболдыг сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэж шүүхээс үзсэн учир аварга цолоо алдах нь ердөө цаг хугацааны асуудал. Тиймээс Н.Батсуурь энэ жилийн наадмаар П.Бүрэнтөгсөд аварга болох боломж олгож, өөрөө Э.Оюунболдын хэргээс Дархан аварга цолоо нөхөн авна гэж "тооцолсон" байж болох талтай. Өөрөөр хэлбэл, Н.Батсуурь аварга нэг сумаар хоёр туулай буудаж, нутгийнхаа дүүг аварга болгож, өөрөө Даян аварга болох  уран нүүдлийг хийжээ.

Ирэх жил Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой болно. Н.Батсуурь аварга  “Хүүхэд байхаасаа  түүхт 100 жилийн ойгоор барилдахыг хүсч байлаа. Ид үе дээрээ ийм асуудалд орсондоо харамсч байна. Миний цэвэр хариуцлагагүй байдлаас боллоо” хэмээн уучлалт гуйсан. Хэзээний бөхийн ундарга сайтай, мөн түүхт ойн түрүү алдаж үзээгүй гэх Увс нутгийн бөхчүүд 100 жилийн ойг авахыг хүсч буй бололтой.

Л.БОЛД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ТэнэглэлТэнэглэл
34
ЗөвЗөв
21
ХахаХаха
15
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
9
ХөөрхөнХөөрхөн
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж