"Бизнесээ эхлүүлэхдээ сошиалыг ашигласан”

Хуучирсан мэдээ: 2020.10.16-нд нийтлэгдсэн

"Бизнесээ эхлүүлэхдээ сошиалыг ашигласан”

“Гоонь эрчүүдийн хуушуур” нэрээр олонд танигдсан, үеэл ах дүү гурвын цайны газрын үйл ажиллагааг сурвалжиллаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Гоонь эрчүүдийн хуушуур” цайны газрыг зогсоосон тухай мэдээлэл цацагдсан ч тэд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Батлан хамгаалахын их сургуулийн замын эсрэг талд байрлах тоосгон байшинд шилжиж, ажлаа үргэлжлүүлж байлаа.

“Хүйтний улирал эхлээд хүргэлтээр халуун хуушуурын захиалга авч чадахгүй болсон. Өнөөдөр мах дуусаад цайны газраа эрт хаасан ч хүмүүс хаалга тогшоод ажиллаж байгаа юу гээд амраадаггүй шүү” хэмээн Ц.Маргад-Эрдэнэ угтав. Тэрбээр цайны газар маань хотын төвд ч захад байсан ч үйлчлүүлэгч тасрахгүй байна гэв.

"ЗОРИОД ИРСЭН ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛИЙГ Ч ДҮҮРГЭХ АВЬЯАС БИДЭНД БИЙ"

Хэрэглэгч бол хаан гэдэг үг жинхэнэ утгаараа энэ цайны газарт биелдэг болохыг үйлчлүүлэгчдийн олон нийтийн сүлжээнд бичсэн сэтгэгдлээс харж болно. “Телевизээр танай цайны газрыг үзээд хуушуур амтлахаар ирлээ. Гоонь эрчүүд нь хаана байна. Алив ямар хуушуур болохоор хэвлэлүүд рекламдаад байдаг юм” гэсээр тус цайны газрыг мэдэхгүй нь сонирхож, мэддэг нь тухлан үйлчлүүлэхээр ирдэг байна. Үдээс хойш ачаалал их байдаг ч сонгуулийн өдөр хүн багатай байгаа аж. Мөн нэг өдрийн дотор 2000-3000 хуушуур хийдэг ч ашиг олохыг төдийлөн чухалчилдаггүй болохыг Ц.Маргад-Эрдэнэ онцоллоо. Тэр бизнесийн сонирхолтой санаагаараа олон хүнд аз жаргал түгээхийг зорьж ажиллаж, түүнээсээ кайф авдаг нэгэн хэмээн өөрийгөө тодорхойлов.

-Танай хуушуурын газрыг хаасан тухай мэдээлэл гарсан.  Одоо харин ажиллаж байна?.

-Энэ үйл явдал 21 хоногийн өмнө болсон. Харин хэвлэлээр уржигдраас цацагдаж байгаа харагдсан. Үйл ажиллагаа явуулж байсан МУИС-ийн дэргэдэх газар нь нийтийн хоолны үйлдвэр, үйлчилгээ явуулах зөвшөөрөлгүй байсан. Гэхдээ түрээслэгч маань ажиллаж байхдаа зөвшөөрөл авч болно гэж хэлсэн. Бид ч  болох юм байна гэж бодоод цайны газрынхаа үйл ажиллагааг эрхэлж эхэлсэн л дээ. Гэтэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт иргэний гаргасан гомдлын дагуу цайны газрыг маань хаасан. Ингээд л бид одоо байгаа энэ байршлыг сонгож, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна. Бидэнд энэ үйл явдал цаашид олон салбар байгуулах хэрэгтэй юм байна гэсэн төлөвлөгөөтэй болгосон.

– Хоолны газрыг ажиллуулахад эрэгтэй хүний хувьд чимхлүүр, хэцүү санагддаг зүйл юу вэ. Шантрах үе тохиолдвол юунаас урам авч ажлаа үргэлжлүүлдэг вэ?

-Шантрах асуудал бишгүй гарна. Миний хувьд энэ цайны газраа хөл дээр нь босгохын тулд өөрийнхөө байрыг 18 сая төгрөгөөр барьцаанд тавьсан. Анх энэ оны тавдугаар сард   гурван гоонь залуу “толгойлогч”-той, хоёр салбартаа 10 гаруй хүн авч, үүд хаалгаа нээсэн бол одоо төв салбартаа дөрвөн хүүхэдтэй дахин нэг ааваар бүл нэмж, долоон хүнтэй ажиллаж байгаа. Эрчүүдийг нэгтгэж, хоол хүнсээ сонгоход аль болох эрүүл, эко хүнсний бүтээгдэхүүнийг шилж авахад гар бие оролцдог байнгын туслагч маань төрсөн эгч юм. Хэрэв эгч маань байгаагүй бол эдгээр залуучууд нэгдээд ийм сайхан газрыг нээх эсэх нь эргэлзээтэй гэж боддог. Тэр дундаа хүмүүст эрүүл бүтээгдэхүүнээр хоол хийж өгөх нь бидний эрхэм зорилго. Тиймдээ ч хуушуураа транс агуулаагүй, цэвэр эрдэнэшишийн тосонд хайрдаг. Байнга дэмждэг эгчийхээ үгийг сайн сонсдог.

Нийтийн сонирхлыг татахын тулд цахим хуудастаа тэмээн тавхай, булдруу, туучий, турсага минь гэсэн дөрвөн  үгийг хөгжилтэй болгох хэлбэрээр ихэвчлэн ашигладаг.

ГУРВАН САРЫН ХУГАЦААНД 77 МЯНГАН ШИРХЭГ ХУУШУУР ХИЙСЭН

-Таны хувьд сошиал маркетинг маш сайн хийдэг санагдсан. Үйлчлүүлэгчээ татах нууц тактик бий юу?

-Миний хувьд анх цайны газартаа сонирхолтой, хөгжилтэй нэр өгч хүн бүхэнд үйлчилгээгээ таниулахыг хүссэн. Гоонь эрчүүдийн хуушуурыг маань хүмүүс андахгүй мэддэг болгохын тулд сошиалаар маркетингаа сайн хийх нь чухал санагддаг. Тиймээс тэмээн тавхай, булдруу, туучий, турсага минь гэсэн дөрвөн үгийг цахим сурталчилгаандаа заавал ашигладаг. Хүн хийх гэж оролдсон, идэж үзсэн, нүдээр харсан зүйлсээ мартдаггүй учир цайны газрынхаа орчныг хүртэл бид сошиалд байршсан “Гоонь эрчүүдийн хуушуур”-тай холбоотой мэдээллүүдийг татаж авч, хэвлээд, жаазлаад ханандаа байршуулсан. Энэ нь үйлчлүүлэгчдэд маань таатай орчныг бүрдүүлж байгаа санагддаг.

Маркетингийн мэргэжил эзэмшээгүй ч гүйлгээ ухаан, хурдан сэтгэх, биеэ авч явах чадварыг аав минь бага байхаас олгосон учир хүүдээ ч амьдралын олон янз байдалд хүн шиг хүн байхыг сургахыг хичээдэг.

-Та хүүдээ юуг үлгэрлэхийг хичээдэг вэ?

-Би хүүгээ заавал эрдэмтэй, сайхан ажил төрөлтэй хүн болоосой гэж хүсдэггүй. Миний хувьд наймдугаар ангийн боловсролтой, дээд сургуульд суралцаагүй эр хүн. Гэхдээ би өнөөдөр амьдарч байгаа энэ амьдралдаа сэтгэл хангалуун байгаа нь хамгийн чухал. Миний хүү ч бас амьдралын олон янз байдалд нугардаггүй эр хүн байж, хатуужилтай, хүмүүжилтэй, бусдыг хүндэлдэг хүн болгохыг өөрөөрөө үлгэрлэхийг хичээдэг.

Амттай хуушуур хийхээс гадна чөлөөт цагаараа юу хийдэг талаар сонирхуулбал.

-1997 онд дрифтийн тамирчин байлаа. Түүнээс хойш олон зүйл миний амьдралд тохиолдсон. Хоёр жил БНСУ-д ажиллаж, амьдарч байгаад ирэхдээ тус улсын явуулын зоогийн газраас хоолны салбарт ханцуй шамлан орох санаа маань төрсөн.  Гэсэн ч машин техник засах, биеийн тамираар хичээллэх сонирхол маань хобби хэвээрээ л байгаа. Хүн хэзээд өөрийгөө хөгжүүлэх ёстой. Байнгын нэг цутгасан хэв маягтай байвал уйтгартай шүү дээ.

– Үйлчлүүлэгчээсээ урмын үг сонсоход ямар мэдрэмж төрдөг вэ?

-Хамгийн гоё мэдрэмж урмын үг сонсох. Өнөөдөр мах дууссан учир цайны газраа эрт хаалаа гээд цахим хуудсандаа бичихэд үйлчлүүлэгчид маань миний өмнөөс бидэнд санаа тавьж байгаа сэтгэгдлүүдийг уншаад маш хөөрхөн санагдах жишээний. Үйлчлүүлэгч бол бидний ажлыг дүгнэдэг гол хүмүүс.

Бизнесийн болоод хувийн амьдралын цаашдын зорилго маань аавуудыг нийгэмд эерэгээр хүлээн зөвшөөрүүлэх. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл ажиллахдаа ашгийг бус тусыг чухалчилж ажилласан. Зуны гурван сарын хугацаанд 77 мянган хуушуур хийж 70 гаруй сая төгрөгийн орлого олсон. Үүний тал хувь нь урсгал зардалд зарцуулагдсан. Харин үлдсэн ашгийнхаа тодорхой хувийг ганц бие аавуудаа дэмжиж, гэр оронтой болгох, хамтран ажиллахад зарцуулсан байгаа. Энэ бол бизнес маань хүрээгээ тэлж байгаа нэг хэлбэр яахын аргагүй мөн. Хүн урмаар хэзээд дутаж явдаг хэмээн ярих цоглог, эрч хүчтэй яриатай Ц.Маргад-Эрдэнийн бизнесийн үйл ажиллагаа өргөжиж, хамт олон, үйлчлүүлэгчдийнхээ халуун дэмээр урамшин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа онцолмоор байна.

С. УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж