Тойм: Ипотекийн зээлийн хүү 6 хувь болж, МАН сонгуульд ялсан долоо хоног

Хуучирсан мэдээ: 2020.10.18-нд нийтлэгдсэн

Тойм: Ипотекийн зээлийн хүү 6 хувь болж, МАН сонгуульд ялсан долоо хоног

Тойм: Ипотекийн зээлийн хүү 6 хувь болж, МАН сонгуульд ялсан долоо хоног

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгууль өнгөрсөн Пүрэв гариг (2020.10.15)-т болсон нь энэ долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа. Сонгуулийн үр дүнгээр МАН Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 45 суудлын төлөөх өрсөлдөөнд 75.5 хувийн санал авч ялалт байгуулав. Сонгуулийн Ерөнхий хорооноос танилцуулсан урьдчилсан мэдээгээр, нийслэлийн ИТХ-ын 45 гишүүнээс 34 нь МАН-ын нэр дэвшигч бол АН-аас 8, ХҮН-аас 3 хүн тус тус сонгогджээ. Харин 21 аймгаас 13 аймгийн 185 суманд МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулсан мэдээлэл өгөв.

Энэ долоо хоногт эрх баригч нам ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгоно гэсэн амлалтдаа хүрснийг энэ долоо хоног онцлох үйл явдлын нэгээр нэрлэж байна. Өнгөрсөн Баасан гариг (2020.10.16)-т болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Өнөөдрөөс арилжааны банкууд ипотекийн зээлийг 6 хувийн хүүтэй олгож эхэлж байна” гэж мэдээлсэн юм.

Өрхийн орлого нь нэг сая төгрөгт хүрсэн өрхүүд энэ зээлийг авах нөхцөл бүрдсэн. Одоогийн байдлаар арилжааны банкууд 40 тэрбум, Монголбанк 50 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргажээ. Энэхүү зээлийг 8 хувийн хүүтэй зээл олгоход баримталдаг журмын дагуу олгох юм.

Энэ долоо хоногийн сонсоход таатай мэдээлэл нь Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага ФАТФ Монгол Улсыг Европын холбооны “Саарал жагсаалт”-аас гарах саналыг дэлхийн 100 гаруй орны төлөөлөгчид дэмжсэн талаарх мэдээлэл байв.

Жилийн өмнө тус байгууллага Монгол Улсыг саарал жагсаалтдаа оруулсан. Ирэх долоо хоногт манай улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар фэйсбүүк хуудастаа “Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал онлайнаар сая (2020.10.13) зохион байгуулагдлаа. Хурлын явцыг та бүгдэд хүргэхэд, саяхан ирж ажилласан үнэлгээний багийн гишүүд тайлангаа танилцууллаа.

Үнэлгээний баг Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэвшүүллээ. "Саарал жагсаалт"-аас Монголыг гаргах санал асуухад онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцсэнгүй, бүгд дэмжлээ.

Хэдийгээр эерэг дүн гарна гэдэг хүлээлттэй байсан ч "Саарал жагсаалт"-аас Монгол Улсыг гаргах санал дэмжигдэхийг сонсоод өрөөнд байсан бүх хүн баярлаж байлаа.

Олон хүний хүч, хөдөлмөр шингэсэн ажлын үр дүн гарч байна. Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах энэхүү шийдвэрийг аравдугаар сарын 21-нээс 23-нд ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах л үлдэж байна” хэмээн бичсэн юм.

Өнгөрч буй долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаан болж, зуншлага муу байсан Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймагт өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах тэрбум 960 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Мөн Засгийн газрын нөөц сангаас аймаг дундын отрын бүс нутаг болох Завхан аймгийн Бага хайрхан, Увс аймгийн Ачит нуур, Говьсүмбэр аймгийн Малх, Булган аймгийн Чилэн, Хэнтий аймгийн Хэрлэн-Баян-Улаан, Говь-Алтай аймгийн Аргалант, Ховд аймгийн Баяннуруунд ногоон тэжээл, хивэг нөөцлөхөд шаардлагатай 400 гаруй сая төгрөгийг гаргахаар тогтов.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж