Энэ онд Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Солонгост сургууль төгсөгчдийн холбоо (MAGIKO)-ноос БНСУ-ын Элчин сайдын яам, Олон улсын Боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнтэй хамтран “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг энэ сарын 20-ноос 24-ний хооронд зохион байгуулах юм.
Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан оюутан залууст БНСУ-ын шилдэг их, дээд сургуулийн элсэлт, хэлний бэлтгэл, тэтгэлэг зэрэг олон талын мэдээлэл солилцох боломж олгож, мэргэжлээ зөв сонгоход нь туслах ажээ. Тус үзэсгэлэнгийн бүртгэл энэ сарын 8-наас явагдаж эхэлсэн байна.
“Солонгост суралцацгаая” үзэсгэлэнд БНСУ-ын төрийн болон хувийн 50 гаруй их, дээд сургууль оролцож, 200 гаруй мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын хөтөлбөр, танилцуулгаа анх удаа онлайн хэлбэрээр хийх аж.
Оюутан, залуус энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд сонирхсон их, дээд сургуулийнхаа мэргэжилтэнтэй цахимаар харилцаж, 23, 24-ний өдрүүдэд онлайн видео хэлбэрээр өөрийн сонирхож буй сургуулийн багш, мэргэжилтнээс шуурхай зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжтой юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг (studyinkorea.go.kr) сайтаас давхар авч, Солонгост сургууль төгсөгчдийн холбоо фэйсбүүк пэйжээс авч болох нь. Үзэсгэлэнд оролцсон залуучуудад гарын бэлэг гардуулах ажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ