Трамп эмэгтэйчүүдийн саналыг авч "чадахгүй"

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

Трамп эмэгтэйчүүдийн саналыг авч "чадахгүй"

Трамп эмэгтэйчүүдийн саналыг авч "чадахгүй"

Хэрвээ Ерөнхийлөгч Дональд Трамп арваннэгдүгээр сард болох сонгуульд дахин сонгогдож чадахгүй бол түүний нэг шалтгаан нь хотын захын эмэгтэйчүүд байж магадгүй гэнэ. Учир нь тэрбээр хотын захад амьдардаг эмэгтэйчүүдийн талаар 1950-1960 оны үеийн хоцрогдсон, ялгаварлан гадуурхсан ойлголттой явдаг төдийгүй тэр бодлоо зөвтгөх гэсэндээ сонин хачин уриалга дэвшүүлж, өөрийгөө улам балласаар байна. Трампад дургүйцсэн олон эмэгтэй сонгогчид түүнийг хоёр нүүртэй, ард иргэдтэй болон цар тахалтай зөв харьцаж, дорвитой арга хэмжээ авч чадаагүй хэмээн үзэж байгаа аж. Гэсэн хэдий ч Трамп зөрүүд зангаа улам илүү харуулсаар, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг буруушаагаад зогсохгүй зөвхөн дэндүү мэдээлэл багатай, хэтэрхий гэнэн хүмүүс итгэхээр үгсээр хууран сүрдүүлж, өөрийг нь дэмжихийг уриалсаар байгаа гэнэ.

Жишээлбэл, Трамп өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Мичиганд илтгэл тавихдаа өөрийнхөө “хотын захын гэрийн эзэгтэй нар” хэмээн тодорхойлсон бүлгийнхэнд хандан “Хэрвээ Жо Байден сонгогдвол түүний мөрийн хөтөлбөрийн дагуу хотын захын уугуул оршин суугчдын хөрш зэргэлдээ цагаачдад зориулсан нийтийн орон сууцны төслүүд хэрэгжих болно. Улмаар хотын захын дүүргүүдэд цагаачидтай холбоотой гэмт хэрэг олширно” хэмээн айдаст автуулахыг оролджээ. Ингэхдээ тэрбээр “Та нар хотын захын том сайхан байшингийнхаа хажууд бага орлоготой цагаачдын нийтийн байр бариулахыг хүсч байна гэж үү, ер нь бол үгүй шүү дээ. Тэгвэл би хотын захыг, хотын захын эмэгтэйчүүдийг аврах гэж байна. Тиймээс та нар намайг сонгох хэрэгтэй” хэмээн ярьжээ. Мөн цааш нь

Байден болон Ардчилсан намынхан Мичиганы захын хорооллуудыг Сири, Сомали, Йеменээс болон маш муу шалгасан жихадист улсуудын цагаачдаар дүүргэх гэж байна хэмээн баримт нотолгоо багатай ухуулга хийжээ.

Үүнээс өмнө ч Трамп эмэгтэйчүүдийг дорд үздэг, тохуурхдаг гэдгээрээ олон жил шүүмжлүүлсээр ирсэн билээ. Жишээлбэл, тэрбээр Мичиган мужийн захирагч Гречен Витмер, 2016 оны өрсөлдөгч Хилари Клинтон, сурвалжлагч Саванна Гутри тэргүүтэй эмэгтэйчүүдтэй олны нүдэн дээр “эвгүй” харьцаж байсан удаатай юм. Трамп өмнө нь Витмерийг цар тахлын нэрийг барьж, мужаа шаардлагагүй үед хөл хорьсон хэмээн буруутган “дарангуйлагч” хэмээн цоллож байсан юм. Улмаар хэт даврагчид Витмерийг хулгайлж, эрх мэдлийг нь булаах төлөвлөгөө боловсруулсан нь илэрснээс хэдхэн хоногийн дараа Трампын дэмжигч олон “Витмерийг өөрийг нь хорь!” Хэмээн уриалах болсон билээ.

Тэгтэл Трамп 10 гаруй хүний оролцсон хуйвалдаан, зэвсэглэл, цаашлаад хүний хулгай, тероризмын шинжтэй хэргийг шийдэж, шударга ёс тогтоохын оронд улс төрийн өрсөлдөгч Клинтон, Байден болон тэдний гэр бүлийг шоронд хорихыг уриалж “Тэднийг бүгдийг нь хорих ёстой” хэмээсэн билээ.  Трамп Витмер өөрийг нь цагаан арьст ялгаварлан гадуурхагч, хэт даврагч бүлгэмийг эсэргүүцээгүй нь бусад хар санаатнуудыг зоригжуулж, өөгшүүлсэн үйлдэл хэмээн мэдэгдсэнд гомдоллож байв. Трамп “Витмер өөрийгөө заналхийлэлд өртсөн бөгөөд тэр нь надаас болсон хэмээж байна. Харин миний хүмүүс түүний хүмүүсийг хамгийн их дэмжиж, хамтран ажилладаг. Юу болохыг харж л байя” хэмээжээ.

Харин Витмер тэр даруй твиттер дээрээ “Трампын хэлсэн үгнүүдээс үзэхэд тэрбээр миний, миний гэр бүлийн төдийгүй засгийн газрын бусад албан тушаалтнуудын амь насанд аюул заналхийлж байна. Харин бид элэг нэгт америкчуудынхаа амь насыг аврахаар ажиллаж байна. Энэ тэнэглэл дуусах ёстой” хэмээн хариу жиргэжээ. Цаашлаад Витмерийн ажилтнууд болон дэмжигчид түүний санааг дэмжиж, ижил утгатай жиргээнүүдийг ар араас нь нийтлэх болжээ.

Жо Байден ч дуугаа хураалгүй өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Детройт хотод болсон арга хэмжээн дээрээ Трампыг цагаан арьст хэт даврагч бүлгэмийнхнийг өмөөрсөн, хүн хулгайлах төлөвлөгөө ил болоод байхад үл тоосон зэрэгт буруутгасан байна. Тэрбээр “Трампад юу тохиодоо вэ? Мужийн захирагч хүний амь насанд халдах төлөвлөгөө ил болчхоод байхад тэр Витмер лүү дайрсаар байна. Энэ бол жигшүүрт хэрэг” хэмээн ярьсан аж.

Трамп мөн NBC агентлагийн сурвалжлагч Гутриг “Харах царайны ууртай, галзуу хүүхэн. Тайвшир гэж хэд ч хэлсэн тоодоггүй” хэмээн ярьж, мөн мэтгэлцээн зохион байгуулсан Цагаан ордны сэтгүүлч Кристен Велкерийг “Эртнээсээ миний мэдэхийн шударга бус эмэгтэй” хэмээн тодорхойлсон билээ.

Сая сая эмэгтэй сонгогчид түүнд дахин боломж олгох эсэхээ эргэцүүлж байгаа энэ үед Трамп яагаад энэ мэтээр эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй таагүй харьцсаар байгаа нь одоо ч ойлгомжгүй хэвээр байна. Сүүлийн үеийн таван ч урьдчилсан санал асуулгаас харахад Жо Байденг эмэгтэйчүүд 25 оноогоор илүү дэмжиж байгаа аж. Харьцуулж үзвэл 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Хилари Клинтон эмэгтэйчүүдээс ердөө 13 онооны санал цуглуулсан юм.

Харин Трамп энэ талаар “Худал, үнэн нь мэдэгдэхгүй элдэв мэдээллээс үзвэл хотын захын эмэгтэйчүүд намайг муухай ярьдаг болохоор надад дургүй байх шиг байна. Гэхдээ надад сайхан байх зав алга. Надад та нарын төлөө хийх маш их ажил байна” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж