ЭМЯ-наас мэдээлснээр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораториуд өнөөдөр (2020.10.18) нийт 462 сорьцод шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдсөн, COVID-19-ийн батлагдсан тохиолдлын тоо 324 боллоо.
Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалтад шилжсэн байна.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй 12 хүн байгаа бөгөөд тэдний биеийн байдал хөнгөн, таван хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж.
ЭМЯ-ны мэдээллээр, амралтын өдөр яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2465 дуудлага иржээ. Үүнээс 1014 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ, 1451 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Хоногийн мэдээгээр цусны даралт ихсэх 158, хүүхдийн өвчлөл 156, осол гэмтэлтэй холбоотой 187 дуудлага зонхилсон байна.
ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээгээр амралтын өдөр эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 233 дуудлага холбогдож, амбулаторийн цаг захиалжээ. 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллажээ.
Өнгөрсөн Бямба гаригт УГТЭ-ийн амбулатори ажиллаж байгаа бөгөөд нийт 34 хүн тус амбулаториор үйлчлүүлсний ес нь хөдөө орон нутгаас ирсэн байна.
ЭХЭМҮТ-д 20 нярай мэндэлж, ГССҮТ-д осол, гэмтэлд өртсөн 339 хүн үйлчлүүлжээ. Энэ өдөр яаралтай 49, төлөвлөгөөт нэг, нийт 50 мэс засал хийжээ. Төрөлжсөн төв эмнэлгүүдэд нийт 3167 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 192 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлсэн байна.
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэдийг дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар амны хаалтаа зүүн, гараа тогтмол ариутгаж, өөрийгөө болон дотнын хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг ЭМЯ-наас зөвлөв.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ