NEWS агентлаг өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.
"Төрийн бодлого эдийн засгийн биш улс төрийн хонжоо харж байна"
Эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Төсөвт орлогоо үргэлж өндөр тооцдог. Дахиад л 42 сая тонн нүүрс экспортлохоор төсвийн төсөлд тусгасан. Үүндээ хүрч чадахгүй гэсэн болгоомжлол байгаа л даа. Та ямар төсөөлөлтэй байна вэ?
-Дээр яриандаа би төсвийн орлогыг яг 2020 оны түвшинд төлөвлөсөн гэдгийг дурдсан. Үүнээс 3 их наяд гаруйг уул уурхайн салбараас олно гэж төлөвлөсөн байна. Үүний гол нь нүүрсний орлого байх нь тодорхой. Бид түүхэндээ 42 сая тонн нүүрс экспортолж байгаагүй. Үүний тулд дэд бүтэц, гадаад харилцааны хүрээнд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай. Төсвийн сүүлийн 2 жилд хил, гаалийн хүчин чадал, нэвтрэх чадварыг дээшлүүлэх талаар ажиллахаар заагаад байгаа нь үүнд бас их хамааралтай. Гол хүчин зүйлсийг шийдвэрлэж чадвал бас мөрөөдлийн тоо биш.
2020 онд экспорт ихээхэн буурсан боловч сүүлийн хагаст нэлээд хэмжээгээр нөхөх хандлагатай байна. Сүүлийн 2 сарын нүүрсний экспорт түүхэнд дээд хэмжээг эвдээд байна. Энэ нь жишээ нь цар тахлын үеийн дараа хэрэгжүүлж эхэлсэн “Ногоон гарц” түр журамтай холбоотой юм. Гэх мэтчилэн бид ихээхэн зөв хүчин чармайлт, хөрөнгө оруулалтыг хийж чадаж байж л хэрэгжих асуудал. Гэхдээ энэ хэмжээнд хүрэх магадлал тун бага гэдгийг ойлгох хэрэгтэй.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
"Монгол Улс дефолт болох нь цаг хугацааны асуудал"
Эдийн засгийн ухааны доктор (PhD) Раднаасэдийн Даваадоржтой ярилцлаа.
-Жилээс жилд өр нэмэгдээд байна. Манай улс дефолт болоход ойрхон байна гэсэн үг үү?
-Дефолт болоход туйлын ойрхон ирсэн. Хэзээ вэ гэдэг нь цаг хугацааны асуудал. Дефолттой холбоотойгоор Грек улсын жишээ татъя. 2009 онд Грекийн гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 113 хувьтай тэнцсэнээр "Өрийн хямрал" эхэлсэн түүхтэй. 2015 онд ОУВС-гийн 1,5 тэрбум еврогийн зээлээ төлөх боломжгүй болсноо зарлах үед ажилгүйдлийн түвшин туйлдаа хүрч, нийгмийн амьдралд үймээн самуун даамжирч, улс орныг удирдах эрх мэдлийн тодорхой хэсгийг гадаадын зээлдүүлэгчдийн эрх мэдэлд шилжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн шүү дээ. Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллагууд Грек улсын бондын зэрэглэлийг хөрөнгө оруулагчдын хувьд асар өндөр эрсдэлтэй ССС болгож бууруулсан. Ийм бондыг “хог” гэж нэрлэх бөгөөд огт борлогддоггүй. Ер нь хөрөнгө оруулагчдын хувьд анхаардаг сөрөг хүчин зүйлийн тоонд эдийн засгийн хүндрэлээс шалтгаалсан нийгмийн хурцадмал байдал ордог. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал туйлын хүнд болчихлоо. 2020 оны хоёрдугаар улирлын хамгийн сүүлийн мэдээгээр, манай эдийн засаг 9.7 хувиар агшилттай явж байна. Энэ бол сүүлийн 30 жилд байгаагүй агшилт. Валютын ханшаа дөрвөн жилийн хугацаанд 40 хувиар алдчихлаа. Өрийн асуудал ДНБ-ий 230 гаруй хувьд хүрчихлээ. Эдийн засгийн макро үзүүлэлтүүд ийм хүнд байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
"Монгол Улс нэр хүндээ өсгөх түүхэн боломжийг алдаж байна"
“Цэнхэр сүлд” ТББ-ын Гүйцэтгэх захирал, доктор Жаргалсайханы Энхсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед гадаад орчинд “Зөөлөн хүчний бодлого”-ын талаар нэлээн өргөн хүрээнд ярих боллоо. Хоёулаа энэ сэдвээр ярилцлагаа эхлүүлэх үү?
-За тэгье. “Зөөлөн хүчний бодлого” гэдэг XXI зуунд аргагүй гарч ирж байгаа юм. Урд өмнө нь түүний илрэл байдаг л байсан. “Зөөлөн хүчний бодлого” гэхээр Хятад Күнзийнхээ бодлогыг сурталчилдаг байсныг хэлж болох юм. Өвөг дээдсээ хүндэлж, том хүний үгнээс гарч болохгүй, сургаалийг нь дагах ёстой гэдэг ч юм уу. Тийм сургаалийг Хятадад төдийгүй мөн Азийн олон улс оронд дагаж мөрдөж ирсэн бөгөөд зан заншил нь ч болж хувирсан. XX зууны хоёрдугаар хагаст АНУ дэлхийн II дайны дараа гарч ирээд, үзэл суртлын тэмцэлдээ “Зөөлөн хүчний бодлого”-ыг өргөнөөр ашиглах болсон. Холливудээс авахуулаад олон арга хэлбэрээр хүмүүсийг өөртөө татах болсон. Жижиг улсын хувьд тийм боломж бараг гардаггүй байсан. Өнөөдөр тэд техникийн дэвшил, даяарчлал, газар зүйн байршил, байгалийн баялгийнхаа ачаар өөрсдийн байгааг мэдэгдэх боломжтой болж байна. Тэгэхдээ бололцооныхоо хэмжээгээр өөрсдийгөө эергээр харуулахыг боддог. Түүнийг өнөөдөр “Зөөлөн хүчний бодлого” гэж яриад байгаа юм. Улс орны хүчин чадлыг юуны өмнө эдийн засаг, улс төрийн нөлөө, холбоотонтой эсэх, бусдад зээл тусламж үзүүлэх бодит боломж, бололцоо байгаа гэдгээр хэмждэг байлаа. Тэгвэл сүүлийн үед улс орны “Зөөлөн хүчний бодлого” ч мөн чухал хүчин зүйл гэж тооцогддог болсон.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Н.Наагий: Би муу уран бүтээл хийхийг хүсдэггүй
Дуучин Н.Наагийтай сүүлийн үеийн уран бүтээл, хөл хорио, удахгүй болох тоглолтынх нь талаар хэдэн хором ярилцлаа.
-Энэ удаа бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөсөн. Гэхдээ яагаад тоглолтын зар түгээсэнгүй вэ. Реклам, сурталчилгаа ч хийсэнгүй?
-Энэ удаагийн тоглолтоо маш цөөн хүнд зориулж хийхээр төлөвлөсөн. Ердөө мянган хүнд зориулсан тоглолт. 2020 оныг нам жим өнгөрөөчихөөр маш хайран санагдаад байна. Миний тоглолтыг нам суугаад үзэх биш үзэгчид маань өөрийнхөөрөө, чөлөөтэй байж хамт дуулж, бүжиглээсэй гэж хүссэн. Намайг, миний дууг чин сэтгэлээсээ сонсдог үзэгчидтэйгээ нэг үдэш гоё хөгжмөөр байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"Нүд минь харж, гар чичрээгүй цагт зургаа зурсаар байх болно"
Монголын дүрслэх урлагийн салбарт одоо амьд сэрүүн, бүтээлээ туурвиж буй хоёрхон Ардын зураач үлдээд буй. Тэдний нэг Монгол, Франц улсын Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Бадамжавын Чогсомтой ярилцлаа.
-Монголын уран зургийн галерейгаас таны 90 насны ойд зориулсан хүндэтгэлийн үзэсгэлэнг нээж байна. “Зуу наслаж, зургаадай таяг тулаарай” гэж ерөөе. Танд баяр хүргэе?
-Би энэ жил 90 насыг шувтарч, хуучнаар 91 настай болж байна. Сайхан нь юу байх вэ дээ. Хөгширч л байна (инээв). Хамгийн гол нь нүд минь харж, гар чичрээгүй, тархи хэвийн ажиллаж байна. Миний хувьд хийж дуусаагүй зүйл асар их. Тэр болгоныг хийх л хэрэгтэй. Би зургаа зурахаараа чадалтай болдог. Зураг зурахгүй болчихоороо улам ядраад байдаг хүн дээ. Хөдөлмөр хүнийг бий болгодог гэдэг л энэ байх.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Холбоотой мэдээ