"Автобус нэг бүрийн үнэ 130 мянган ам.доллар биш"

Хуучирсан мэдээ: 2020.10.16-нд нийтлэгдсэн

"Автобус нэг бүрийн үнэ 130 мянган ам.доллар биш"

"Автобус нэг бүрийн үнэ 130 мянган ам.доллар биш"

Нийслэлийн удирдлагууд автомашины түгжрэлийг бууруулахын тулд 2019 оны арваннэгдүгээр сарын 15-аас эхлэн ерөнхий боловсролын 29 сургуулийн 35 чиглэлд сургуулийн 40 автобус үйлчилгээнд гаргасан.  Мөн аравдугаар сарын 13-нд Сүхбаатарын талбайд таван ширхэг автобус байршуулж, сургуулийн автобустай болсноо ёслол төгөлдөр зарласан.

Уг шар өнгийн автобус нь “Донфен” үйлдвэрийн 52 хүүхдийн суудалтай, дизель хөдөлгүүртэй гэх бөгөөд нэг бүрийн үнэ нь 130 мянга орчим ам.доллар хэмээн Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх мэдээлсэн. Гэвч  дэлхийн стандартад нийцсэн сургуулийн  автобустай  болсон мэдээллийн араас хотын удирдлагууд хүүхдийн автобусаар мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэл цацагдаж, шүүмжлэл дагуулсан юм.

Учир нь, Хятадын “Алибаба” онлайн худалдааны сайтад уг автобус нь 43-45 мянган ам.долларын үнэтэй байжээ. Тиймээс автобус тус бүрийн үнийн зөрүү болох 85 мянга гаруй ам.доллар, нийтдээ таван автобусны 425 мянган ам.долларыг юунд зарцуулсан бэ гэх асуулт урган гарч байгаа юм.

Сурагчдын автобусны зориулалт, чанар, хүртээмжийн талаар ам уралдан ярьж байсан албаны хүмүүсээс үнэ өртгийнх нь талаар асуухаар холбогдтол  “Манайх хариуцахгүй, мэдэхгүй” хэмээн бие бие рүүгээ чихэв. 

“Улаанбаатар хотын  хөгжлийн корпораци” ХК нь өнгөрсөн тавдугаар сард сургуулийн  автобус оруулж ирэх компаниудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ. Ингэхдээ Монголд заавал албан ёсны төлөөлөгчтэй компани байх бөгөөд хүүхдийн автобусны  арчилгаа, засвар үйлчилгээг бүрэн хариуцна гэх үндсэн шаардлага тавьсан байна. Тендерт нийт дөрвөн компани материалаа ирүүлжээ. 

Эцсийн байдлаар “Монгол хьюндай автомотив” ХХК болон “Моннис интернэшнл” ХХК үлдсэн бөгөөд “Моннис интернэшнл” ХХК нь үнийн хувьд хамгийн боломжит хувилбарыг санал болгож, үйлдвэрлэгч талаас гарсан бүх асуудлыг бүрэн хариуцна гэсэн учраас тендерт шалгарсан гэнэ.

Улмаар долдугаар сарын 2-ны өдөр урт хугацааны буюу гурван жилийн гэрээ байгуулж, эхний ээлжийн таван ширхэг сургуулийн автобусыг оруулж иржээ. Удахгүй  энэ ондоо багтаад 70 ширхэг автобус нэмж оруулж ирэх юм байна. Үргэлжлүүлээд 2021 онд орж ирэх 200 сургуулийн автобусыг “Моннис интернэшнл” ХХК бүрэн хариуцах ажээ.  

АВТОБУС НЭГ БҮРИЙН НЬ ҮНЭ НЬ 130 МЯНГАН АМ.ДОЛЛАР БИШ

“Улаанбаатар хотын  хөгжлийн корпораци” ХК-ийн төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын захирал Л.БАТХУЯГ:

-Хятадын онлайн худалдааны "Алибаба” сайтад байгаа автобусны зураг болон энэ сарын 13-нд орж ирсэн сургуулийн автобусны хооронд асар их ялгаа бий. Тухайлбал, үйлдвэрлэсэн он, төрөл, чанар нь тэс өөр. Автобус үйлдвэрлэсэн нь “Донфен” нь “Ниссан мотор" корпорацийн Хятад дахь үйлдэрлэгч  бөгөөд сургуулийн автобус нь дотроо A ,B ,C ,D гэсэн зэрэглэлтэй байдаг. Бидний оруулж ирсэн сургуулийн автобус нь С зэрэглэлийх бол зураг дээрх харьцуулсан автобус нь B зэрэглэл юм. С зэрэглэл нь илүү өндөр үнэтэй гэсэн үг. БНХАУ-аас оруулж ирсэн дээрх таван сургуулийн автобусыг Монгол Улсын стандарт, цаг уурын эрс тэс уур амьсгал болон замын нөхцөл байдалд зохицуулж 29 төрлийн нэмэлт тоноглол өөрчлөлтийг хийсэн. Багтаамж болон тоноглолын хувьд ч хоёр өөр. Хамгийн гол нь автобус нэг бүрийн нь үнэ нь 130 мянган ам.доллар биш. Хаанаас ийм тоо гараад ирснийг бид мэдэхгүй байна. Ямартай ч 130 мянган ам.доллараас хамаагүй хямд үнэтэй. Ойролцоо үнийн дүнг хэлэх боломжгүй гэдгийг ойлгоорой. Учир нь, гэрээ дүгнэж дуусаагүй байна. Хоёрдугаарт, урт хугацааны гэрээ учраас яваандаа ханшийн эрсдлээс шалтгаалж үнэд өөрчлөлтүүд орно.

ХЯМД ҮНЭТЭЙ АВТОБУС НЬ БНХАУ-ЫН СТАНДАРТААР ҮЙЛДВЭРЛЭГДСЭН, БАГА НАСНЫ ХҮҮХЭД ТЭЭВЭРЛЭХ ЗОРИУЛАЛТТАЙ

Бид сургуулийн автобусны төрөл, ангиллын талаар "Моннис интернэшнл” ХХК-аас тодруулга авах гэсэн боловч “Хэтэрхий улстөржсөн мэдээлэл яваад байгаа учраас яриа  өгөх боломжгүй” гэсэн хариуг өглөө. "Моннис интернэшнл" компани энэ асуудлаар албан ёсны мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд “Хүүхдийн сургуулийн автобус нь тээвэрлэж байгаа хүүхдийн наснаас хамааран A, B, C, D гэсэн зэрэглэлтэй байдаг. Олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй хямд үнэтэй автобус нь БНХАУ-ын стандартаар үйлдвэрлэгдсэн, бага насны хүүхэд тээвэрлэх зориулалт бүхий  B ангиллын автобус юм. Монголд оруулж ирсэн таван ширхэг автобусыг Монгол Улсын цаг уурын нөхцөл, түлшний стандарттай уялдуулан Евро 3 зэрэглэлийн хөдөлгүүр, сайжруулсан хурдны хайрцаг, нэмэлт дулаалга, аюулгүй байдлыг хангасан видео камер гэх мэт есөн чухал техникийн сайжруулалт, Монгол Улсын стандартад нийцүүлэх 11 өөрчлөлт, дизайны есөн сайжруулалт зэрэг 29 төрлийн нэмэлт тоноглол хийсэн. Олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй 130 мянган ам.долларын үнэтэй гэх мэдээлэл нь үндэслэлгүй.  Мөн эдгээр автобусыг ханган нийлүүлэх гурван жилийн хугацаатай гэрээ нь Монгол Улсын хуулийн дагуу үндэсний мөнгөн тэмдэгтээр хийгдсэн бөгөөд ханшийн өндөр хэлбэлзэлтэй энэ цаг үед ханган нийлүүлэгч компанийн ханшийн эрсдлийг бүрэн дааж  байгаагаараа онцлогтой юм” гэжээ.

Энэ сарын 13-нд орж ирсэн сургуулийн таван ширхэг автобус нь өнөөдрийн байдлаар “Зорчигч тээвэр гурав” компанийн хашаанд байгаа юм. Одоогоор нийслэлийн аль сургуульд хуваарилах нь тодорхойгүй байна.

Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Амарсайханаас сэтгүүлчид өнөөдөр өндөр үнэтэй сургуулийн автобусыг яагаад худалдаж авах болов гэдгийг тодруулсан юм. Тэрбээр "Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг сааруулах зорилгоор сургуулийн автобус худалдаж авахад зориулж нийслэлийн төсөвт энэ онд 20 тэрбум төгрөг төсөвт суулгасан байсан. Энэхүү 20 тэрбумаар сургуулийн 75 автобус худалдаж авна гэдэг мэдээллийг өгсөн. Өчигдөр би хотынхноос тодруулахад 130 мянган ам.доллараар сургуулийн автобус худалдаж авсан асуудал байхгүй гэсэн" гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж