Nokia болон NASA хамтарч саран дээр 4G сүлжээ байгуулах гэж байна. NASA 2028 он гэхэд саран дээр бааз байгуулж, хүн төрөлхтнийг амьдруулах эхний алхмаа хийхийн тулд 370 сая ам.долларын санхүүжилтийг хэд хэдэн технологийн компаниудад хуваарилжээ. Энэхүү мөнгөний тусламжтайгаар компаниуд алсын зайнаас удирддаг цахилгаан станц, криогенийн хөлдөлт буюу удаан хугацааны туршид биеэ хөлдөөх технологи, робот, саран дээр илүү аюулгүй буух ажиллагаа, 4G сүлжээ зэргийг хөгжүүлэх аж. Харин Nokia компанийн хувьд 4G сүлжээг саран дээр байгуулахад зориулж, 14.1 сая ам.долларын санхүүжилт авсан бөгөөд энэ нь NASA-ийн хэрэгжүүлж буй “Tipping Point” хэмээх төслийн нэг хэсэг болох гэнэ.
Nokia компанийн Bell лаборатори 4G сүлжээг саран дээр байгуулах тал дээр сансрын нислэгийн инженерийн компани болох Intutive Machines-тэй хамтран ажиллана. Тус компанийн эзэмшдэг аж үйлдвэрийн судалгаа, шинжлэх ухааны хөгжлийн компани болох Bell лабораторийн албан ёсны твиттер хуудаснаа “Саран дээр хүн төрөлхтнийг тогтвортой оршин суух замыг засахад туслах “Tipping Point” төсөл дээр NASA-тай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Та нар ямар технологийг харна гэж төсөөлж байна. Бид саран дээр анхны 4G/LTE утасгүй сүлжээг бий болгож, 5G болгон хөгжүүлнэ” хэмээжээ.
NASA-ийн мэдээлж буйгаар 4G сүлжээ нь одоогийн саран дээр байгаа радио стандартаас илүү найдвартай холын зайны харилцааг үүсгэж чадах ажээ.
Дэлхий дээр одоогийн байдлаар 5G сүлжээ хэрэглэгчдэд хүрээд байна.
Nokia компаниас гадна Илон Маскын SpaceX компани 53.2 сая ам.долларын гэрээ байгуулжээ.
Холбоотой мэдээ