Сансрын биетүүдийг ажигладаг мэргэжилтнүүд энэ долоо хоногт нэг нэгэндээ улам дөхсөөр буй хоёр хаягдлыг анзаарчээ. Тус хоёр хаягдлын нэг нь ЗХУ-ын үед ашиглаж байсан хиймэл дагуул, нөгөөх нь БНХАУ-ын пуужингийн үлдэгдэл гэнэ. Мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар эл хоёр сансрын хаягдал өнөөдөр/2020.10.16/хоорондоо маш ойрхон зөрөх, эсвэл бүр мөргөлдөж ч магадгүй байжээ.
Хаягдлууд хоорондоо мөргөлдөх эсэхэд хэн ч баттай хариулт өгч чадахгүй байсан ч Калифорнид байрладаг, сансар ажиглагч ЛеоЛаб компани "хаягдлууд мөргөлдөх аюулыг 10 хувь" хэмээн тооцоолжээ. Энэ нь дээрх нөхцөл байдлын хувьд харьцангуй өндөр магадлал юм.
“Бид нэг долоо хоногт хэд хэдэн удаа сансарт хуучин пуужин, хиймэл дагуулын сэгүүд хоорондоо ойрхон 100 метрээс холгүй зайнд зөрж өнгөрөхийг хардаг. Гэхдээ энэ удаад хаягдлууд маш том хэмжээтэй учир онцгой анхаарал хандуулж, сэрэмжлэх хэрэгтэй. Хэрвээ хаягдлууд мөргөлдвөл эргэн тойрондоо асар их төмрийн хаягдал цацах, улмаар бусад ашиглагдаж буй хиймэл дагуулуудыг гэмтээх аюултай” хэмээн ЛеоЛабын гүйцэтгэх захирал Даньел Кеперли хэлжээ.
Харин өнөөдөр/2020.10.16/ өглөө 08:56 цагт дээрх компанийн мэдээлснээр хоёр хаягдал хоорондоо 8-43 метр зайтай зөржээ. Дээр дурдсан ЗХУ-ын хиймэл дагуулыг 1989 онд байршил тогтоох технологийн зориулалтаар хөөргөж байсан бөгөөд жин нь нэг тонн орчим, 17 метр урттай гэнэ. Харин БНХАУ-ын пуужингийн үлдэгдэл гэдэг нь 2009 онд хөөргөсөн пуужингийн тийрэлтэт хөдөлгүүр бөгөөд 6 метр орчим урттай аж.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ