АНУ-ын археологичид Нью Мехико хотын цагаан элстэй үндэсний паркаас сэлмэн соёот бар, чонон сүргээс зугтаж явсан эртний ээж, хүүхэд хоёрын мөрийг олжээ.
Уг олдвор нь 13 мянган жилийн тэртээх хүний мөр аж. Энэ мөр 1.6 км орчим буюу урьд өмнө нь олдож байгаагүй хамгийн урт үргэлжилсэн мөр болон бүртгэгдсэн байна. Түүнчлэн эрдэмтдийн баталж байгаагаар тус олдвор эх, үр хоёрын сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлж байгаагаараа онцлог юм.
Мэргэжилтнүүд дээрх олдворыг шинжиж үзээд эртний эмэгтэй маш яаруу, сандруу, хурдан алхаж, замдаа хоёр настай хүүхдээ нэг тэвэрч, нэг хөтөлж явсныг тогтоосон байна. Судалгаа шинжилгээний ажлыг хариуцан хийсэн АНУ, Их Британийн эрдэмтэд болсон явдлыг “Үртэй хүн бүрийн хамгийн аймшигт хар дарсан зүүд” хэмээн тодорхойлж, хүүхэд нь маш их эцэж, туйлдсан байж болзошгүйг анзаарчээ.
Судалгааны багийн ахлагч Профессор Мэттью Беннет “Үртэй хүн бүр энэ мэдрэмжийг мэднэ. Хүүхэд чинь уйлж, хурдан гэртээ харихыг хүснэ. Хүүхдээ тайвшруулахын тулд тэврээд хурдан алхах ч удалгүй гар ядарч хүүхдээ даахаа больно. Гэвч зогсож болохгүй. Харин дээрх мөрний эзэн ээжийн хувьд гүнцгий шавартай газраар хэд хэдэн өлсгөлөн араатнуудад хөөгдөөд явж байж” хэмээн тайлбарлажээ.
Эмэгтэйн хөлний мөрөөс харахад тэрээр хүүхдийг зорьсон газартаа хүргээд, эргэж ганцаараа ирсэн бололтой байна. мөн эргэн тойронд нь олон тооны сүүн тэжээлт амьтдын мөр олдсон нь түүнийг нэг төрлийн мал аж ахуй эрхэлдэг байсан баж магадгүй гэж бодоход хүргэж байгаа юм.
Хөлийн мөрний хэмжээ харьцангуй жижиг байгаа тул эрдэмтэд мөрний эзнийг эмэгтэй хүн гэж таамаглаж байгаа ч насанд хүрээгүй эрэгтэй хүн хүүхдийг ээжид нь хүргэж өгөөд буцсан мөр байж ч болзошгүй гэнэ. Мөн мөрний гүн зэргээс үзвэл тухайн эртний хүн 1.7 метр секунд хурдтай алхаж байжээ. Харьцуулж үзвэл хүн энгийн гадаргуу дээр тайван алхахдаа 1.2-1.5 метр секунд хурдтай байдаг аж. Түүнээс гадна зарим газарт ойролцоогоор хоёр настай жаахан хүүхдийн мөр гарч ирж, зарим газарт алга болохын зэрэгцээ арай том мөрний гүн өөр өөр байгаагаас үзвэл эртний эмэгтэй зарим газарт хүүхдээ хөтөлж, зарим газарт тэвэрч, тэгэхдээ хоёр ташаан дээрээ ээлжлэн тавьж, заримдаа амарч явжээ.
Эх сурвалж: TELEGRAPH
Холбоотой мэдээ