БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ долоо хоногт Шенженд очиж, Хятадын анхны эдийн засгийн онцгой бүсийг хөгжүүлэх, шинэ түвшинд хүргэх талаар илтгэл тавьж байхдаа олон удаа ханиалгажээ.
Хэдийгээр Ши Жиньпиний эрүүл мэндийн талаар элдэв таамаг, цуурхалууд БНХАУ-ын хатуу хяналттай нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллээр тархаагүй ч Бээжинг шүүмжлэгчид боломжийг алдсангүй. Хонгконгод төвтэй, БНХАУ-ын Коммунист намыг эсэргүүцэгч сонин дээр “Ши Жиньпин Шенженд зогсолтгүй ханиасаар байв” хэмээх гарчигтай нийтлэл гарсан байна. Тус нийтлэлд“Ши Жиньпин 50 минутын илтгэл тавихдаа сүүлийн хагаст нь ус ууж, тасралтгүй ханиалгасаар байгаад таарлаа. Хэдийгээр CCTV-гийн шууд дамжуулсан нэвтрүүлэг дээр Ши Жиньпинийг ярихаа болих бүрд зураглаач камераа эргүүлж, ирсэн зочдыг харуулж байсан ч Ши Жиньпиний ус ууж, ханиалгаж байгаа нь тод сонсогдсон” хэмээн бичжээ.
Түүнээс гадна олон жилийн турш Бээжингийн дарамт шахалтад байсаар ирсэн Фалун Гон шашны бүлгэмтэй холбоотой Ипоч Таймс агентлаг “Шенженд яваа Ши Жиньпин халдвар авсан уу?” гэх гарчигтай бичлэг нийтэлсэн бол Тайваны зарим хэвлэлүүд ч гэсэн Ши Жиньпиний зогсолтгүй ханиалгаж байсныг онцолж бичиж эхэлсэн байна.
Ши Жиньпин ханиалгасан нь өөр шалтгаантай байж болох аж. Тэрбээр бүтэн цаг гаруй тасралтгүй ярьсан учир хоолой нь хатсан байж болох бөгөөд БНХАУ-ын ихэнх барилгууд хэт их агаар шүүгч хэрэглэдэг учир хуурай агаартай байдаг. Мөн өнгөрсөн долоо хоногт тус улсад цар тахлын шинэ тохиолдол 100 хүрэхгүй бүртгэгдсэн аж. Тиймээс Ши Жиньпинийг халдвар авсан хэмээн дүгнэх аргагүй гэнэ.
Гэвч зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар БНХАУ Ши Жиньпин тэргүүтэй удирдагчдынхаа эрүүл мэндийн байдалтай холбоотой мэдээллийг олон нийтээс нууцалдаг нь түүнийг халдвар аваад удаж байж магадгүй гэх эргэлзээ төрүүлэх нэг шалтгаан болж буй аж.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ